С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Уг нь Х.Нямбаатарын зөв!
Сайд Х.Нямбаатар дахиад л өөр дээрээ гал дуудав. Тэрбээр хууль, шүүх, хэн нэгэн улстөрчийг чиглэсэнгүй. Эсрэгээрээ "Мета" компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг уучлал гуйхыг шаардсан нь нийгмийн анхаарлыг тийш хандуулах шалтгаан болов. Асуудал ингэж үүссэн байдаг юм. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн агуулгаар фэйсбүүк платформын толгой компани "Мета"-гийн салбар хариуцсан захирал Жорж Чентэй уулзжээ, өнгөрсөн оны есдүгээр сард. Ажлыг хэсэг байгуулахаар ч харилцан тохиролцож. Гэвч Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлж, батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний хамгаалах тухай хуулийг баталснаас үүдэж Жорж Чен захирал бидэнд танилцуулаагүй гэх агуулга бүхий байр суурь илэрхийлсэн нь энэ өдрүүдийн ярианы гол сэдэв болов.
Үүнтэй холбогдуулж, сайд Х.Нямбаатар тайлбар хийхдээ "Mета"-гийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гарагт явуулах гэж байна. Тэр хүн надтай уулзсан, хуулийн орчуулга өгсөн, хамтарч ажиллая. Арваннэгдүгээр сард Ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэтэл намайг хамгийн худалч хүн гэж хэлж байна. Түүний надтай уулзсан хоёр цаг 30 минутын хурлын протокол, аудио бичлэг бий. Тэр үеэр мань нөхөр харин ч айхтар, айхтар зүйлс ярьсан шүү. Энэ хувь хүний асуудал биш. Бүхэл бүтэн туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж, дайрах нь байж болохгүй зүйл. "Мета" компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан и-мэйл явуулсан. Манай улсыг хоригт оруулж, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн и-мэйлүүд явуулсан. Надаас уучлалт гуй гэдэг зүйлийг хэлнэ. Уулзсан бүх протокол, бичлэгийг хавсаргана. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" хэмээн мэдэгдээд байгаа юм.
"Мета" компанийн Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал ч ийм уулзалт болсон, хамтран ажиллах талаар ярилцсан нь үнэн болохыг баталсан нь саяхан. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол сайд Х.Нямбаатарыг буруутгах аргагүй. Мэдээж түүний зөв. Танхимынхаа гишүүн Н.Учралын өргөн барьж, батлуулсан Олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талд зогсох нь Хуулийн сайдын хийх ёстой үйлдэл, үүрэг нь мэдээж мөн. Өөрөөр хэлбэл, "Мета"-гийн салбар хариуцсан захиралд хаягласан түүний байр суурийг хувь улстөрчийн гэхээсээ Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынх гэдэг талаас нь харвал зөв.
Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс л юм бол холбогдох хууль тогтоомж, журам төслөө хэнээс ч үл хамаарахгүйгээр, хараат бусаар боловсруулж, батлуулах нь зүй ёсны л хэрэг. Энд гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагаас санал дүгнэлт авах, хамтран ажиллах нь нээлттэй. Харин улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, хэрхэхийг нь зааварчилж, тулгахын нэр биш. Энэ өнцгөөс Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын Хуулийн сайд гэдгээрээ зарчмын, зүй ёсны шаардлагыг Жорж Ченд тавьсан байж таарах нь.
Өөр нэг асуудал энд бас байна. Юу гэхээр "Мета"-гийн салбар хариуцсан захирал Жорж Чен Монголын Хуулийн сайдтай уулзах үеэрээ яг юу ярьсан бэ? гэдэг АСУУЛТ. "Түүний надтай уулзсан хоёр цаг 30 минутын хурлын протокол, аудио бичлэг бий. Тэр үеэр мань нөхөр харин ч айхтар, айхтар зүйлс ярьсан шүү. Энэ хувь хүний асуудал биш" хэмээн Х.Нямбаатар сайд зүгээр ч нэг мэдэгдээгүй нь лав. Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирлын амнаас яг ямар ноцтой үгс унаж, тэр нь протоколд тэмдэглэгдэн үлдсэн нь өөрөө анхаарал татах сэдэв биш гэж үү?
Г.Эрхэс