НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Ганбат: Валютын ханш 1750 хүрэхэд АН руу салаавч гаргадаг байлаа
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хүнд хэцүү цагт мөнгөний бодлого маш чухал. Онцгой анхаарах ёстой. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хэрэгжээгүй үлдсэн хөтөлбөр бий юу. Сүүлийн жилүүдэд гадаад валютын нөөц хурдтай буурч байна. Одоо ямар шатандаа явж байна. Ирэх жилүүдэд ямархуу төсөөлөлтэй байна. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд барилаа. Цаашид яах вэ. Инфляци 9.9 хувь хүрч өслөө. Энэ бол худлаа тоо байх. Инфляци иргэдэд хүнд тусч байна. Монголбанк хараат бус ажиллаж чадаж байна уу? Сүүлийн үед АТМ шиг ажиллаж байна. Валютын ханш 2850 болж өслөө. Ардчилсан намын үед валютын ханш 1750 хүрэхэд салаавч гаргадаг байсан. Гэтэл тэр үед салаавч гаргаж байсан хүмүүс койн гаргаад явж байна" хэмээн шүүмжлэлийг дайсан юм.
Хариуд нь "Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг 2017-2019 онд хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр 80-90 хувьтай хэрэгжсэн гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Багахан асуудал үлдсэн нь банкны салбарт 2017 онд Банкны системийн активын чанарын үнэлгээг хийлгэсэн. Үр дүнд нь хэсэг банкинд өөрийн хөрөнгө нэмэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэ дагуу тухайн банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байсан. 2019 онд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй нэг банк (Капитал)-ийг татан буулгаж байсан. Бусад банкны тухайд тодорхой хэмжээний өөрийн хөрөнгөтэй. Үүнд нягтлан магадлах ажлыг хийж байсан. Өнөөдрийг хүртэл зарим банк хангаж чадаагүй, боломж олгож байна. Банкны системийн хөтөлбөрийг хэрэгжүүлж шинэчлэлт хөгжүүлэлт хийж, ирэх оноос хөрөнгийн бирж дээр хувьцаат компани хэлбэрт шилжиж байна. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар валютын нөөц дөрөв тэрбум орчим байна. Энэ нь манай улсын импортын 7.8 орчим хувь, сарын хэрэгцээг хангахаар нөөц. Энэ нь хангалттай боломжийн хэмжээнд гэж харж байна. Хилийн гацаанаас үүдэн орлого тасарч, өсч байсан нөөц зогсонги байдалд орсон. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хадгалахаар шийдвэрлэсэн. Дараагийн хурал арванхоёрдугаар сард болно. Хэрэв инфляци тогтвортой байвал бодлогын хүүг энэ түвшинд хадгална гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 9.6 хувьтай байна" гэдгийг Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцоллоо.