С.Чинзориг: Ажилтанд биш ажил олгогчид 50 хувийн буцаан олголтыг өгөх ёстой

УИХ-ын гишүүн С.Чинзоригоос зарим асуултад хариулт авлаа.

-Таны хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зарим талаараа зөв гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. Шалтгаан нь юу вэ?

-Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байна.Тодотголын хүрээнд сая төгрөгөөс доош цалинтай ажилтны төлсөн шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгох зохицуулалт орж ирсэн байна лээ. Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлэхгүйгээр Засгийн газраас 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдэхээр болсон. Эдийн засаг хямралтай байгаа үед иргэдийн орлогыг дэмжих нь зөв. Гэхдээ ажилтан гэхээсээ ажил олгогчийнхыг буцаан олгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм. Ажлын байраа хадгалах, хангах, цалин, орлоготой байлгах нь чухал. Ингэвэл ажлын байраа хадгалах, цалин, орлоготой байлгахад дэмжлэг болно.

-Нэг сая төгрөгөөс дээш орлоготойд нь буцаан олголт өгөхгүй гэсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа?

-Миний ойлгосноор эдийн засаг хүндрэлтэй байгаа үед хямралд нэрвэгдэж буй хэсгээ дэмжих бодлого. 50 хувийг буцаан олгох заалт дотор төсвийн байгууллагын ажилтнуудад хамаарахаар оруулж ирсэн байна лээ. Үүнийг дэмжихгүй. Яагаад гэхээр ажлын байр, орлого нь тогтвортой, баталгаатай байгаа хэсэг нь төрийн алба. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих ёстой. 

С.Хорол