С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сэтгүүлзүйн ЛУУЖИН хаашаа чиглүүлж байна вэ?-3
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулж, Үзэг.Инфо сайтын зүгээс Монголын сэтгүүлзүйн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар энэ салбарын ГУРВАН үеийн төлөөллөөс ГУРВАН асуултын хүрээнд тодорхойлохыг зорилоо. Ингэхэд 109 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн зүг чиг, ЛУУЖИН нийгмийг хаашаа хэрхэн хөтөлж, чиглүүлж, зааж байна вэ?
-1-
-Залуу сэтгүүлчийн хувьд мэргэжлээрээ ажиллахад хүндрэлтэй зүйл бишгүй тохиолддог байх. Эх сурвалжаа олох, олсон мэдээллээ эргэж нягтлах, боловсруулах зэргээр энгийн хэрнээ хариуцлагатай байхыг шаарддаг нь энэ салбарын онцлог?
-2-
-Сэтгүүлчийн үүрэг, хариуцлага, ёс зүй гэж яг юу вэ?
-3-
-Сэтгүүл зүйн чиг хандлага цаашдаа ямар байгаасай гэж харж, хүсдэг вэ? Магадгүй таны оруулах хувь нэмэр нь юу байх бол?
Р.ХИШИГЖАРГАЛ /Өдрийн сонин, сэтгүүлч/: МЭДЭЭЛЛИЙН ХУРДЫГ ГҮЙЦЭХГҮЙ БОЛЧИХЛОО
1. Мэргэжилдээ дурлаж, сайн материал хийчих юмсан гэж “шатаж” яваа болохоор одоохондоо тулгарах саадыг асуудал гэж хүндээр хүлээж авдаггүй. Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг гэж үг байдаг. Явахгүй бол эх сурвалжгүй, мэдээлэлгүй, материалгүй хоцордог. Улс төрийн албанд харьяалагддаг гэхээр ярилцагчид, эх сурвалж нь Төрийн ордонд бэлэн сууж байдаг. Нэг өрөөний хаалга татаад л ярилцлагаа авчихдаг гэсэн ойлголт бий. Ажлын цаг эхлэхтэй зэрэгцэж ордон орж, дууссаны дараа ч сонины дугаар буухтай зэрэгцээд ярилцлагаа аваад гарах үе байна. Сэтгүүлчээр ажиллаад дөрвөн жил болж байна. Өнөөдөртэй харьцуулбал гурав, дөрвөн жилийн өмнө гишүүд, улстөрчид харьцангуй нээлттэй байсан юм шиг санагддаг. Одоо бол нэлээд хугацаа, хичээл зүтгэж гаргаж байж ярилцлага авдаг. Хэвлэлд ярилцлага огт өгөөгүй гишүүн УИХ-д олон бий. Тэдний зарим нь шууд дамжуулалтаар арга буюу хэдэн секунд, минут байр сууриа илэрхийлээд “зугтдаг”. Олон нийт байтугай хэвлэлийнхэн ч царайг нь бараг хараагүй гишүүн байна. Холбогдоод ярилцах санал тавихаар “Одоохондоо ярилцлага өгмөөргүй байна. Энэ сэдвээр ярилцлага өгмөөргүй байна” зэргээр аргацааж хойшлуулдаг. Уг нь гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адил олон нийтийг мэдээллээр хангах үүрэгтэй. Сонгогчдоо мэдээллээр хангах, байр суурь, үзэл санаагаа нийгэмд илэрхийлэх ёстой. Хэдийгээр нэг талаас гишүүдийн үүрэг энэ боловч сэтгүүлч хувь хүн талаас нь хүндэтгэж ярилцлага өгөхгүй гэж байхад тулган шаардалгүйгээр орхидог. Хэсэг хугацааны дараа дахин санал тавина. Өнөөдрийн түвшинд надад учирч байгаа том бэрхшээл бол энэ.
Хурдан шуурхай, мэргэжлийн байх юмсан гэж би их хүсдэг. Редакцаас маань ч ийм чиглэл, үүргийг өгдөг. Ярилцлагаа аваад нөөцөлж үлдээх ч гэдэг юмуу ийм ойлголт сонинд байхаа больчихсон. Авсан ярилцлагаа өдөртөө буулгаад маргаашийнхаа дугаарт нийлүүлэхийг хичээдэг. Учир нь бид мэдээллийн хурдыг гүйцэхгүй больчихлоо. Гишүүд аль ч сайт, телевизийн шууд дамжуулалтаар алхам тутам мэдээллийг олон нийтэд хүргэчихэж байна. Хэрвээ миний авсан сэдэв, агуулгаа өөр ямар нэг хэвлэлийн байгууллагад шууд дамжуулалтаар мэдээлчихвэл өнөөх мэдээлэл, ярилцлага маань маргааш нь ямар ч үнэ цэнэгүй болчихно. Сонины нэг онцлог богино хугацаанд эх сурвалжийнхаа мэдээллийг үг үсэг, утга агуулгын хувьд алдаа мадаггүй хурдан шуурхай найруулж, боловсруулах чадвар их шаарддаг.
2. Мэргэжлээ дамжуулагч гэдэг үүднээс харж, алхам тутам үүнийг санаж ажиллахыг хичээдэг. Учир нь хэвлэл мэдээллийг хэрэгслийг дөрөв дэх засаглал ч гэдэг юмуу, сэтгүүлчийн ажлыг нийгмийн эмч, зэргээр үнэлж тодорхойлдог. Энэ нь хараахан төлөвшөөгүй залуу сэтгүүлчийн хувьд өөрийгөө дөвийлгөх, мэргэжилдээ эрдэж түүнээсээ болж алдаа гаргах үндэс болж болзошгүй гэж боддог. Өнөөдөр сэтгүүл зүйн салбарт гарч байгаа алдаа дутагдлыг мэргэжилдээ, өөртөө хэт бардсанаас болов уу даа гэж дүгнэдэг. Тиймээс би сэтгүүлч гэж данхалмааргүй байдаг юм. Зүгээр л байгаа бодит мэдээ мэдээллийг байгаагаар нь олон нийтэд дамжуулах үүргээ л хариуцлагатайгаар гүйцэтгэхийг чухалчилдаг.
Харин сэтгүүлчийн хариуцлага гэдгийг аливаа мэдээллийг түгээхдээ мэдрэмжтэй хандах гэж хэлж энгийнээр хэлж болох байх. Учир нь хэвлэл мэдээллийн нийтэлсэн мэдээ олон нийтийн үзэл санаанд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс аливаа мэдээллийг түгээхдээ ёс зүйн кодоо баримтлахаас гадна мэдрэмжтэй хандах нь чухал болов уу.
3. Өнөөдөр сэтгүүл зүйд лайв гэдэг тусдаа ойлголт, бүр тусдаа жанр болохуйц хэмжээнд оччих шиг боллоо. Бодит мэдээллийг шууд дамжуулалтаар үзүүлдэг болчихсон учраас алдаа мадаг гарах нь элбэг байх. Сэтгүүлчээс мэдрэмж ихээр шаардагдах болов уу. Иймээс мэдрэмжтэй байгаасай гэж хүсч байна. Сэтгүүлчид “жентэлмэний” дүрд тоглох гээд байдаг болчихсон юм шиг санагддаг. Нийгэмд “долоогч” гэдэг дүрээр харагдахгүй нь тулд харизмтай шударгуу хүний төрх гаргахын төлөө дүрд хувираад байгаа юм шиг санагддаг. Мэдээг шууд дамжуулж байгаа бол Янз бүрийн нэвтрүүлгийн дүр төрхийг дурайлгүй дамжуулагчийнхаа ажлыг л мэргэжлийн хүрээнд гүйцэтгээсэй гэж хардаг. Тэгэхгүй бол нийгэмд сэтгүүлчийн характер, ур чадвартай холбоотой сөрөг үнэлэлт бий болчихлоо шүү дээ. Мэргэшсэн сэтгүүлч болж төлөвших нь л миний оруулах хувь нэмэр юм.
Ш.ЦОГЗОЛМАА /Unread Media, Ерөнхий менежер/: ЧАНАРТАЙ, ХЭРЭГТЭЙГ НЬ ШИЛЖ УНШДАГ БОЛСОН
1. Сэтгүүлчид цаг үргэлж шинэлэг, чанартай контент бүтээхийг эрмэлзэж явдаг нь өдөр тутмын ажлыг улам сорилт ихтэй, сонирхолтой болгодог. Бидний ажил зарим талаараа уран бүтээлч шинжтэй санагддаг. Тухайн сэтгүүлчийн аливаад хандах хандлага, харах өнцгөөс шалтгаалж, нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, өнцөг тогтдог учраас юу түрүүнд өөртэйгөө ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Оюуны бүтээлч ажил хийдэг хүмүүс бие, сэтгэл зүйгээ үргэлж ажилтайгаа холбож ажилладаг учраас хувь хүний хувьд төлөвшсөн, хүмүүжилтэй, ёс зүйтэй байх нь маш чухал. Өөрийнхөө учрыг олоогүй хүн бусдын асуудалд санаа тавина гэдэг бараг боломжгүй байх. Бид заримдаа цаг хугацаатай уралдаж байна гээд бусдад яаруу сандруу, адгуу дүр төрх бий болгочихсон. Цаашид аливаад тайван, хүлээцтэй, нухацтай хандаж сурах нь их чухал санагдаж байгаа. Базаад хэлбэл, сэтгүүлчид нэн түрүүнд өөрийгөө хайрлаж сурах, дараа нь бусдыг сонсох ур чадвар хэрэгтэй.
2. Сэтгүүлчид бусдын оюуны, сэтгэн бодох үйл явцад нь нөлөөлөх ажил хийдэг учраас үг, үсэг бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг. Харахад сонирхолтой, адал явдалтай ажил мэт боловч хөшигний ард маш их хариуцлага үүрч явдаг гэдгийг сэтгүүлчид өөрсдөө ч сайн ойлгох хэрэгтэй болов уу. Манайд хүнлэг байх, хүний эрхийг хамгаалах тал дээр сэтгүүлчид их алдаа гаргаж байх шиг санагддаг. Энэ чиглэлд илүү уншиж судлаасай.
3. Мэргэжлийн сэтгүүл зүй болон контент үйлдвэрлэгчдийн нягтрал улам ойртсоор байна. Бидэнд мэргэжлийн бус боловч маш хүчтэй өрсөгдөгчид бий болж байна гэсэн үг. Энэ хэрээр хүлээн авагчид замбараагүй мэдээлэл дундаас чанартайг нь эсвэл хэрэгтэйг нь сонгож шилдэг болсон. Тиймээс ирээдүйд сэтгүүлчид мэдээ бэлтгэх, хайх, олохоос илүүтэй байгаа дата мэдээлллийг цэгцтэй боловсруулах, замбараагүйг нь системчлэх, чухлыг нь санал болгох, ээдрээтэй сэдвүүдийг тайлбарлах зэргээр уншигч, үзэгчдийн сонголтыг чиглүүлэх үүрэгтэй болж байна гэж хардаг. Энэ бүх үйл явцыг хялбарчлахад технологийн шийдлүүд жинтэй нөлөөлж байгаа. Цаашид ч сэтгүүлчид технологийн салбартай жич найзлах шаардлага улам нэмэгдэх болов уу.
Миний хувьд одоогоор медиа компанийн менежментийн үйл ажиллагааг хариуцсан ажиллаж буй тул цаашид медиа салбарыг илүү бизнес, эдийн засаг талаас сонирхон судлах эрмэлзэлтэй байгаа. Медиа бизнес бол бусад энгийн бизнес харьцуулахад тун онцлогтой, өвөрмөц санагддаг. Нийгмийн олон хэм хэмжээ, ёс зүйг сахиж, аливаа асуудлыг хөндөж мэдрэмжтэй ажиллахаас гадна бизнес талаасаа ашиг орлоготой, сайн менежменттэй байхад анхаарах ёстой. Энэ чиглэлд туршлага судлах зорилгоор одоогоор АНУ-ын Нью Йорк мужийн “Syracuse University”-ийн “New Media management” гэх мастерын хөтөлбөрт захирлын нэрэмжит тэтгэлгийн хамт тэнцээд байгаа юм. Тэндээс олон зүйл сураад ирвэл салбартаа бага ч болов хувь нэмэр оруулах боломж гарна гэж итгэж байна.
Н.САРУУЛДӨЛ /iToim.mn, сэтгүүлч/: ЁС ЗҮЙГҮЙ БАЙДЛЫГ ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ
1. Сэтгүүл зүйн салбар нийгмийн сэтгэл зүйг барьж, залж явдаг юм билээ. Миний хувьд оюутан цагаасаа эхлээд iToim-д ажиллалаа. Энэ хоёр жил өнгөрүү хугацаанд нийгмийн сэтгэл зүй ямар эмзэг вэ гэдгийг маш сайн ойлгосон. Нэг л дуулиант мэдээ гарахад нийгэм яаж хүлээж авч, хариу үйлдэл гаргаж байгааг бид бүгд харж байна.
Тэгэхээр нийгмийн эмч гэгддэг сэтгүүлч бид хамгийн хариуцлагатай, нуруутай ажиллах ёстой. Ингэж ажиллахад редакцийн үүрэг маш чухал. Нийгэмд тархдаг ор үндэсгүй худал, тэнцвэргүй мэдээллийг редакцгүй газрууд л гаргадаг. Манай сайт мэдээг анхдагч эх сурвалжаас олж мэдлээ гэхэд заавал дахиж хоёр эх сурвалжаар баталгаажуулж байж мэдээлдэг. Хэрвээ эх сурвалжууд анхдагч эх сурвалжийн мэдээг баталгаажуулж чадахгүй тохиолдолд мэдээлдэггүй. Энэ бол редакцтай хэвлэлийн үүрэг бөгөөд хариуцлагатай ажиллахын эх үндэс юм. Хэвлэл мэдээллийн байгууллага үүгээрээ, мэргэжлийн байдлаараа л ялгарах ёстой.
2. Онолын хувьд сэтгүүлчийн үүрэг, хариуцлага, ёс зүйг нэгд нэгэнгүй заагаад өгчихсөн. Сэтгүүл зүй мэдээлэх, танин мэдүүлэх, зугаацуулах, хянах, зохион байгуулах, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн зургаан үүрэгтэй. Энгийн жишээгээр тайлбарлах гэж үзье. Нэг хүн гэмт хэргийн золиос болж нас барсан байлаа гэж бодъё. Энэ талаар сэтгүүлч мэдээлэхдээ “Ийм харамсалтай хэрэг гарчээ” гэх зэргээр өөрийн бодол, дүгнэлтийг оруулж бичих нь сэтгүүлчийн үүрэг болоод ёс зүйгээс гажсан үйлдэл. Тухайн хэрэг харамсалтай, харамсалгүй, хэрцгий гэдгийг сэтгүүлч дүгнэхгүй, харин зөвхөн ийм хэрэг гарчээ л гэж мэдээлэх үүргээ биелүүлэх учиртай.
Үүргээ биелүүлэхэд ёс зүй, хариуцлага заавал дагалдана. Би мэдээлэх үүргээ гүйцэтгэж байна аа гээд бусдын нэр хүндэд халдаж, хөнжил рүү нь, түрийвч рүү нь өнгийдөг байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Ийм сэтгүүлч нар дөнгөж төлөвшиж буй залуу үеийн сэтгүүлч бидэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа шүү гэдгийг зориуд хэлмээр байна. Ийм сэтгүүлч нарыг салбараараа жигшдэг соёлыг бий болгох хэрэгтэй юм болов уу гэж боддог. Нөгөө талаар, нийгэмд ёс зүйгүй үйлдэл гаргадаг сэтгүүлч нараар бүх сэтгүүл зүйн салбарыг төлөөлөн ойлгож байгаад их харамсдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг ёс зүйтэй, ханатай сэтгүүлчид салбарт минь олон бий. Чанартай юм уншъя гэвэл эрэлч, хайгуулч хандаж байгаарай гэж хэлмээр байна.
3. Надад томдох асуулт юм байна шүү, энэ /инээв/. Хэвлэл мэдээллийн байгууллагыг нэгнээ буудах зэвсэг гэж хардаг хандлагыг болиосой л гэж хүсдэг. Боломжгүй хүсэл байж мэдэх юм. Улстөрч бүр дороо нэг хэвлэл мэдээллийг байгууллагатай, тэгснээ мөрөөр нь ажиллуулахгүй өрсөлдөгчөө доошоо хийлгүүлэх, иргэдийн тархийг угаах зэрэгт ашиглана. Сэтгүүлч эзэнтэй цөөн хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаа шахна, мөнгөөр зодно, сэтгүүлчдэд нь өндөр цалин амлаж авч явна. Бид ийм салбартаа хайргүй байж болохгүй.
Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний энэ өдрийг далимдуулан үеийн залуусдаа хандаж уриалж байна. Ирээдүйд бид энэ салбарыг авч явах болно. Тэр үед салбар чинь ямар байх вэ гэдэг өнөөдөр чиний хийж байгаа үйлдлээс, өнөөдөр хэр их зүйл сурснаас чинь шалтгаална. Аль болох их суралцаж, их уншиж, ёс зүйтэй, хариуцлагатай, сэтгүүл зүйн чигтэй, салбартаа хайртай ажиллацгаая. Бүх сэтгүүчиддээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.
О.БОЛОР-ЭРДЭНЭ /NTV, сэтгүүлч/: СЭТГҮҮЛЧ БОЛ НИЙГМИЙН ТОНШУУЛ
1. Залуу сэтгүүлчийн хувьд мэргэжлээрээ ажиллахад эх сурвалж хамгийн чухал. Нэг үгээр хэлбэл сэтгүүл зүйг эх сурвалжгүйгээр төсөөлшгүй. Тэд нэг төрлийн баримт, факт болдог. Тиймээс сэтгүүлзүйд эх сурвалжийн гурван түвшнөө баримталж ажиллах хамгийн чухал. Нэгэн компаний буруугаас болж хохирсон гэж иргэн мэдээлэл өгч болно. Эргээд хохироосон гэх байгууллагаас мэдээлэл авах ёстой. Тэд "бид хохироогоогүй ээ, хуулийн дагуу бол тухайн хүн үүргээ хүлээгээгүй" гэдэг мэдээллийг ч өгч болно. Харин үнэхээр Хохироосон бол яагаад гэд тодруулах шаардлагатай. Аль аль тал өөрийн эрх ашгийн үүднээс мэдээлэл өгөх учраас гуравдагч эх сурвалж буюу төрийн байгууллага, эсвэл судлаач, хуульч зэрэг хөндлөнгийн экспертүүдээс мэдээлэл авч сэтгүүлч эхлээд өөрөө профессыг ойлгож, бүх талын эх сурвалжтайгаар мэдээллээ түгээх нь чухал. Энэ нь биднээс нэг талаас хариуцлагатай байхыг шаарддаг. Хариуцлагатай байхгүй бол нэг үсэг, нэг тоо алдахад л иргэдэд ташаа мэдээлэл хүрэх учраас анхааралтай байхыг ёстой.
2. Сэтгүүлч бол нийгмийн тоншуул шувуу. Тоншуул шувуу өттэй модноос өтийг нь түүж эрүүлжүүлдэг. Би сэтгүүлчийн ажлыг үүргийг тоншуул шувуутай зүйрлэж боддог. Нийгэмд болж буй өрнөл, үйл явдлуудыг сэтгүүлч хүн зөвхөн дамжуулаад л орхихгүй байгаасай гэж хүсдэг. Ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжихэд гарах эерэг болон сөрөг үр дүнг харж, олон нийтэд цогц мэдээлэл өгөх нь иргэний мэдэх эрхийг хангаж буй хэлбэр. Хийсэн мэдээ, сурвалжлагыг үзэж буй хүн хэдхэн минутанд багтаж үйл явдлын гол өрнөл, өнгөрсөн, одоо, ирээдүйг бүрэн зураглах боломжийг олгож товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх нь сэтгүүлчийн ажлын чухал хэсэг, мөн үндсэн үүрэг. Түүнчлэн нийгэмд болж буй шударга бусыг баримтанд тулгуурлан ил гаргаж,
ёсзүйтэйгээр мэдээлэх ёстой. Энэ нь бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаараа дамжуулан модон дахь өт хорхойг сугалан гаргахтай нэгэн адил юм. Харин сүүлийн үед өтсөн модноос өт сугалах бус өөрсдөө заримдаа өт аваачиж эрүүл модонд суулгаж байгаа цөөн хэдэн жишээ ч бий. Ёсзүйгээ баримталсан цагт сэтгүүлзүйн салбарынхан бие биедээ үлгэрлэж, энэ бүхэн байгалийн жамаар эргэж илааширч бүгд ажилсаг тоншуул болж хувирна гэж итгэдэг.
Сэтгүүлч бид нийгэмд бугласан буглааг ил гаргаж, идээ бээрийг нь шахахын зэрэгцээ болж буй сайн сайхныг ч зэрэгцүүлэн мэдээлэх ёстой. Сайн байж муу, муу байж сайн оршдог. Хар цагаан хосолсон арга билиг ертөнцийг тэнцэржүүлж байдагтай адил байнга болж бүтэхгүй байгаа зүйл, гэмт хэргийн талаар мэдээлвэл нийгэмд уур бухимдал, түгшүүр ихээр үүсдэг. Тийм учраас бизнес эрхэлж буй залуу хос, гэрээрээ үйлдвэрлэл эрхлээд хэнээс ч гуйхгүйгээр амьжиргаагаа өлхөн залгуулдаг хөдөлмөрч нэгэн, өглөө гарч алхснаар илүүдэл жингээсээ ангижрсан эмэгтэй гэх мэт бидний эргэн тойронд болж бүтэж байгаа зүйлс ч олон. Сайн сайхныг мэдээлвэл бусад үлгэр дууриалал авч, өөртөө болон хайртай гэр бүлдээ хэрэгжүүлж,, аливааг эерэг талаас нь харах хандлага руу хөтлөх ч бас бидний ажлын үндсэн үүрэг гэж би боддог. Тэр ч утгаараа нийгэмд болж буй эерэг бүхнийг цаг алдалгүй мэдээлж, эрж хайж олохыг ч залуу сэтгүүлчийн хувьд зорьж тэмүүлж байна.
3. Хувь сэтгүүлчийн хувьд ёс зүйтэй байснаар сэтгүүлзүйд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж боддог. Оруулсаар ч байх болно. Сэтгүүлч бүр дор бүрнээ ёс зүйтэй байвал салбар эрүүлжнэ. Тэгэж чадвал болж, бүтэхгүй байгаагаа шүүмжилж, залж залруулж хамтдаа цааш урагшилна. Ёсзүйтэй байж чадвал баримтын алдаа гаргахгүй. Ёсзүйгээ хадгалж чадвал эх сурвалжийн гурван түвшнөө барьж мэдээ мэдээлэл бэлтгэнэ. Ёсзүй бүхний суурь учраас цаашдаа сэтгүүлзүйгээр сурч буй хүн бүрийг эхлээд "хүн байгаарай, хүнлэг байгаарай" гэдэг хандлагыг суулгаж, энэ талаарх хичээл ч ороосой гэж хүсдэг. Редакц бүр хуралдаж, болж буйгаа сайшааж, болохгүй байгаагаа шүүмжилж чанартай мэдээ, сурвалжилга, нийтлэл хийдэг байгаасай. Өнөөдөр маргаашийг аргацаасан зүйлс хувь хүнийг өөрийг нь явцуу байдалд оруулж, сэтгүүлчийн үзэг барьсан явцуу хүн буруу зүг рүү нийгмийг хөтлөх эрсдэлтэй. Ёс зүйг хамгийн эхэнд тавьж төлөвшүүлээсэй. Нийгмийн сүлжээ, техник технлоги хөгжихийн хэрээр хүмүүс бидний амьд харилцаа багасч, тэрээр хэрээр ёсзүй алдагдаж байна. Энэ нь сэтгүүлзүйн ирээдүйн чиг хандлагад ч хамааралтай болж учраас редакци, редактор, сэтгүүлч, сурвалжлагч бүр "би, бид хаана нь байна вэ?" гэж өөрөөсөө нэг асууж, одоо байгаагаа болон ирээдүйн чиг хандлагаа тодорхойлоосой гэж хүсч байна.
ҮЗЭГ.ИНФО сайтын редакц