Ван Игийн айлчлалын "богц"-нд юу багтах вэ?

Монголын Засгийн газрын тэргүүн энэ оны хоёрдугаар сарын эхээр БНХАУ-д айлчлал хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж байлаа. Одоогоос зургаан сарын өмнө, Л.Оюун-Эрдэнэ танхимаа эмхэлснээс яг жилийн дараа урд хөршийг зорьсон агуулга нь товчхон ч, асуудал нь тодорхой эл айлчлалын зорилго ганцхан зүйлд чиглэж байв. Тэр нь "Шинэ сэргэлтийн бодлого". Боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлт зэрэг үндсэн зургаан багц асуудлын хүрээнд 20 төслийг үе шаттай хэрэгжүүлэх үүргийг парламентынхаа өмнө хүлээснээс сар гаруйн дараа урагшаа хил давсан Засгийн газрын тэргүүний айлчлал мэдээж шалтгаантай. Цар тахлаас үүдэлтэй амаргүй цаг үед агшсан эдийн засгаа эрчимжүүлж, солонгоруулах Засгийн газрын, Ерөнхий сайдын том амбийцыг богино хугацаанд бодитоор зураглах гол үзүүлэлт нь боомт болон эрчим хүчний сэргэлт. Монгол Улс үйлдвэрлэгч орон болох нь үнэн л юм бол дотоодоос эрчим хүчээ 100 хувь хангах нь зүйн хэрэг. Эрчим хүчний хараат бус байдал хэдий чинээ найдвартай байна төдий чинээ тусгаар тогтнол баталгаажна.

Нэмээд 21 аймаг, 330 суманд хүнд, хөнгөн үйлдвэр хөгжиж бодит хөрсийг цутгана. Том зургаараа аж үйлдвэржилтийн сэргэлт тэндээс л эхэлнэ. Монгол Улс үйлдвэрлэгч улс болох 32 жилийн цаасан дээрх "мөрөөдөл" тэгж л биеллээ олно. Төдийгөөс өдий хүртэл тунхаг төдий явж ирсэн УИХ, Засгийн газрын тогтоол хэрэгжиж, үр ашиг нь улсын хөгжилд ирнэ. Ингэхийн тулд, эл "мөрөөдөл"-ийг биелүүлэх ганцхан үндэслэл, гаргалгаа нь эрчим хүч, боомтын сэргэлт. Нааштай мэдээ нь гэвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голынхыг эхлүүлэхээ амласан нь саяхан. Баруун хязгаар Баян-Өлгийд ажиллах үеэрээ хэлсэн нь 10 хүрэхгүй хоногийн өмнөхөн юм. Нэгэн жарны хугацаанд нэгжээд байтугай нэг ч эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, тэр хэрээрээ станцуудынх нь ашиглалтын хугацаа "тэтгэвэр"-тээ суусан Монгол Улсад 450 мВт-ын хэрэгцээ шаардлага үүссэнийг бид зүгээр ч сэтгэлийн хөөрлөөр гаргаад тавьчихаагүй. Хэрэвзээ Эрдэнэбүрэнг ашиглалтад оруулж, Эгийн голын усан цахилгаан станцыг араас нь зүтгүүлчихвэл 310 мВт-ыг нь дотоодоос хангах бүрэн боломжтой тооцоолол хүссэн ч, эс хүссэн ч ийм гарц руу хөтөлж буй.

Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед өөрсдөдөө байгаа нөөц боломжийг ашиглаж, эрчим хүчний хараат байдлаас гарах гаргалгаа нь Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц гэдгийг бүх түвшинд хүлээн зөвшөөрсөн нь 1990 оноос хойшхи 32 жилийн хугацаанд хамгийн том дэвшил, зоригтой алхам байв. Угтаа бол эдгээр усан цахилгаан станцын төсөл 1990 оноос эхэлж ярьсан, Монгол Улсын хувьд нэн шинэ юм биш. Аль 1964 оноос энэ хоёр эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах эсэхийг ЗХУ-ын мэргэжилтнүүд судалж байсан түүхтэй. Гэвч яг ямар шалтгаан үндэслэл, тооцооллын хүрээнд хоёр нийгэм дамнуулан хойшлуулж, гацааж, бүр сураг алдарч ирснийг хэлж мэдэхгүй. Популист улстөрчдийн урхаг, түүгээр дамжуулсан их гүрний бодлого ч нөлөөлсөн нь л жин дарах байх. Гагцхүү 1964 оноос уг сэдэл нь гарсан ч өнөөдрийг хүртэл таг гацаж, тэг зогссон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц энэ Засгийн газрын үед хөдлөх нь. Тэгэхдээ ОХУ-ын бус БНХАУ-ын санхүүжилтээр. Үүнийг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн ирэх сард Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд албажуулах нь. 

Чингэхдээ Эрдэнэбүрэнгээс гадна Багануурын цахилгаан станцын бас нэгэн бүтээн байгуулалтын санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх хүлээлт улс төр, нийгмийн хүрээнд үүсээд байгаа юм. Үндсэндээ Ван Игийн айлчлалын "богц"-нд юу багтах вэ? гэсэн АСУУЛТ-ын нэгээхэн ХАРИУЛТ нь цахилгаан станц тойрсон яриа хэлэлцээ байх магадлал нь өндөр гэсэн үг. Таван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах товтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт нь тэрбум ам.долларын өртөгтэй. 90 мВт хүчин чадалтай эл станц баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их. Бүрэн хангаад зогсохгүй эрчим хүчний системийн аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах тооцоололтой. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэргээр Монголын талаас хамаарах асуудлыг нь шийдвэрлээд эхэлчихсэн. Одоо БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт баталгаажсанаар энэ ондоо багтааж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх өөдрөг төсөөлөлтэй.

Багануурын цахилгаан станц ч ялгаагүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Багануурын уурхайг түшиглэсэн цахилгаан станц барихаар шавыг нь тавьсан ч дотоодын улс төрөө дийлээгүй. Нэр бүхий жагсачид, улстөрчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, эцэстээ энэ төсөл замхарсан юм. Эгийн голын усан цахилгаан станц ч ялгаагүй. 2006 онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр болсон ч Засгийн газар солигдсоноор ажил нь зогссон түүхтэй. Дараа нь 2011 онд дахин төслийн нэгж байгуулсан ч урагшлаагүй. Урагшлуулахыг ч хүсээгүй юм. Лав ОХУ-ын талаас Байгал нуурыг ширгээнэ гэж эсэргүүцсээр, хариуд нь монголчууд нөлөөлөл багатай гэдгийг нотлох гэсээр өнөөдөртөө золгожээ. Ийм нэгэн ээдрээтэй, эгзэгтэй, эмзэг, эсэргүүцэлтэй, гадаад, дотоодын нөлөөлөлтэй Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар барьж авч, бас зүтгүүлж эхэлсэн нь яах аргагүй түүхэн үйл явдал болж үлдэнэ.

Дан ганц нүүрс, зэсээс төсөвт оруулах мөнгөн дүнд найдаад суух бус Монгол Улсын улсын тусгаар тогтнол, хойд, урд хоёр их гүрнээс хараат бусаар хөгжих, хамгийн гол нь өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлах нь энэ Засгийн газар гэлтгүй 3.3 сая иргэний эрх ашигт хамаарах асуудал болчихоод буй. Тэдгээрээс нэн түрүүнд хэрэгжүүлэх зүй ёсны бодит шаардлага нь цахилгаан станц тэр дундаа Эрдэнэбүрэн, Эгийн голын төсөл гэдгийг энэ Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ТУГ"-аа болгож эхэлсэн нь яах аргагүй сайны дохио. 

Үргэлжлэл бий.

С.Гандөл