Д.Тогтохсүрэн: Шинэ яамыг Шадар сайдад хамааруулахыг Ерөнхий сайд дэмжээгүй

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газрын бүтэц нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Тиймээс Ерөнхий сайдын саналыг харгалзан үзнэ. С.Бямбацогт нарын гишүүний өргөн барьсан хуульд Эдийн засаг, хөгжлийн сайд Шадар сайдтай хавсарч явахаар санал оруулж ирсэн.

Ерөнхий сайд тус яамыг Шадар сайдын түвшинд ажиллуулахыг дэмжихгүй байгаа. Өмнө нь Шадар сайд бөгөөд засаг захиргааны сайд гэж байсан. Тухайн үед яамыг нь татан буулгаж байсан тохиолдол гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яамыг дангаар нь байлгах санал ажлын хэсэг дээр яригдсан. Цаашдаа яамны харьяанд гадаад хамтын ажиллагаатай холбоотой хэрэгжүүлэгч агентлаг байх боломжтой талаар Засгийн газрынхантай ярилцсан" гэв.