Ерөнхийлөгчийн байр суурийг л харах үлдлээ

Хаврын ээлжит чуулган хөшгөө нээхтэй зэрэгцэн УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ерөөсөө л энэ хаврын чуулган бүхэлдээ авлигын эсрэг чиглэх тухай агуулгатай. “Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа” гэдгийг уг ярилцлагаар дамжуулан даргалдаг ангийнхаа журмын нөхдөд мөн дайжээ. Дайжээ ч гэж. Нүүрсний, төмөр замын оффтейк гэрээ болон Хөгжлийн банкны тэргүүтэй Авлигатай тэмцэх газраас нэрийг нь цохож, яллах дүгнэлт үйлдсэн, үйлдэхээр зэхэж буй хэд хэдэн гишүүнийг бүрэн эрхтэй холбогдох асуудлыг прокуророос парламентын босго давуулсан тохиолдолд зөвхөн зарчмын шалгуураар, хуулийн дагуу л асуудалд хандах спикерийн боловсон сануулга гэж ойлгохоор.

Хажуугаар нь Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлах ёстойг онцолсон нь анхаарал татах сэдэв. Үндсэндээ Г.Занданшатар даргын хэлж, онцолсон шиг энэ хаврын чуулган бүхэлдээ авлигын эсрэг чиглэх нь үнэн л юм бол хэрэгт холбогдсон гишүүдээ хүний өөрийн гэхгүйгээр, хамгаалж, хаацайлахгүйгээр хуулийн байгууллагаар шалгуулах нь. Өнөөдрийн байдлаар УИХ-ын талаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Засгийн газрын танхимаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан сайн дураараа бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтээ өгөөд байгаа юм.

Нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбоотой Ц.Анандбазар тэргүүтэй МАН-ын тав, А.Адъяасүрэн нарын АН-ын хоёр нийт УИХ-ын долоон гишүүний нэрсийг АТГ-ын комиссарууд зарлаад дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Хөгжлийн банкны хэрэгт албан ёсоор бүртгэлтэй дөрвөн гишүүн гэж тооцвол 13 гишүүний бүрэн эрхэд хамаарах асуудал энэ чуулганы хамгийн эхэнд хөндөгдөж таарна гэсэн үг. Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхэм ч энэ тоонд багтаж яваа нь хаврын улс төрийн уур амьсгалыг өрдөх бодит шалтгаан. Энэ хооронд, төдийгөөс өдий хүртэл нүүрсний хэрэгт холбоотой гишүүд өөрсдийн хэмжээнд байр сууриа илэрхийлж, бас хамгаалж ирсэн ч эцсийн шийдвэрийг парламент гаргана. Мэдээж Улсын ерөнхий прокурор албан ёсоор саналаа оруулж ирсний дараа. 

Лав гүйцэтгэх засаглал нь анхлан шүгэл үлээж, Ерөнхий сайд нь оройлон тэмцэж байгаа нүүрсний тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэргийг “шүүрдэх” санаачилгад УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэнээ ийн зарлалаа. “Миний хаалгыг онголзуулаад нэмэргүйг гишүүд маань мэдэж байгаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр.

Хоёрдугаарт, “Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална” хэмээх УИХ-ын даргын байр суурь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлах эсэхээс шууд хамаарна гэсэн үг. Авлигын учир шалтгаан хуульдаа, тогтолцоондоо бий учраас нэн тэргүүнд дээрх гурван хуулийг нэн тэргүүнд батлах ёстой гэх санаа.

Жил бүрийн Гуравдугаар сарын 1 буюу “Эх орончдын өдөр”-өөр МАН-ын дарга нар эн зэрэгцээд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд сүрийг үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалт ойлголт энэ жил яваагүй. Эсрэгээрээ Ерөнхий сайд, МАН-ын дарга нь парламентад суудалтай, суудалгүй намын төлөөллийг Төрийн ордонд цуглуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингэхдээ сонгуулийн холимог тогтолцоог бүрдүүлэх эсэх, Улс төрийн намын тухай хууль ба санхүүжилт гэсэн хоёр асуудлыг хөндөж, санал солилцсон удаатай.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, тойргийн эрх ашиг, хатуу гишүүнчлэл бүхий мөнгөний сүлжээнээс татгалзсан өөрчлөлтөд эрх баригч нам бэлэн байгааг МАН-ын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн нь одоо ч хуучраагүй байна. 2005 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй зэрэг агуулгатай Ерөнхий сайдын байр суурь Хаврын ээлжит чуулганы нээлтээс урьтаж УИХ-ын дарга Г.Занданшатарын амаар дахин баталгаажиж байх шиг. Гагцхүү хуулийн төслүүдийг хэн оруулж ирэх вэ? гэдэг нь л АСУУЛТЫН ТЭМДЭГ. 

Монгол Улсад хууль санаачлах гурван субъект бий. Тэдгээр нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар. Гурвуулаа адил тэгш эрхтэй ч эцсийн шийдвэрийг парламент дэнсэлж, мухарладаг. Эцсийн найруулгыг уншиж танилцуулан алх цохьсноор албажиж, хүчин төгөлдөр мөрдөгддөг. Ямар ч байсан Засгийн тэргүүний хэлж, ярьж, ТУГаа болгох болсон авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжихээс өөр сонголт үйлдээгүйг УИХ-ын дарга нь хүлээн зөвшөөрсөн нь асуудлыг хугацаа алдахгүй шийдвэрлэхийн нэг баталгаа.

Ингэхийн тулд Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлахаас бүрэн хамаарахыг ч онцоллоо. Хаврын ээлжит чуулган бүхэлдээ авлигын эсрэг чуулган гэдгийг ч мөн мэдэгдлээ. Тэгэхээр одоо ганцхан хүний байр суурийг харах үлдэж байна. Тэр нь мэдээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Түүний байр суурь ямар байгаа бол? Ядаж л хууль санаачлах эрхтэй субъект, Төрийн тэргүүний хувиар Улс төрийн намын тухай барьж аваад парламентын босго давуулах уу? гэдэг нь сонирхолтой.  Хаврын улс төр одоо л эхэлж байна.

С.Гандөл