С.Амарсайханы хэлдэг үнэн байжээ

Хөгжлийн банкнаас зээлдэгчдээс хариуцлага нэхэх нийгэм гэлтгүй улс төрийн хүрээнд өндрөө авч эхэллээ. Дээрээс нь дурдвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанд хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, тодорхой чиглэлийг өгөв. Засгийн тэргүүнээс өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газраас уг банкны зээлдэгчидтэй холбоотой шалгалтын зах зухаас танилцуулсан юм. АТГ-аас өгсөн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлах, зээлийг эргүүлэн төлүүлэхээр болжээ. Мөн зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох аж. Улмаар эээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчдийг тогтоож, нууцлагдмал хөрөнгийг илрүүлж, битүүмжлэх ажлыг шат дараатай өрнүүлэхээр болсон байна.

Одоогийн байдлаар Хөгжлийн банкинд 8,5 тэрбум төгрөг эргэн төлөлтийг хийлгүүлж, 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, нэг үйлдвэрийн барилга,  нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд холбогдох хуулийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ Хөгжлийн банктай холбоотой зөрчил, чанаргүй зээл зөвхөн өнөөдөр хуримтлагдаж, олон нийтийн анхаарлын төвд ороогүй бололтой. Ийм асуудал үүсэхийг, банкны үйл ажиллагаанд доголдол үүсэхийг нэр УИХ-ын гишүүн сануулж байжээ. Тэдгээрийн нэг нь Шадар сайд С.Амарсайхан.

Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр энэ тухай сануулж байжээ. Тодруулбал, "Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүхээр эцэслэн шийдэгсэн. Гэтэл "Эрдэнэт"-ийн охин компани болох "Медипас" компани 49 сая ам.доллараар 300 ортой эмнэлэг барьсан. Францын тоног төхөөрөмжөөр тоноглосон энэ эмнэлгийг менежментийн хувьчлал нэрээр, 50 айлын орон сууцны хамтаар үнэгүй авчихсан. Мөн хоёр тэрбум төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэрээс жил бүр авдаг. Буцаагаад 1.5 тэрбумыг нь төлбөр хэлбэрээр өгдөг.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан. Одоо тийм үнэтэй таун хаус ч орон нутаг, нийслэлд байхгүй. Улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг тус үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр авчихаад 60 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Тэрийгээ төлдөггүй. Дээр нь татвар, нийгмийн даатгалын 20-аад тэрбум төгрөгийн өртэй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр байна. Хөгжлийн банк Хувайлдааны банк болчихсон. Өгсөн зээлийнхээ араас явдаггүй. Үүнийг хууль хяналтын байгууллага, төрийн өмчийн хороо анхааралдаа авч ажиллах ёстой" хэмээн шүүмжилж байсан нь протокол үлджээ.

Сайд С.Амарсайханы хэлсэнчлэн 49-60 ам.доллар нь өнөөдрийн ханшаар 140-300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бус Хувайлдааны банк болчихсон хэмээн жилийн өмнө хэлж байсан түүний үг үнэн байжээ.

Г.Эрхэс