Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийлээ.

Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн төслийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс “Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Эрдэнэсийн санд шилжүүлэх талаар шийдвэр гаргах;” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс төслийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 15 дугаар зүйл, 18 дугаар зүйлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн дахин санал хураалгахаар саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 80 хувь нь дэмжлээ хэмээн танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуусан. Тэрбээр, хуулийн төсөлд сорьцын хяналтыг зөвхөн төрийн байгууллага хийдэг биш итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд хийж болохоор тусгасан байсан. Хэлэлцүүлгийн явцад эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг итгэмжлэгдсэн хуулийн этгээд хийж болох эсэх асуудлаар гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Сорьц тогтоох эрх бүхий байгууллагатай холбоотой заалт өөрчлөгдсөн үү, төсөл дээр заасан хэвээрээ байгаа юу хэмээн тодруулсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийн сорьцыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоож байх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн. Тиймээс “Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулсан гэсэн хариулт өгсөн.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томьёоллоор санал хураалт явуулахад гурван саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд эрдэнэсийн сорьцыг баталгаажуулахтай холбоотой дээр дурдсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол олонхын дэмжлэг аваагүй. Ингэснээр эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулах тухай төслийн заалт хэвээр үлдлээ.

Эцэст нь хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.