Чингис хаан банканд аудит хийсэн эсэхийг асуужээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонсож, хэлэлцжээ. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний аудитын газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан нарын албаны хүмүүс гишүүдэд танилцуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Аудитын байгууллага, түүний даргын дээд эрх мэдэл нь юу байдаг юм? Засгийн газар удаа дараа хууль зөрчиж байгаа. Үүнд зөвлөгөө өгөхөөс гадна хариуцлага тооцох эрх мэдэл байдаг уу? Хараат бусаар ажиллахад, мөн хариуцлага тооцоход хууль эрх зүйн хүрээнд дутмаг зүйл байна уу?" гэдгийг тодруулсан байна. 

Харин Бүлгийн дарга Д.Ганбат "Мэргэжлийн байгууллага нь ард түмний татварын мөнгөнд ийм хариуцлагагүй хандаж байгаад харамсаж байна. 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой ийм тодорхой алдагдалтай төсөв дээр ил тод дүгнэж чадсангүй. Хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк зэрэгт оруулсан мөнгөнд аудит хийсэн үү. Ард түмэн хохирсоор байж болохгүй. Энэ оны төсөвт цахилгаан дулаан, шатахуун бензиний талаар ямар нэг тодорхой шийдэл огт ороогүй байхад ийм дүгнэлт гаргаж болохгүй гэжээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр "Чингис банк дахь Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл болох 100 тэрбум төгрөгийг хэрхэн авахаар төлөвлөж байна. Мөн тэнд Эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөг бий" хэмээн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.