С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дахиад л Х.НЯМБААТАР...
Уг нь Х.Нямбаатар сайдын эрхлэх асуудлын хүрээ нь тодорхой, бас ойлгомжтой. Тэдгээрт нь эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хил хамгаалал, нийтийн хэв журам буюу цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, иргэний харьяал, оюуны өмч, архив зэрэг багтана. Гэвч өнгөрсөн хугацаанд Хуулийн сайд Х.Нямбаатар нийт 53 ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсанаас 22-ыг нь даргалж, дөрвийнх нь дэд, бусдад нь гишүүнээр ажиллажээ. Томоос нь дурдвал Оюу Толгойн хөрөнгө оруулагч талтай Монголын Засгийн газрыг төлөөлж, яриа хэлэлцээ хийх Ажлын хэсгийг ахалсан нь нааштай үр дүнд хүрч гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд түлхэц болсон юм. Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн нь ч үүнд хамаарна.
Сонирхолтой нь, тэр дахиад л гараад ирлээ. Ирлээ ч гэж Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын гишүүдэд өгсөн үүргийн дагуу шинээр байгуулсан Ажлын хэсгийг ахлахаар болжээ. "Урт нэртэй" хуулийг санагдуулам Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх Ажлын хэсгийн эрх, үүрэг нь мега төслүүдийг санаатайгаар гацаасан этгээдийг олж, илрүүлэн Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар шийдвэрүүлэх.
Сайд Х.Нямбаатар ч өөрөө хэлнэ лээ, "Сүүлийн 20-оод жилд стратегийн томоохон бүтээн байгуулалт ялангуяа донор орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрийн түвшинд стратегийн бүтээн байгуулалт явагддаггүй. Гэрээлэгч улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ бид хэрэгжүүлж чаддаггүй нөхцөл бий. Стратегийн бүтээн байгуулалт нь өөрөө улс орны эдийн засгийн хурдасгуур, хамгийн том хөшүүрэг нь. Гэтэл үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр хуулийн байгууллагад шалгуулна" гэж.
Бүхэл бүтэн тусгаар улсын эрчим хүчний эрх ашигтай холбогдох асуудлыг сумын ИТХ-ын дарга нь БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпинд бичиг явуулснаар хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан гэдгийг Х.Нямбаатар сайд зүгээр ч нэг эш татан хэлчихээгүй. Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Ерөнхий сайдын толгойд багтдаг томоохон мега төслүүд урагшилдаггүй, гацаанд ордог бодит шалтгаанд дотоодын тэмцэгчдийн оруулсан хувь нэмэр нь их. Ойрмогхоноос нь жишээ татахад Тавантолгой, түүнийг дагасан төмөр замын бүтээн байгуулалт. Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд ч энд хамаарна.
Өөрсдөө хийхгүй, өрөөлийг халгаахгүй ийм нэгэн эх оронч гэсэн гоё шошготой, жагсагч, тэмцэгч, гацаагчдын хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас үүдэлтэй урхагийг тоочвол олон. Ганц Гашуунсухайтын төмөр замыг 2013 онд ашиглалтад оруулсан бол хамгийн багадаа 80 их наяд төгрөгөөр хэмжигдэх бодит орлого төсөвт төвлөрч, улсын хөгжилд нэмэртэй байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ сануулсан удаатай. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын ахалсан энэ удаагийн Ажлын хэсэг хэрхэн ажиллахаас улс орны цаашдын хөгжлийн зураглал шалтгаалж мэдэх нь. Бүрэн зураглалаараа гадаад, дотоодын улс төрийн нөлөө, эрх ашгийн хамаарал хаана, хэний "халаас"-нд багцлагдаж, бас залуурдуулж явдгийг түрүүчээс нь олж илрүүлж, олон нийтэд нээлттэй зарлаж, хохирлоо нэхэмжлэх нь. Бусдад нь ч сургамж болох ёстой.
"Зориг эс хүрэвээс ухаан эс хүрнэ" гэдэг шиг Х.Нямбаатарын ахалсан Ажлын хэсэг хэрхэн ажиллахаас дараа дараагийн том төслийн хувь заяа дэнслэгдэнэ гэдгийг эрхбиш Хуулийн сайд өөрөө гадарлаж, тооцоолсон л байж таарна.
Г.Эрхэс