НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Генерал С.Баатаржав ажлаа хүлээн авчээ
Монгол Улсаас Унгарт суух Элчин сайд С.Баатаржав ажлаа хүлээн авчээ. Энэ оны зургадугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татаж С.Баатаржавыг томилох шийдвэрийг гаргасан нь УИХ-аас дэмжлэг хүлээсэн юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итгэмжлэх жуух бичгийг гардуулаад байв. Ажлаа хүлээлгэж өгсөн З.Батбаярыг 2016 онд тус улсад суух Элчин сайдаар томилсон байдаг.
Тэрбээр "Элчин сайдаар ажиллах энэ хугацаанд үргэлж дэмжиж хамтран ажиллаж ирсэн элэг нэгт монголчууддаа, халуун дулаан үг, урмаар тэтгэж ирсэн Та бүхэндээ, шүүмжилж, загнаж, хатуу үгээр ташуурдаж ирсэн хүн бүхэнд гүн талархал илэрхийлье" гэжээ.
Шинээр томилогдсон С.Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, 2004 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, 2009 онд Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор. Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байв.