С.Амарсайхан: Хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаар ахлуулсан хотын удирдлагын баг Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав.


Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар. “Шинэ нисэх онгоцны буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. 21 агаарын хөлгийн зогсоолтой. Манай айрпорт зурвас маань 3.6 км урт, 45 метрийн өргөнтэй. Олон улсын шаардлага, стандартыг бүрэн хангасан. Нэг бүр нь 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой. Төслийн хүрээнд нийтдээ 33 барилга байгууламжийг бид хүлээн аваад байна. Мөн цас цэвэрлэх, онгоц чирэх зэрэг газрын тусгай үйлчилгээний 157 тоног төхөөрөмж, техник хэрэгсэл орж ирсэн байгаа. Засгийн газрын санхүүжилтээр Захиргааны барилга баригдаад дуусч байна. Нисэх онгоцны буудал бүхэлдээ ашиглалтад ороход бэлэн болсон. Нийслэлтэй нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал тойрсон ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний хувьд Сонгино дэд станцын асуудал дээр хамтран ажиллах асуудал байгаа” хэмээн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа нь бидний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хотын төвөөс наашаа сүүлийн үеийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх хэд хэдэн чиглэлийн төсөл хөтөлбөрийн судалгаа, зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байна. Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэргүйгээр нисэхийн үйл ажиллагаа явах боломжгүй. Сонгино дэд станцын ажил 2013 оноос хойш удаашралтай явагдаж ирсэн. Саяхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2020 оны төсөвт шаардлагатай байгаа 4 тэрбум төгрөгийг тусгахаар болоод бид нийслэл дээр гүйцэтгэгч компанитай нь эвлэрлийн гэрээ хийх ажлыг зохион байгуулж байна. Асуудлыг ерөнхийд нь шийдээд явж байна. Ирэх хавар гэхэд бэлэн болгох хэмжээнд яригдаж байгаа. Энэ бол хамгийн чухал асуудал.

Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндий, Төв аймаг цаашлаад бусад бүсчилсэн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийн хүрээнд бид дагуул хотуудаа хөгжүүлэхдээ шинэ нисэхийнхээ үйл ажиллагаатай уялдуулах ёстой. Ирэх хавар та бүхэн үйл ажиллагаа эхлүүлж, ажлаа хэвийн явуулахад нийслэлээс хамаарах бүх асуудал шийдэгдсэн байна гэж ойлгож болно. Нийслэлээс бүхий л асуудалд дэмжиж, хамтран ажиллах ёстой” хэмээв.

Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн босох “Аэросити” дагуул хотын хувьд долоон сургууль, 12 цэцэрлэг, нэг эмнэлэг, өрхийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн байна. 2022 онд 600 өрх, 2023 онд 800 өрхийн орон сууц барихаар төлөвлөгөөнд тусгажээ. Энэ ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс 25 мянган га газрыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлсний дараа ажил эхлэх юм байна. Төсөл хэрэгжсэнээр нийт 39 мянга гаруй ажлын байр бий болно гэж тооцжээ.

Хөшигийн хөндийн хурдны зам 99.75 хувийн гүйцэтгэлтэй байна

Хотын захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдын авто зам” барих төслийн явцтай өнөөдөр мөн танилцлаа.

“Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан” хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр ярилаа.