НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Л.Халтар: Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ?
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ. Хамгийн чухал нь ажил эхэлсэнд байгаа юм. Аливаа ажлыг эхэлнэ гэдэг 50 хувь. Хоёр, дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани хариуцлагагүй хандсан нь үнэн. Бид 2020 оны наймдугаар сараас гэрээ цуцлах асуудал тавьж, маргаан гарсан.
Тухайн компани хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж, гүйцэтгэл бичиж үүнийг яам, зөвлөх компани хүлээн зөвшөөрөөгүй. Иймд маргаан гарч улмаар 2021 оны хавар ажлыг хийж чадаагүй. Үүнийг нуухгүй. Дахин тендер зарлаж 2021 оны найм, есдүгээр сард гүйцэтгэгч тодорч ажлаа хийж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гурван багцыг хучсан. Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багцын 18 км-ыг одоогоор хуччихсан явж байна. Энэ зэргээр ажлууд явж байна.
Өнгөрсөн зуны хувьд байдал хүнд байлаа. Хэнээс ч нуухгүй. Тодруулбал, 70 хоног бороо орсон, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн ажилчдын байранд коронавирус гарсан гээд олон зүйл шалтгааллаа. Гэхдээ бид хэцүү байна гэсэнгүй, хойшлуулсангүй. Хий гэдэг байдлаар шахаад явж байна. Эхэлсэн юм чинь дуусах болно. Ирэх жил дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Зарим ажлыг өвөл хийнэ. Бухимдал байгааг ойлгож байна. Энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэжээ.
Уг асуудлаар "Санхүүжүүлэгч тал, ажил хариуцсан компаниуд, Зам, тээвэр хөгжлийн яам гээд оролцогч гурван тал бий. Зам тээвэр, хөгжлийн яам бол захиалагч тал нь. Захиалагчдын дээр төслийг дэмжих нэгж бүтэц байгуулагдах ёстой. Олон улсын төсөл учраас байгаль орчин, санхүүгийн мэргэжилтнүүд байх ёстой. Гэтэл энэ нэгжийг байгуулах үүрэг нь Зам, тээвэр хөгжлийн яамны үүрэг. Сураг сонсох нь ээ тус яамны удирдлагууд нь өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүсийг тавих гээд сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн материалыг санхүүжүүлэх банк руу явуулахгүй байснаас болж нэгжийн бүтцийн хүмүүсийг шалгаруулж чадаагүй. Үүнээс болж ЕСБХБ-наас төслийн хөрөнгө оруулалтаа зогсоосон. Барилгын ажил ид явагдах хоёр сар орчмын хугацаанд Монголын туслан гүйцэтгэгчид санхүүжилтгүйгээс болж ажил нь удааширсан. Мөнгө байхгүй юм чинь яаж ажил хийх вэ дээ?" гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.