Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Боловсролын салбарт хэрэгжсэн 10 цахим алхам
Аж үйлдвэрийн IV хувьсгал нийгмийн бүхий л салбарт, түүний дотор боловсролын үйлчилгээнд үлэмж өөрчлөлтийг авчирлаа. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран суралцах боломжийг бүрдүүлэх “Цахим шилжилт” боловсролын салбарыг нөмрөөд иржээ. Сүүлийн гуравхан жилийн хугацаанд энэ салбарт ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсныг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын мэдээллийн технологийн төвийн мэдээллүүдээс харж болно.
Боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх, багшийн ажлын ачааллыг бууруулах, сургууль-суралцагч-эцэг, эхийн харилцаа, холбоог бэхжүүлэхэд чиглэсэн 10 өөрчлөлтийг танд танилцуулъя.
Нэг. Цэцэрлэг, сургуулийн элсэлтийн цахим бүртгэл
Элсэгчдийг бүртгэхээр сургууль, цэцэрлэгийн үүдэнд эцэг, эхчүүд хонон өнжиж, багш нар жижүүрлэн сууж, гараар бичиж тэмдэглэдэг байсан цаг саяхан. 2019-2020 оны хичээлийн жилд зөвхөн Чингэлтэй дүүрэгт хийсэн туршилтыг энэ жил e-mongolia.mn-ээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулснаар олон хүнийг урт дарааллаас чөлөөлж, багш нарын ачааллыг бууруулж чадлаа. Ингэснээр есдүгээр сарын 1-ний байдлаар нийслэлийн хэмжээнд 111542 хүүхдийг цэцэрлэгт, улсын хэмжээнд 46671 сурагчийг нэгдүгээр ангид бүртгэсэн байна. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа” хэмээн мэдэгдсэн нь нэг талаар боловсролын салбарт хийсэн цахим шилжилтийн үр дүн байлаа.
Хоёр. Боловсролын баримт бичгүүдийн цахим лавлагаа
2019 оны хавраас эхлэн суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийг Боловсролын салбарын мэдээллийн системээс хэвлэн олгодог болсон байна. Ингэснээр гараар бичихдээ бичилтийн техник алдаа гарах эрсдэл арилж, бичилт хийх, баталгаажуулахад зарцуулах хугацаа, зардал багасаж, багшийн ачааллыг бууруулсан нь мэдээж. Мөн боловсролын баримт бичгийн эх хувийг цахим хэлбэрээр мэдээллийн санд хадгалдаг болсноор тухайн баримтад хэвлэгдсэн QR кодыг ашиглан лавлагаа өгөх боломжтой болжээ.
Лавлагаа авах шаардлага гарвал та e-mongolia.mn систем болон ESIS аппликейшнд хандах хэрэгтэй. 2019 оноос хойш 9 дүгээр анги төгсөгчдийн суурь боловсролын гэрчилгээ, 12 дугаар анги төгсөгчдийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, 2011 оноос хойш их, дээд сургууль төгсөгчдийн дипломын тодорхойлолтыг та цахимаар авч болно. Мөн ЕБС-ийн улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар, ЭЕШ-ын лавлагаа, шалгуулагчийн мэдээллийг цахимаар авах боломжтой.
Гурав. Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд цахимаар бүртгэл
Scolarship.esis.edu.mn сургалтын тэтгэлгийн системд хагас жилийн хугацаанд 195 мянган удаа хандсан нь Монголын нийт оюутны тооноос давсан үзүүлэлт юм. Өнгөрөгч хичээлийн жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн бүртгэлийг уг системээр хийснийг оюутнууд мэдэж байгаа.
Уг системд Австрали, Япон, Солонгос, Франц, Польш, Унгар зэрэг Засгийн газрын тэтгэлэг бүхий 21 улсын тэтгэлгийн мэдээлэл байдаг ажээ.
Дөрөв. Үдийн хоолыг хянах цахим систем
Боловсролын салбарт үдийн хоолны цахим хяналтын системийг нэвтрүүлжээ. Сургууль, цэцэрлэгийн тогооч тухайн өдөр хийсэн хоолныхоо зургийг уг системд оруулснаар сургуулийн эмч, хоол зүйч, түүгээр зогсохгүй БШУЯ, аймаг, дүүргийн боловсролын газраас ч хараад хянах боломж бүрдсэн юм байна.
Мэдээж эцэг, эхчүүдэд энэ боломж нээлттэй. Гэхдээ Parent.edu.mn болон ESIS аппликейшнийг ашиглаж, ангийн багшаар зохих холбоосыг идэвхжүүлсэн байх шаардлагатай.
Тав. Боловсролын байгууллагуудын цахим төсөв
Боловсрол, шинжлэх ухааны яам 2021 онд Монгол Улсын хэмжээнд анх удаа салбарын төсвийн төслийг цахимаар нэгтгэн хүлээж авсан. Цахим төсвийн төсөлд шилжсэнээр улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэж, нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилсөн гэж салбарын яам үзэж байна. Мэдээж төсвийн төслийн санал, нэгтгэл алдаагүй, нэг стандарттай болно. Ийнхүү цахим шилжилт хийснээр тус салбарын төсөв сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдсэн гэнэ.
Зургаа. “Оюутан цэрэг” сургалтын цахим бүртгэл
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах бүртгэлийг 2022 онд анх удаа e-mongolia.mn-ээр явуулж, нийт 1472 оюутан бүртгүүлжээ. Тэднийг голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, биеийн тамирын шалгалт авснаар 490 оюутан сургалтад тэнцжээ. “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан байдаг.
Долоо. Medle платформ
Нэвтэрсэн үед дата унадаггүй энэ санд аль ч сум, суурингаас, хилийн чанадаас ч орж болно. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн бүх сурах бичгийн цахим хувилбар, 4140 теле хичээл, 1670 цахим хичээлийг энэ платформоос үзэж, давтан судлах боломжтой юм байна.
Мөн хүүхэд багачуудад сонирхолтой хэлбэрээр үзүүлсэн интерактив хичээл, байгалийн ухааны хичээлүүдийн виртуал лабораторийн туршилтууд ч тэнд багтжээ. Түүнчлэн гэр бүлийн болон насан туршийн боловсрол, цахим ур чадварын хичээлүүд багтснаараа зөвхөн хүүхэд багачуудын “орох газар” биш ажээ.
Medle.mn платформын ээлжит хичээлийн цахим контентийн сан нь долоо хоног тутам баяжиж байдаг онцлогтой бөгөөд 2023 онд багтааж нийтдээ 16500 хичээлийг байршуулна гэлээ.
Найм. Эцэг, эхийн цахим систем
Хэрвээ та эцэг, эх бол Parent.edu.mn буюу эцэг, эхийн системийг ашиглах хэрэгтэй. Ингэснээр хүү, охиныхоо хичээлийн хуваарь, гэрийн даалгавар, дүн, ирцийг өдөр бүр хараад явна гэсэн үг. Тэгэхээр ангийн багшид намар хүлээлгэж өгөөд хавар хүлээн авдаг “уламжлал” үгүй болжээ. Хүү, охиндоо тавих таны анхаарал тэдний хандлага, хариуцлага, хүмүүжил, сурлагад эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй.
Ес. Багшийн цахим журнал, сурагчийн цахим хувийн хэрэг
Саяхныг болтол багш нар цаасан журнал дээр сурагчдынхаа нэрсийг хичээл, хичээлээр нь ахин дахин хуулан бичдэг байсан. Тэгвэл одоо Боловсролын салбарын мэдээллийн систем болон ESIS аппликэйшн ашиглан хичээлийн ирц, багшийн тэмдэглэл, дүн үнэлгээг бүртгэдэг болсон нь дээрх “хуулан бичлэг”-ийг үгүй болгожээ. Хамгийн гол нь багш бүрийн дээрх мэдээллийг сургалтын менежер, арга зүйч цахимаар хянаж, сургалтын менежер, сургууль, цэцэрлэгийн удирдлагын бүхий л тайлан, статистик дээд газар, салбарын яамандаа программ хангамжийн тусламжтайгаар нэгтгэгдэг болжээ.
Арав. Сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт
Ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтын суурь болсон сонгон судлах хичээлийг багшлах хүний нөөц хангалтгүй, анги групп бүрдээгүй гэдэг шалтгаанаар үзэх боломжгүй байсныг энэ хичээлийн жилээс эхлэн цахимаар судлах боломжийг бүрдүүлжээ. Сонгон судлах 15 хичээлийн судлагдахуун тус бүрээр зохион байгуулах үндэсний цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагч хамрагдах юм байна. Үүнийг илүү ойлгомжтойгоор хэлвэл Ховд аймгийн 10 дугаар ангийн сурагч Дорнод аймгийн багшийн хичээлд сууна гэсэн үг юм. Цахим шилжилт ийм боломжийг бидэнд олгожээ.
Эх сурвалж: БШУЯ