Эдийн засгийн хувь заяаг дахин "атгасан" гурав

МАН УИХ-ын сонгуульд 2000 оноос хойш хоёр дахь удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулж, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, дэд сайдаар Х.Булгантуяаг томилж байв. Хэдийгээр эрх баригч намын дотоод зөрчил эмхэлсэн Засгийн газраа огцруулснаар дуусгавар болсон ч ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хамруулж, эдийн засгаа сэргээх замыг засахад Б.Чойжилсүрэнгийн нөлөө их байв. Сайдын орыг нь тойрог, нутаг нэгт Ч.Хүрэлбаатар залгамжилсан ч ОУВС-гийн хөтөлбөр хэрэгждэгээрээ хэрэгжсэн, энэ хооронд Х.Булгантуяа дэд сайдын албатай явдгаараа явсан юм. Харин сайдын сэнтийгээс буусан Б.Чойжилсүрэн Төсвийн байнгын хороог 2020 оныг хүртэл даргалсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, 2016-2020 оны Монгол Улсын төсвийн бодлогод Засгийн газар, парламент талаасаа Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Х.Булгантуяа гэсэн хүний оролцоо их байсан хэрэг.

Сонирхолтой нь, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх холбогдох хууль, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулж, гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав. 

Ажлын хэсэг байгуулагдсан даруйдаа анхны хуралдаанаа хийжээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа "12 хоногийн өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хомсдол, ханган нийлүүлэлтийн хоцролт, үнийн хөөрөгдөл үүсээд байгаа нөхцөл байдалд арга хэмжээ авах, шаардлагатай хууль, тогтоолын төслийг өргөн барьж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн. Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэх, бэлтгэл ажлыг хангана. Ажлын хэсэг үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх, бодлогын шийдэл гаргах, хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх, холбогдох хууль тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана" гэжээ. 

Олон улсаас ОХУ-д тавьсан хориг Монгол Улсад шууд нөлөөлж байгаагийн зэрэгцээ БНХАУ-д коронавирусын цар тахлын том давалгаа үүссэнтэй холбогдуулан урд хил нээгдэхгүй байгаагаас бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй байгаа энэ үед төсвийн тодотголыг яаралтай хийж, нэн шаардлагатай хэмнэлтүүдийг хийхээс өөр аргагүй болсныг Х.Булгантуяа гишүүн мэдээлэлдээ онцлоно лээ. 

Харин гишүүн Ч.Хүрэлбаатар "Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 10 хувь давсан нь Монгол Улсад сүүлийн 20 жил ажиглагдаагүй зүйл. Өнөөдөр монгол валютын хоёр ханштай байгааг дурдаад Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг 9 хувьтай болгосон. Уг арга хэмжээтэй нийцүүлээд төсвийн тодотголыг хийж, валютын ханш дээр ирэх дарамт, төгрөгийн уналтыг зогсоож, Монгол Улс дахин нэг ханштай байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд хугацаа алдсан. 

Жагсаал цуглаан хийж байгаа залуучуудыг та бид ажигласан. Залуучуудын зүгээс Та нар ажлаа сайн хий, төсвийг өөрсдөөсөө эхэлж хэмнэ гэсэн шаардлага тавьж байгаа нь өнөөдрийн бодлогын арга хэмжээтэй нийцэж байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлаа буулгаж, тэвчиж болох зардлуудаа танаж, төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстойг тодотгоод мөнгөний болон төвсийн бодлогоо зэрэг явуулахаар болсон. Ажлын хэсэг мөнгө хэвлэхгүйгээр үүссэн асуудлыг шийдэхээр хуульд өөрчлөлт оруулна. Засгийн газрын зүгээс УИХ-аар шийдүүлж зарим нэг эрх мэдэл авах асуудлыг нарийвчлан судалж, тодорхой болгох, мөнгөний болон төсвийн бодлогоо зөв болгох чиглэлээр Ажлын хэсэг ажиллана" гэсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн тухайд "Он гараад манай улсын валютын нөөц нэг тэрбум ам доллароор буурсны шалтгаан валютын орох урсгал багассан ч, гарах урсгал саараагүйтэй холбоотой. Та бүхэнд үнэнийг хэлэх хэрэгтэй. Монгол Улс хямралын өмнөх үед ирсэн. Бидэнд хоёр муу шийдэл байгаагийн нэг нь валютын зөөлөн бодлого явуулж нөөцөө багасгах, эсвэл валютын нөөцөө хадгалж үлдэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ энэхүү хоёр сонголтоос миний хувьд сүүлийнхийг нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Богино хугацаанд бүсээ чангалах шаардлага гарна. Гэхдээ Монгол Улс дампуурахгүй. Иймд мөнгөний хатуу бодлого явуулна. Мөнгөний хатуу бодлого гэдэг бодлогын хүүг нэмэгдүүлж, ханшийг сулруулахын зэрэгцээ төсөвт тодотгол хийж, тэвчиж болох бүх зардлыг хойшлуулна.

Бодлогын дээрх гурван арга хэмжээг авсны даргаа шаардлагатай бол тансаг хэрэглээний татварыг нэмэхээс өөр аргагүй гэдгийг онцлон тэмдэглээд Монгол Улсад орж ирэх валютын урсгал байхгүй учраас гарах урсгалыг хаана. Энэхүү дөрвөн цогц бодлогыг авч хэрэгжүүлэн дампуурахгүй байх нөхцөлөө бий болгосны дараа Засгийн газар вальютын урсгалаа нэмэгдүүлэх, тогтворжуулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай" гэжээ.

Ийнхүү нэгэн цагт Монголын эдийн засагт голлох бодлого шийдвэрийг гаргаж, бас зангидаж явсан Сангийн яамны гурван удирдлага УИХ-ын гишүүний хувиар Ажлын хэсэгт багтаж, дахин ширээний ард суув. "Монгол Улс дампуурахгүй гэдгээ дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зарлах ёстой. Энэ хүнд сэдэв. Мөнгөний хатуу бодлого явуулахаар бизнесийн орчин муудах хэдий ч үүнийг ойлгож, тэвчээртэй хандахыг олон нийтээсээ хүсэж байна" хэмээх Б.Чойжилсүрэн гишүүний хэлсэн үнэн л юм бол эдийн засгийн хувь заяа энэ гурван гишүүнээс дахин хамаарах бололтой.

Г.Эрхэс