Хамхуул шиг хийсэн буй Монгол
Монгол хэлний тайлбар тольд бичсэнээр “Хатахдаа үндэснээсээ салан, салхинд хол газар бөмбөрөн бөөрөнхий бут болж эргэн хийсдэг ганц болон олон наст өвсийг хамхуул гэнэ” гэжээ. Салхи хаашаа эргэнэ тийш дагаж өнхөрдөг хамхуул хэмээх энэ ургамлыг бид олон зүйлтэй жишиж, харьцуулж бусдыгаа егөөдөх нь бий. Явахыг нь салхи, зогсохыг бут “мэддэг” болохоор тогтсон төлөвшилгүй, өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдын аясаар явдаг нэгнийгээ тийн зүйрлэдэг хэрэг. Өнгөрсөн үеэс уламжлагдан өнөөг цагт олны дунд хэвшил болтлоо тогтсон энэ зүйрлэл орчин цагийн Монголд аман яриа бус хөрсөн дээр, хүмүүсийнх нь үйлдлээр илүү тодрох болжээ. Сошиал медиад зонхилох болсон энэхүү үйлдлийн үр дүнд цөөхөн монголчууд бүгдээрээ улстөрч, хуульч, цагдаа, шүүгч, эмч, багш болцгоов. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн амин сүнс, Үндсэн хуулийн салшгүй үнэт заалтын нэг байж болох ч цөөхөн хүн амтай улсад ийм үзэгдэл олширсон нь сануулаад өнгөрөх, бичээд орхих жижигхэн сэдэв биш болов уу. “Нийгмийн итгэл буурч, хардлага ихэссэн нөхцөлд хүмүүс медиагаас баталгаагүй мэдээлэл авч, нэгнийгээ хадны мангаагаар айлгаад эхлэхээр угаасаа тэнцвэрээ алдсан байсан нийгмийн институци улам хүчтэй савладаг. Нийгмийн нягтрал суларсан үед биесээ хянах тогтолцоо өөрөө аяндаа сулардаг. Хариуцлага, ёс суртахуунаа дээшлүүлэхийн тулд хулгай хийхээ болих, хууль шүүхийн системээр хүчлэх гээд олон хувилбар ярьж байна. Үүнээс илүүтэй тогтолцоог ажиллуулж, хөдөлгөж буй хүмүүсийн асуудал юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд бид хүнээ мартсан. Өөрөөр хэлбэл энэ бол хүний хөгжлийн асуудал. Нийгмийн институци хоорондын, хүн хоорондын итгэлийг бэхжүүлэхийн тулд эхлээд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хоёрт, нийгмийн институциуд ил тод байх ёстой. Гуравт, иргэд маань өөрсдөө идэвхтэй оролцоотой байх хэрэгтэй” хэмээн IRIM судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батсугар ярилаа. Ханатай л тайлбар. Монгол Улс хүнээ, тэдний сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд юу хийв. Би хэмээх сэтгэхүй нь давамгайлж, түүнийгээ илүү хөгжүүлсэн болохоос ардчилсан тогтолцоонд шилжсэнээрээ бид хожсон уу. Лав хожоогүй. Эсрэгээрээ нийгмээр нь бухимдуулж, стрессдүүлдэг, эрх ашгийнхаа хүрээнд ашигладаг, сэтгэхүйн дээр нь тандалт, тоглолт хийдэг бүхэл бүтэн сошиалын арми бүхий Вант улсыг төрүүлжээ. Улс дотор дахин тусгаар тогтночихсон юм шиг тэрхүү Вант улсаараа дамжуулан бусдад өөрийн үзэл бодол, эрх ашгийг тулгаж эхлэв.
“Биесээсээ саахалтын зайтай амьдарч байсан нүүдэлчин монголчуудыг нэг орцонд олон зуугаар нь чихээд оруулсан нь бидний хувьд цоо шинэ харилцаа болсон. Энэ харилцааны шокноос бид гарч чадахгүй л явна. Энэ шокоо давж чадвал бидний үнэт зүйлс нэлээд тодорхой болчих байх” хэмээн УИХ-ын гишүүн асан М.Зоригт хэлнэ лээ. Гашуун бөгөөд үнэн үг. Бидний бодит дүр төрх. Үнэндээ цөөхөн монголчууд барилга, байшин, зам талбайгаасаа халиад өдгөө сошиал орчинд чихэлдэж байна. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дунд төөрч байна. Үнэндээ монголчууд соёлын биш сошиалын шоконд гүн орчихсон, бут, жалганаас өөрөөр хаана очиж зогсохоо мэдэхгүй хамхуул шиг өнхөрч байна.
Нэгэн загвар өмсөгч эмэгтэй амиа алджээ. Ийм гарчиг бүхий мэдээ сошиал орчинд түгсэн тэр цаг мөчөөс нийгмээрээ цагдаа болов. Хажууд нь хараад зогсож байсан юм шиг таамаг дэвшүүлж, дүгнэлт хийцгээв. Урьдчилсан байдлаар гарсан хууль хяналтын байгууллагын дүгнэлтийг үл огоорон өөр өөрсдийн бодсон санаснаа бичиж, түүнийг нь үгүйсгэсэн, үзэл бодлын зөрүүтэй бусдыгаа чичилж буруушаав. Загвар өмсөгчийн амиа алдсан тухай мэдээ хандалтаа өсгөх гэсэн шар сайт, пэйж, групп хөтлөгсдөд ашигтай байснаас бус тэр хэрээрээ нийгмийг стрессдүүлээд намжив. Энэ бол ганцхан жишээ. Үүнтэй агаар нэг агуулгатай бусдыг хатгасан, шүүсэн, шүүмжилсэн, ялласан, бүр “шонгоос дүүжилсэн” мэдээ хүртэл цахим орчинд өдөр тутам, цаг минут, секунд бүрт хөвөрч байна. Нийтэлж, түгээж байгаа хүн нь гэхээсээ нийгмийн чиг хандлага нь ч ийм төрлийн мэдээллээр “өлсч цангадаг” болсон мэт.
Сошиал медиад хэн хамгийн их бухимдаж, стрессдэж байна, хараад үзээрэй. Урлаг соёл, олны танил эрхмүүдийг эс тооцвол ихэвчлэн улстөрчид, улс төрийн намын хамаарал бүхий, ардаа хэн нэгэн захиалагчтай хүмүүс л бачимдаж, бачуурч байгааг анзаарах болов уу. Тэдний дунд төрийн дээд албан тушаал ч хашиж байгаа зарим эрхмүүд багтаж байх жишээтэй. Гол зорилго нь өөрсдийн бий болгосон бөөгнөрлийн хүрээнд бусдыг шүүж, шүүмжилж, яллах. Ямар ч үр дүнгүйгээр шүү дээ. Эсрэгээрээ нийгмийн сэтгэхүйнд үзэн ядах, үндэслэлгүй хардаж гүтгэх сэтгэлгээг л суулгаж байгаа юм. Одоо бүр төрийн эрх барих дээд байгууллагынхаа ажлыг заах нь энүүхэнд болж байх шиг. Сошиалын Вант улс хэмээн тодотгосон нь ийм учиртай. Гэхдээ шүүгчийн алх дуугарсны дараа гэсэн айхтар зарчим шүүх засаглалтай дэлхийн бүх улсад үйлчилдэг. Аливаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаад шүүхээс эцэслэн дэнсэлтэл хэнийг ч яллаж, хардаж болохгүй гэсэн үг. Тэгэхэр ардчилсан нийгэмд амьдарч байгаа нь үнэн л юм бол хуулиа биелүүлэх нь бас бидний үүрэг юм.
“Говь-Алтай, Булган, Хөвсгөл аймгаар хичээл заагаад явж байхад хэлж байсан. Хотоос нэг үлээдэг хүн ирсэн гээд. Нэг үлээгээд л жаргал, зовлон бүх юмыг нь шийднэ гэсэн бололтой. Тэгээд аймгаараа л үлээлгэсэн юм гэсэн. Хоёр сарын өмнө Завханаас нэг долоодог хүн ирсэн гээд. Бас л аймгаараа долоолгосон сурагтай. Ер нь ямар ч шашин байж болно. Гэхдээ хүний зүрх сэтгэл рүү нэвтэрдэггүй юм бол, хүнийг зөв тийш залдаггүй юм бол, надад зөвийг ятган ухуулдаггүй юм бол ямар хэрэг байгаа юм бэ? Эцсийн дүндээ би зөв байж чаддаг уу гэж өөрөө өөрөөсөө асууж бас хариулж сурах хэрэгтэй. Авлига муухай гээд дээр дооргүй ярьдаг. Гэхдээ би авлига авахгүй байж чадах уу гэдэг их л сонин асуулт. 100, 200 сая төгрөгөөс яг газар дээр нь татгалзаж чадах уу? Хүний хажуу өрөөнд амьдардаг байж болно, нялх нойтон хүүхэдтэй байж болно. 200 сая төгрөг миний бүх амьдралыг шийднэ. Авахад их хялбар байдаг. Найз нөхдөөсөө асуувал ихэнх нь чи авахгүй ээ гэвэл өөр хүн авчихана, бүгдээрээ л авч байгаа шүү дээ гэнэ. Ийм “зөвтгөл” зөндөө гарч ирнэ. 100 хүн авлига авч байхад ганцаараа авахгүй зогсоход юу хэрэгтэй вэ гэвэл ёс суртахууны булчин хэрэгтэй. Зөв зүйл хийж чадна гэдэгт итгэх хүчтэй итгэл үнэмшил хэрэгтэй. Явж явж үнэнээр явсан хүн үхэр тэргээр туулай гүйцнэ гэж бид ярьдагтаа өөрсдөө итгэх ёстой. Зөв явах гэдэгт хүний амьдралын суурь итгэл үнэмшил болох ёстой” хэмээн Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу гавж хэлэв. Нэг асуудал үүсэхэд нийгмээрээ тийш хошуурдаг атлаа цагаа тулахаар, өөр дээр нь ирэхэд яах ёстой вэ өмнө нь хэлж байсан байр сууриа үгүйсгэж чадах уу гэсэн дүгнэлт.
Д.Нямсамбуу гавжийн хэлсэн шиг ёс суртахууны булчин бидэнд бий юу, хэрэгтэй юү гэвэл мэдээж тийм. Гэхдээ хуудуутай, хумсалсан, хулгайлсан нь сөхөгдөх бүрт араас нь мэдэгдэл хийж өөрийн хүсэлтээр гэсэн гоёмсог тодотголоор тодордог сайд, дарга нарын үйлдэл, түүнийг шүүмжилсээр байгаад хэлүүлчихсэн юм шиг ярих нийгмийн сэтгэхүйгээр суртахууны булчин хэмжигдэхгүй. Сошиалаар түгээж байгаа асуудлын агуулга ямар байхаас үл хамааран түүнийг яаж хүлээн авч буйгаар хэмжигдэх учиртай. Тэгэхийн тулд нийгэм нь, түүнийг бүрдүүлж байгаа иргэд нь өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Биеийнхээ биш ёс суртахуун, тархиныхаа булчинг хөгжүүлэхийг тодотгоод байгаа хэрэг. Асуудал бүрийн араас хамхуул шиг хийсэхгүйн тулд бид өөрсдөө зөв хандлагын салхи нь болох ёстой учраас тэр. Ингэж байж аливаа асуудалд зөвөөр хандаж, голтой дүгнэлт хийнэ. Цаашлаад нийгэмд зөв хандлагыг бий болгоно. Зөв хандлагатай нийгэмд хэн ч ямар ч тоглолт, хувийн амбийцаа илэрхийлээд хол явахгүй, газар авахгүй. Өдөр тутамд, цаг, минут бүрт түүгээр хөвөрч байгаа сөрөг мэдээллийг уншиж, үзэл бодлоо илэрхийлж бас бухимдаж, стрессдэхгүй. Бусдын гэхээсээ өөрийнхөө эрх ашгийн хүрээнд оноо цуглуулах гэж сошиалыг ашигладаг улстөрчдийн зорилго биеллээ олохгүй. Юу үнэн энэ л үнэн.










