НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Монгол, Солонгосын байгаль орчны асуудлаар сайд нар уулзлаа
Монгол Улсад үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хог хаягдал боловсруулах зэрэгт ихээхэн ач холбогдол өгч, тэргүүлэх салбар болгоод байгаа тухай Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БНСУ –ын Байгаль орчны сайд хатагтай Хан Жеон Аэтэй уулзахдаа танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ нь хүлэмжийн хийн шингээлтэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын үеэр Монгол, Солонгосын Байгаль орчны сайд нарын хоёр талын уулзалтын үеэр Н.Уртнасан сайд ийнхүү ажлаа танилцуулсны зэрэгцээ талууд байгаль орчны салбарын үйл ажиллагааг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлын бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Хатагтай Хан Жеон Аэ Солонгос Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтынхоо хүрээнд бусад улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар илэрхийлээд Монгол Улстай сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, метан хийг бууруулах, хуванцар хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар хоёр яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх санамж бичгийг 2022 онд шинэчлэн байгуулахаар тогтов.