С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дэлхийн дипломат өрөг дээрх Монголын нүүдлийг одоо л ХАРЪЯ
АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын тусгай элч Жон Керри 2016 онд Төрийн нарийн бичгийн даргын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ "Монгол бол Орос, Хятад хоёр улсын дунд байрлах ардчиллын баянбүрд" хэмээн онцлоод буцаж байлаа. Оргүй ч үг биш. Монголыг далайд гарцгүй хэрнээ газар зүйн байршлаараа хоёр том гүрний дунд "бупер" улс хэмээн нэрийддэг. Гэхдээ өнөөг хүртэл бидний баримталж ирсэн бодлого нь өөрөө төвийг сахих. Гуравдагч хөршийн оролцоотойгоор эдийн засгийн бодлогод ОХУ, БНХАУ-ын аль нэг тал нь давамгайлахаас сэргийлдэг.
Харин энэ удаад геополитикийн өвөрмөц байршил, давуу талаа хэрхэн ашиглаж, зөв тоглолт хийх нь ОХУ, БНХАУ тэргүүтэй их гүрнээс гадна олон улсад гарах гол хэмжүүр гэдгийг хүлээн зөвшөөрөх амаргүй сонголтын өмнө бид зогсож байна. "Ковид-19"-ийн цар тахал, ОХУ-Украины дайны үйл явц ч "Ардчиллын баянбүрд" хэмээсэн Монгол Улс гадаад түвшинд ямар нүүдэл хийхийг хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн анхаарлын төвд аваачиж байх шиг. Украинд явуулж буй дайны үйл ажиллагаанаас үүдэж АНУ тэргүүтэй Европын улс орон ОХУ-ыг чиглэсэн дараалсан хориг арга хэмжээгээр үргэлжилж байна. Урд хөрш Хятад гэхэд Тайванийн асуудлаар АНУ-тай зөрчилтэй яваа. Хоёр хөршийнхөө дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох мэдээж ямар ч боломжгүй.
Гол нь дэлхий нийтээрээ эдийн засаг, санхүүгийн хямралтай яваа энэ цаг үед Монгол Улс хэрхэх вэ? Энэ асуултын хариуг холоос хайх хэрэггүй. Ерөөсөө л дэлхийн дипломат өрөг дээрх Монголын нүүдлийг одоо л ХАРЪЯ. Ингэж бичих ч хэд хэдэн үндэслэл байна. Тэр нь Монгол Улсыг чиглэсэн дараалсан айлчлалууд. Эхнийх нь Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өнгөрсөн тавдугаар сард Монголд айлчиллаа. Үр дүнд нь хоёр орны стратегийн харилцааг бэхжүүлэх, шинэ түвшинд гаргаж, "Ковид-19"-ийн цар тахлын дараах улс төр, эдийн засгийн харилцааг сэргээх асуудал баталгаажив. Араас нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурыг зориод ирлээ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн 11 жилийн дараа хийсэн эл айлчлалын хүрээнд "Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо" бий болгох, "Нийтийн орон сууцны хөтөлбөр", "Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх зэрэг гурван баримт бичиг байгуулсан. Цаашлаад Транзит Монгол Улсын зангилааг бий болгоход олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхээр болсон нь нэгэн аравны дараах Монголын Ерөнхий сайдын айлчлалын гол агуулга байв.
Сонирхолтой нь, АНУ-аас Монгол Улсад шинээр томилогдох Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанга Сенатын Гадаад харилцааны хороонд хийсэн тайландаа "Монгол Улс эрчим хүчний шилжилтийн нэн чухал үе шатанд байна. Хэрэв би ажиллахаар болбол Монгол Улс цэвэр эрчим хүчний ирээдүй рүү шилжихэд тусалж, дэмжих болно" хэмээсэн нь ОХУ, БНХАУ-д өгсөн том мессеж болсон нь лав. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард нэрийг нь дэвшүүлээд байсан юм. Өөрөөр хэлбэл, Японы Гадаад хэргийн сайдын айлчлал, АНУ-аас манайд суух Элчин сайдад нэр дэвшигчийн хэрэгжүүлэх ажлын тайланд дурдсан агуулга, Сингапурт харилцан тохиролцсон Ерөнхий сайдын албан ёсны хэлэлцээ хоёр хөршийн анхаарлыг Монгол руу чиглүүлэхээс аргагүйд хүргэв.
Үндэсний их баяр наадмын өмнөхөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчилж, Монголын байр суурийг тандаад буцлаа. Ерөнхий сайдын зүгээс ч Бичигт-Чойбалсан-Эрээнцав, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам. "Алтанбулаг" эдийн засгийн чөлөөт бүс болон хилийн боомтуудыг хөгжүүлэх дэд бүтцийг сайжруулах зэрэг төслөө ярив. Үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын байр сууриар тодордоггүй, ярихаас ч цааргалдаг Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх тулгалтыг ч хийж үзлээ. Тодорхой, тоймтой хариу сонсоогүй ч сайд С.Лавровтой тэр даруйд нь тохиролцоо хийсний үр дүнд АИ-92 бензинийг он дуустал нэмэхээргүй болов. Ирээд, буцдаг, тэгэхдээ ихэвчлэн гэдийдэг хойд хөршийн зүгээс энэ удаад буулт хийсэн нь өөрөө дэвшил. Монгол Төрийн бодлогыг алхам алхмаар хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл.
Удахгүй урд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И хоёр хоногийн айлчлал хийнэ. Айлчлалын агуулга нь Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэнэ сурагтай ч том зургаараа хилийн боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх Монголын Засгийн газрын зорилтыг хүлээн зөвшөөрөх таамаг бүхий хүлээлттэй байна. Тэгж гэмээн хилийн боомтуудаар хийх ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, тэр хэрээрээ эдийн засгаа тэлнэ. Сингапурт үзэглэсэн "Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо" байгуулах суурь хөрс нь боомтоос төсөвт төвлөрүүлэх мөнгөний хэмжээнээс хамаарна.
Монголыг зорих айлчлалын цуваа үүгээр хязгаарлагдахгүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мөн айлчлах товтой. Сайд Ван И-гийн айлчлалаас яг хэдхэн хоногийн дараа. "Дэлхийн дээвэр" гэгддэг НҮБ-ын тэргүүний Монгол Улсад хийх анхны айлчлал гэдгээрээ олон улсад эерэг сурталчилгаа болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг зориуд сонгож ирнэ гэдэг өөрөө том үйл явдал. Харин түүний айлчлалын хүрээнд ямар асуудлыг ярилцахаас шалтгаалж дэлхий нийтэд бас нэгэн хүлээлт үүсгэж буй. Дэлхийн дипломат өрөг дээрх Монголын нүүдлийг одоо л ХАРЪЯ гэж тодотгоод байгаагийн шалтгаан ердөө л энэ. Л.Оюун-Эрдэнийн танхимын гадаад бодлого энэ цаг үед л зөв, алсын хараатай ажиллах учиртай.
С.Гандөл