НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Т.Доржханд: Парламентаас яв гэвэл нэр хүндтэй гарч чадна
Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн барьсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулах үеэр нэр бүхий хоёр гишүүний хооронд маргаан үүссэн юм. Тодруулбал, хууль санаачлагч Т.Аюурсайхан Т.Доржханд гишүүнд хандан "Та Монре даатгалд хувь эзэмшдэг. 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр Та эзэмшиж байна. Хуулийн төсөлд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Хэрвээ ингэвэл Цэцэд очих асуудал үүснэ" гэдгийг анхааруулсан юм.
Уг асуудлаар Т.Доржханд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл УИХ-д хүн үлдэхгүй. Н.Учрал гишүүн хувийн сургуультай. Боловсролын хуульд саналаа хэлээд явдаг. Гэтэл та үг хэлж болохгүй гээд татах юм байна. УИХ-ын гишүүд бүгд л барилгын компанитай. Ипотекийн зээл зэрэг асуудлыг яривал УИХ-д гишүүн үлдэхгүй юм байна. Хоёрдугаарт, ашиг сонирхолтой гэх тухайн гишүүн өөрөө хууль санаачилвал кноп дарж болохгүй. Зарчмын асуудал ярьж байхад хувь хүний гэр бүл рүү дайрдаг энэ байдлыг халах гэж би орж ирсэн.
Санхүүгийн зах зээлд шинэчлэлт хийхээр энд орж ирсэн. Даатгалын салбар бол санхүүгийн зах зээлд дөнгөж 1.8 хувийг эзэлдэг жижигхэн зах зээлтэй. Жишээ нь машин угаалгын газар жилийн 500 тэрбум төгрөгийн зах зээлтэй, гэтэл даатгалын салбар 300 тэрбум төгрөг. Жолоочийн даатгалын хуулийн төслийг ярих гэхээр "Таны эхнэр даатгалын компанитай, та ашиг сонирхлын зөрчилтэй" гэж байгаа нь зохисгүй. Би эхнэртэй байх нь миний буруу ч биш байх аа. 26 жил үйл ажиллагаа явуулж, 100 гаруй хүнд ажлын байр олгоод явж байгаа ийм компани. Даатгалын компаниуд ч мөнгө багатай. Өнөөдөр нэгдэж ярьж байна. Энэ салбарт 5000 хүн ажилладаг. Хэрэв намайг парламентаас яв гэж байгаа бол нэр хүндтэй явж чадна. Зууралдаад байх шаардлага байхгүй. Гэхдээ би бүх гишүүнийг авч гарна. Яагаад гэвэл энд бүгд ашиг сонирхолтой хүмүүс. Эрүүл шүүмжлэлийг хувь хүний асуудал болгож байна, би үүнээс айх гэж улстөрд орж ирээгүй" гэлээ.