Д.Амарбаясгалан: Улс төрийн намын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстой

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Дав.Цогтбаатар, Б.Түвшин, Д.Ганбат, Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан нар хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг асууж, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих тохиолдолд хугацааг хэтэрхий урт сунгахгүй байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн улс төрийн намуудын үзэл баримтлал, үнэт зүйлтэй холбоотой суурь баримт бичиг болох хөтөлбөр боловсруулах асуудалд анхаарал хандуулж, шахаж ажиллах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль нь олон намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг авч тусган, чамбай боловсруулсан хууль бөгөөд дэвшилттэй олон чухал заалт орсон гэдгийг онцолж, улс төрийн намууд институцийн хувьд бэхжих шаардлагатайн дотор АН ч мөн энэ асуудалд онцгой анхаарч, цаг алдахгүй ажиллах хэрэгцээ бийг тус бүлгийн гишүүд ярилцаж, хуулийн хэрэгжилтийг 2028 он хүртэл хойшлуулах гэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Харин Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бусад намуудаас гаргасан санал, шаардлагыг харгалзан үзэх үүднээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж тус бүлгийн хуралдаанаас тогтсоныг мэдээлээд, МАН-ын хувьд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлж ажиллахад хүндрэл, бэрхшээл үүсэх зүйл байхгүй гэж мэдэгдэв. Тэрбээр Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэхээс гадна 2028 оны нэгдүгээр 01-нээс өмнө намууд нийт сонгогчдын нэгээс доошгүй хувийн буюу 22 мянган иргэний дэмжлэг авсан байх хугацаа тусгагдсаныг сануулж, энэ шаардлагыг хангахад Улсын Их Хуралд суудалгүй намууд анхаарч ажиллах нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ХҮН-д мөн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх, хуульд үйл ажиллагаагаа нийцүүлэх талаар ямар ч хүндрэл учрахгүй, ирэх долоо хоногт хуралдаад шийдчих чадвартай хэмээгээд, бусад намуудаас хүсэлт, санал тавьсан тохиолдолд хүндэтгэн үзэж, хэлэлцэх нь зүйн хэрэг гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Гэхдээ асуудлыг яаран шийдвэрлэх, цаг хугацааг давчуу, тулгуу тавих нь алсдаа сөрөг үр дагавар дагуулж болзошгүйг анхааруулаад, 2027 он хүртэл буюу хоёр жилээр хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа Үндэсний эвсэл үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн ажиллаж байгааг болон эвсэлд нэгдсэн Монголын ногоон нам, Монголын Үндэсний ардчилсан нам тус тусын дүрмийг шинэчлэн баталж, бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлээд байгааг мэдээлэв. Тэрбээр Монголын улс төрийн тогтолцоо болон намуудын төлөвшил, шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг Үндсэний эвсэл бүх талаар дэмжиж, намууд дүрмээ шинэчлэн, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн бөгөөд хэрэв хойшлуулах бол урт бус богино хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн дэвшилттэй, намуудыг төлөвшүүлэхэд ихээхэн хэрэг болохуйцаар батлагдсаныг онцлоод, анхны 126 гишүүн бүхий парламентад дангаар болон эвслээр нийт таван нам суудал авсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон улс төрийн салбарын эрх зүйн шинэчлэлийн үр дүн болохыг тэмдэглэн хэлсэн юм. Тэрбээр, намууд өөрийн дүрмийг шинэчлэн баталж, улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хойшлуулах тухай асуудал хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байгааг анхааруулаад, улс төрийн байгууллагуудын шинэчлэл, хөгжил, төлөвшилд хариуцлагатай хандах ёстойг онцоллоо.