НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Амарсайхан: Хийн хоолойг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчилна
ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монголын хэсэг дээрх барилгын төслийн техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлын явцын талаар хэлэлцлээ.
Байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр, засгийн түвшинд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа учраас төслийн ажил цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйг талууд онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараагийн шатны ажлууд хэрэгжиж эхэлснийг “Газпром” НХН-ийн удирдлага дурдаад, цаашид тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний квотыг тогтоох, мөн төсөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт хууль эрх зүйн хүрээнд шийдэх зүйлүүд байгааг хэлж байлаа.
Хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах тул төслийг урагшлуулахын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
Талууд энэ онд багтаж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгахаас гадна инженерийн нарийвчилсан судалгаануудыг хийж, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхээр харилцан санал солилцож, тохиролцов.