Хөдөлгөөн, хөдөлмөр засалчаар мэргэжилтэн бэлтгэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн тайлангийн хурал боллоо. Хурлаар дэд зөвлөлийн гуравдугаар улирлын биелэлт, Засгийн газрын тэмдэглэлд боловсролын асуудлаар тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хэлэлцэв.
Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг  боловсролд тэгш хамруулахад чиглэсэн эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг орон нутагт сайжруулах, туслах багш бэлтгэх  шаардлагатай байгааг онцлон хэлж байлаа. МУБИС-ийн захирал О.Алтангоо тус сургуульд суралцаж буй оюутнууд “Тэгш хамран сургах боловсрол” хичээлийг заавал судлах хичээл болгох, мөн туслах багш бэлтгэх боломж байгаа талаар мэдээлэл хийв.

Хөдөлгөөн, хөдөлмөр засалч зэрэг шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх ажлыг эрчимжүүлнэБШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч болон бусад шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Уулзалтын төгсгөлд дэд зөвлөлийн дараагийн хурлаар дээд болон мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны  байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээллийг сонсохоор тогтов.

                                                                                                                                                               Х.Номин-Эрдэнэ