“Ургах наран” хорооллоос суусан ах

Налайхын зам засварт орсноос хойш хар замаар автобус яваад багагүй хугацаа өнгөрч байна. Энхэл донхил ихтэй замаар автобус явсаар “Ургах наран” хорооллын буудал дээр зогсов. Хүн буусангүй. Харин арын хаалгаар том шуудай дүүрэн ундааны сав барьсан ах орж ирлээ. Жижигхэн автобус учир суудал цөөтэй. 50 орчим насны ах ууттай саваа  тавьж, хөлсөө арчин, автобусын арын булан бараадан зогсов. Автобус хөдөлж, ууттай сав хазайн ойчив. Ойрхон зогссон учир уутны булангаас өргөн “Ахаа цаад булан руу чинь түшүүлээд тавьчихая” гэхэд “Тэгье” гэв. Бүгчим халуунд хар замаар, хамаг цонх нь хаалттай явах зогсож яваа хүнд төдийгүй сууж буй зорчигчдод ч төвөгтэй. Ийм нэгэн уур амьсгал дунд өнөөх уутнаас наранд удсан, хуванцар савны таагүй эхүүн үнэр хамар цоргих нь тэр. Шороон замаар явж байгаа болохоор цонх онгойлгож болохгүй. Ахын чанх хойно сууж байсан сурагч гэмээр хоёр охин ихэд эгдүүцэж, элдвээр зүхэж байгаа нь сонсогдов. Ах ч мөн сонссон. Хэн нэгэнд гэм хийсэн аятай, уутаа чанга атгаж, гэмшсэн хүүхэд шиг доош харан зогсоно.

Хуванцар сав цуглуулж, амьжиргаагаа залгуулдаг нь хэн хүнд илт. Гэхдээ түүний хувцас цэвэрхэн, биеэ авч явж байгаа байдал,  зорчигчдыг буухад холдон өгч, автобусны буудал асуухад инээмсэглэн хэлж өгч байгаагаас хүнлэг гэдэг нь илт. Харин ойр хавьд нь зогсч, суусан хүмүүс гуйлгачин мэт хандах. 13 настай бололтой хүү ах руу үе үе муухай харж, хамраа дарж, харцаараа түүнийг "зодно". Хог түүдэг л бол муу хүн гэж хардаг нь өнөөгийн залуу үеийнхний дунд бий болсон мэт.

Хүн бүр амьдрахын тулд, ардаа байгаа үр хүүхдээ хоногийн хоолтой нь залгуулахын тулд хийж болох бүхий л зүйлийг барьж авах нь энүүхэнд. Ахын хувьд мөн адил хань, үр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд шил, лааз, ундааны сав түүж хорвоогийн бор өдрийг өнгөрөөж яваа эгэл жирийн аав гэдэг нь илт. Түүж, цуглуулсан шил, лааз, хуванцар саваа хоёрдогч түүхий эд борлуулах цэгт тушаачихаад харихад нь "ааваа" гээд угтах үр, "ядарсан уу" гэж асуух хань нь хүлээж л суугаа.

Тэр ч бусдын адил хүүхдээ хайрлаж, хүүхдүүдэдээ хүндлэгдсэн өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хогийн функерийг "эргүүлдэж" яваа энгийн нэгэн эцэг. Худлаа ярьж, хулгай хийгээгүй ариун цагаан хөдөлмөрөөрөө алаг үрсээ тэжээх гэж яваа аавыг үгээрээ “шийтгэж” үйлдлээрээ үзэн ядаж байгаагаа харуулах эрх та бидний хэнд ч байхгүй болов уу.

Бусдын хэрэггүй гээд хаясан хоёрдогч түүхий эдийг цуглуулж, түүнийгээ тушааж, олсон орлогоороо амьдралаа залгуулдаг жирийн нэгэн. Ингэж явсаар засмал зам руугаа орлоо. Нэгэн зэрэг шахуу “Цонхоо онгойлгоорой” гэж хүүхэд хөгшидгүй дуу нэгтэй орилолдов. Цонх ч онгойж, салхинд үнэр хаа нэгтээ замхран одов.  Доошоо харж зогсч явсан ах, нуруугаа тэнийлгэж, цонх ширтэн явж байгаа харагдана. Гарцан дээр зогсоход дахиад л эхүүн үнэр, ахыг чиглэсэн, эзэнтэй биетэй үгс сонсогдож “Ёо аймар үнэртэй юм бэ. Хурдан буух юмсан. Арчаагүй...” гэцгээх.

 

Автобус явсаар Офицеруудын ордны автобусны буудал дээр зогсов. Хүмүүс арын хаалгаар цувран гарч, ”Ашгүй дээ, салж санаа амарлаа” гэсээр бууцгаав. Халуун наранд тэр тусмаа хотоос зайтай “Ургах наран” хорооллоос түүсэн ундааны саваа үүрсээр ах цааш алхлаа. Тэрбээр түүхий эд худалдан авах цэг рүү алхаж яваа биз. Автобусны хаалгаар өөрөө бууж чадахгүй, хэн нэгнээс тусламж эрэн зогсох буурайг түшин буулгаж, буудал асуусан нэгэнд цааргалалгүй хариулж өгч буйгаас тэр хүнээрээ байгаа аж. Түүний сэтгэл нь ч цэвэрхэн. Хариад усанд ороход хувцас нь ч мөн цэвэрхэн болно. Харин хажууд нь гэмгүй нэгнийг харааж, зүхэж, үгийн мууг ус цас шиг урсгаж байсан өөрсдийгөө өргөмжилсөн өсвөр үеийн хүүхдүүд ийм л сэтгэхүйтэй яваа нь харамсалтай. Амьдралын нугачаа, зовлон бэрхшээл гэдэг нь хүн бүрийг тойрдоггүй, дайраад гардаг нь даанч гаслантай.

                                                                                  С.Ичинхорлоо