Т.Аюурсайхан тангаргаасаа няцсан үндэслэлээр Т.Доржхандыг Цэцэд өгөхөө мэдэгдэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Т.Доржханд нарын хооронд маргаан өрнөсөн юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, гишүүн Т.Доржханд "Энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхгүй бол болохгүй нь. Нэгд, та хэний эрхийг хамгаалах гээд байна вэ. Та яг хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. Та болохоор осол аваар гаргасан жолоочийн эрх ашиг яриад байна. Гэтэл хуулийн агуулга осол аваар бага гаргахын тулд бусад иргэдээ хамгаалж байгаа юм. Хоёрт, яагаад даатгал үүссэн бэ гэдгийг ойлгооч ээ. Дэлхий дээр жолоочийн хариуцлагын даатгалыг төр нь албан журмаар хийдэг ямар улс байгаа юм бэ. Нэрлээд өгөөч. Дэлхий дээр нэг л төрлийн даатгал байгаа. Нэгхэн даатгалыг л улс хийдэг. Тэр нь газар хөдлөлтийн даатгал. Өнөөдөр та газар хөдлөлтийн даатгалаа оруулж ирсэн бол би дэмжих байлаа. Та өөрөө эдийн засгийн доктор хүн гэж байгаа. Даатгалын философио ойлгооч ээ" хэмээсэн юм.

Хариуд нь хууль санаачлагч Т.Аюурсайхан "Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшдэг. Монре даалтгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байна. Энэ хэлэлцүүлэгт та ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Монре даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн даалтгал хураамж аваад 1.5 тэрбум төгрөгийг олгосон байна. Та хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Хэрвээ ингэвэл Цэц дээр очих асуудал үүснэ. Тангаргаасаа няцсан болно. Хууль дээдлэх зарчмыг зөрчсөн хэрэг болно. Би танд болон байнгын хорооны даргад сануулах үүрэгтэй. Та УИХ-д хувийнхаа бизнесийг дэмжих гэж,  ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж орж ирээгүй шүү. Та миний сануулгыг хүлээж авахгүй бол таныг тангаргаасаа няцсан, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үндэслэлээр Цэцэд хандана" гэв.