Л.Оюун-Эрдэнэ: Давхар стандарт гаргахгүйн тулд Шадар сайд журмаа шинэчил

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаднын жуулчдыг татахын тулд өөрийн улсдаа вакцинд хамруулах саналыг гаргажээ. Өөрөөр хэлбэл, гадаад иргэн болон хилийн чинадад байгаа иргэдийг Монголд ирээд вакцин үнэгүй хийлгэх боломжоор хангах уриалга гаргасан байна. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг жуулчны компаниудтай ярилцахыг үүрэг болгожээ.

Тэрбээр "Н.Уртнасан сайд аялал жуулчлалын компаниудтай ярьж, агаарын хил тогтмол нээгдвэл гадаадад байгаа монголчууд, жуулчид Монголд вакцин хийлгүүлж болно гэсэн уриалгыг гаргаж болно. Вакцин туризмыг хөгжүүлж, хийлгэх дараалал нь хол байгаа нөхцөлд манайд ирээд эдийн засагт мөнгөө оруулаад, үнэгүй тариулах боломж олгох талаар жуулчны компаниудтай ярих хэрэгтэй байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар арваннэгдүгээр сарын 1-нээс агаарын хилээ нээх талаар бусад улс орнуудтай хэлэлцээр хийх хэрэгтэй. Урд хөршийн хил хаалттай удаан байх төлөвтэй байгаа учраас агаарын хилийг аль болох давтамжтай болгох тал руу оруулах хэрэгтэй. Гуравдугаар тун 50 хувиас дээш болоход шар төвшин рүү оруулна. Нийгмийн сэтгэл зүй, эмнэлэг, онцгой байдлын алба хаагчдыг бэлдэх хэрэгтэй. Орон нутагт стандарт  өөр байж болохгүй. Үүнд Шадар сайд анхаарч, давхар стандарт  гаргахгүйн тулд журмаа шинэчил" гэжээ.