З.Мэндсайхан: БНХАУ-ын тал 30 орчим вагоныг зөвхөн хүнсний зориулалтаар нэмэхээ мэдэгдсэн

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Малын өвчлөл гарсантай холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ жилийн мал, махны экспортыг хязгаарлах, дотоодын хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас онцгой анхаарах шийдвэрт хүрлээ. Он дуустал малын мах экспортод гаргахгүй.

Ургац нэлээд сайн байна. Урьдчилсан балансаар 540 мянга орчим тонн үр тариа хурааж авах тооцоололтой. Одоогийн байдлаар биелэлт 80 гаруй хувьтай яваа. Нийт 480 орчим мянган тонн үр тариа хурааж авсан байна. Гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авахаар болж байна. Үүнд:

-Эхний ээлжид гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байна. 100-150 тонн стандартын шаардлага хангасан улаан буудайн нөөцийг худалдан авах, үүгээрээ дамжуулан газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг дэмжихээр боллоо.

-Үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх талаар судлахыг чиглэл өглөө.

-Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын нөөцөөс чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

-Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох элсэн чихэр, бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг БНХАУ-тай Гадаад хэргийн болон Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэхээр боллоо. Урд хөршид захиалга өгч, татаж авахад бэлэн болсон 190 орчим хүнсний вагон байна. Эдгээрийг яаралтай зохион байгуулж үе шаттай оруулж ирэх болно.

-БНХАУ-ын талаас урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сарын 1-ээс 30 орчим вагоныг зөвхөн хүнсний зориулалтад нэмж гаргах тухай мэдээлэл өгсөн гэдгийг хэллээ.