Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай уулзжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыгтай Элчин сайдын яамны төв байранд энэ сарын 21-ний өдөр уулзаж, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хүрээнд Монгол Улс, Тува улстай хамтран ажиллах зарим тодорхой асуудлаар санал солилцов.

Тува улсын тэргүүн В.Т.Ховалыг Курагино-Кызылийн төмөр зам болон ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох зорилготой авто замын төслүүдийн талаар танилцуулж, Монгол Улсын нутгаар дамжуулан Орос, Хятадыг холбоход чиглэсэн дэд бүтцийн эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын боломжит оролцооны талаар Элчин сайдыг байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин манай улс ОХУ, БНХАУ болон Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор гурван улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хил, гааль, ачаа, тээврийн болон холбогдох бусад салбарын уялдаа холбоог ахиулах эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан баруун, зүүн босоо тэнхлэгийн төмөр зам болон авто замын олон улсын хилийн гарцуудыг байгуулж, хөгжүүлэх нь гурван улсын нэгдсэн ашиг сонирхол бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индрээс танилцуулсан “Транзит Монгол” санаачилгатай бүрэн нийцэж байгааг онцлон хэллээ