НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Амарсайхан: ШТС-ууд газар хөдлөлтийн эрсдэлийн өндөр төвшинд бий
Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 577 болж өсжээ.
Газар хөдлөлийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд хийхэд цахилгаан станцын 53%, цахилгаан шугам сүлжээний 40, дулааны станцын 58, авто зам, замын байгууламж 82, шатахуун түгээх станцын 73 хувь шаардлага хангаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 130 мянга гаруй барилга байгууламжтайгаас газар хөдлөлтийн үед 17 хувь тэсвэргүй гэсэн эрсдэлийн тооцоолол гарчээ.
Газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг насжилтаар нь авч үзвэл 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд дийлэнх хувийг эзэлж байна.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гаргасан эрсдэлийн үнэлгээг үндэслэн газар хөдлөлтөд тэсвэргүй ашиглалтын шаардлага хангахгүй 556 барилгыг нурааж шинээр барих Засгийн газрын шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 18.1 хувьтай байна. Шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт, эрх зүйн орчин бүрдүүлсэн журам дутагдаж байгааг зөвлөлийн гишүүд дурдаж байв.
Газар хөдлөлтийн эрсдэлийг даван туулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав
“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдэлийн судалгаа тооцоолол чухал. Өнөөдөр нийслэл хотод баригдсан барилга байгууламжийн хоорондох зай, талбайгаас эхлээд шатахуун түгээх станцууд эрсдэлийн өндөр түвшинд бий. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл төлөвлөгөө гаргаад тоо баримт гаргахаас илүүтэй, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрсдэлийн нарийвчилсан судалгаа тооцооллуудыг гаргах хэрэгтэй.
Эрсдэлийн үнэлгээгээ түшиглээд хүн хүчний нөөцөө тооцоолж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах боломжтой. Байнгын ажиллагаатай зөвлөл хэрэгжүүлсэн ажлууд, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ дутуу гүйцэтгэлтэй явж байгааг анхааралдаа авч ажилла” хэмээн Шадар сайд санууллаа.
Тэрбээр Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын арга барилыг өөрчилж, зөвлөлийн гишүүдийг тоо баримт хэлэхээс илүүтэй эрсдэлийг даван туулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.