Н.Мандуулд хаяглах ЗАХИАС

Монгол Улсад чөлөөт, нээлттэй зах зээлийн өрсөлдөөнийг бүрдүүлэх статустай ганцхан субъект бий. Нэр нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. О.Магнайг очсон 2012 оноос идэвхжиж эхэлсэн эл байгууллага ээлжит даргаа "өлгийдөн" авлаа. Тэр нь Н.Мандуул. Олон нийт түүнийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал гэдгээр нь эчнээ таних ч эл албаа бүрмөсөн орхиод Монголын зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг төгөлдөржүүлэхээр Улсын ерөнхий байцаагч болж ийн дэвшсэн нь зарим асуултыг дагуулах болов. Угтаа бол Н.Мандуулыг Хөгжлийн банкны удирдлагаар улирааж, үлдсэн өр авлагаа бүрмөсөн барагдуулахын араас явна гэсэн таамаг улс төрийн хүрээнд саяхныг хүртэл байлаа. Байлаа ч гэж дефолт зарлах эрсдэлд орсон банкийг хүлээж аваад хөл дээр нь босгож, 1.3 их наядын зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлсэн хүн ийм хэмжээний хүлээлт үүсгэх нь зүйн хэрэг.

Гэвч энэ бүх эерэг үзүүлэлт бүхий ажлын гүйцэтгэлээ орхиод улстөрчдийн олонд танигдах гишгүүр болтлоо "үнэлэмж" нь буурсан агентлагийн даргын тамга атгаж, буйр сэлгэсний ард хэний, ямар ашиг эрх ашиг яваа нь өөрөө АСУУЛТЫН ТЭМДЭГ. Лав тэр өөрөө хүсч, санал тавьснаар энэ албанд очоогүй л байж таарна. Хувь хүнийхээ өнцгөөс улс төрд орох ямар ч сонирхол өнөөдөртөө байхгүй гэдгийг хэвлэлд ярьсан нь сар гаруйн өмнөхөн. Харин түүнийг ШӨХТГ-ын даргаар томилсон өдрөөс албан ёсоор улс төрийн замналынх нь тоолуур гүйж эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр албажиж, Ерөнхий сайд алх цохьсон учраас. Тиймээс ШӨХТГ-ын шинэ дарга Н.Мандуулд хүргэх ЗАХИАС байна.

УИХ-аас 1993 онд баталж, 2010 онд шинэчлэн найруулсан Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь ШӨХТГ-т хамаардаг. Хэнийг томилохоос илүүтэй хуулиа хэрхэн дагаж мөрдөх нь эл газар байгаа шалтгаан. Гэвч өнгөрсөн 13 жилийн хугацаанд тусгайлсан хуулийн дархлаатай явж ирсэн ШӨХТГ хэмээх энэ байгууллагын үйл ажиллагаа чөлөөт зах зээлийг бүрдүүлэх эрхэм зорилгоо биелүүлсэн үү? гэвэл үгүй. Бараг байхгүй. Намын, даргын томилгоотой хэдэн хүний томорч, тодордог индэр нь, тойрч сэлгэдэг суудал, улстөрч болох замаа засч, зураглаад гардаг ердөө төрөл арилжих дундын буудал төдий байлаа. Одоо ч байсаар л байна. О.Магнай ч тийм байсан, Т.Аюурсайхан ч түүнийг нь үргэжлүүлсэн. Д.Мөнхтөр, Б.Лхагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Гантулга, С.Мөнхчулуун нар ч өмнөх даргынхаа үлдээсэн дүр зургийг өөрсдийн "имиж" болгож ашигласаар л ирсэн.

Ерөөсөө л өмнөх дарга нараасаа давсан поп мэдэгд хийх хамгийн том тайз нь ШӨХТГ өөрөө болсон түүхтэй. Гагцхүү тамга, тэмдгээ хүлээж аваад удаагүй байгаа Н.Мандуул энэ буруу жишгийг үргэлжлүүлэх үү? эс бөгөөс байгууллагадаа засаглалын реформ хийх замаар ардаа ямар нэгэн айдас, дарамт, шахалтгүйгээр чөлөөт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгох уу? гэдэг нь түүнд хаяглах эхний АСУУЛТ.

Уг нь зах зээлд давуу байдал үүсгэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь энэ байгууллагын үндсэн үүрэг. Хуулиар олгосон статус нь. Бусдаар хэнээс, хаанаас хэрхэн үйлчилгээ авах, ямар үнэ өртөг төлөх нь тухайн хэрэглэгчийн сонголт. Тэр бүгдэд өрсөлдөөн бий болох нь чөлөөт зах зээлийн зарчим. Хэрэглэгч байгаа газарт өрсөлдөөн байх нь мэдээж. Ийм энгийн атлаа ойлгомжтой зах зээлийн зүй тогтлыг ШӨТХГ-ын үе үеийн дарга нар мэдэхгүй биш мэдэж л байсан. Гадарладаггүй юм гэхэд хуулиар хүлээсэн үүрэг, дагаж мөрдөхөөс өөр аргагүй болохоор.

Гэвч энэхүү эрх үүргээ өөртөө давуу болгон ашиглаж ирсэн нь ШӨХТГ-ын дарга нарын эрхэм зорилго болчихсон учраас л улстөрчдийг бэлтгэх дамжаа болгочихоод байгаа юм. Одоогийн шинэ дарга Н.Мандуулыг ч олон нийт тэгж л харна, бас хардана. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хууль гэх малгайн дор хэрэглэгчийн нэрийн өмнөөс хувийн хэвшлийн үйл ажиллагааг хясан боогдуулдаг, Төрийн нүүрээр том дүнтэй торгууль ногдуулдаг, эцэст нь чөлөөт зах зээлийн зарчмаа үгүйсгэдэг аварга механизмыг хөдөлгөгч хөшүүрэг нь ШӨХТГ болчихоод байгааг өөрчилж, нээлттэй, өрсөлдөөний тал руугаа үнэхээр явах уу? гэдэг нь Н.Мандуулд дайх хоёр дахь АСУУЛТ. Хуулийн хэрэгжилтийг хангаж, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилго болохоос ардаа крантай улстөрчийн карьер хөөх албан тушаал биш гэдгийг тэр хэнээр ч хэлүүлэлтгүй гадарлах л учиртай.

Саяхан даа, "ТОП-100" аж ахуйн нэгжийн шалгаруулалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарчмын гэмээр байр суурийг онцолсон. "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана" гэж. Монгол Улсын ДБН-ний 74, татварын орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж буй шилдэг 100 компанийн төлөөллийн өмнө хэлсэн эл үгийн агуулга нь тодорхой. Ерөөсөө л Төр гэхээрээ хувийн хэвшлийн үйл ажиллагааг хааж, боож, хязгаарлаж, торгодог хандлагаар цааш явахгүй. Аль болох хамтарч, дэмжих талаас нь ажиллаж байж улсаараа урагшилна гэсэн санаа. Энэ нь ШӨХТГ, шинэ дарга Н.Мандуулд ч хамаарах асуудал гэдгийг зориуд тодотгоё.

Эрэлтэд нийцүүлсэн нийлүүлэлт хийх нь өөрөө бизнесийн зарчим. Заавал Төрөөс, тэр дундаа ШӨХТГ-аас шалгалт хийж, түүнийгээ хэвлэлээр гавьяа байгуулсан "баатар"-ын энтэй зарлахын нэр лав биш. Зах зээл байгаа цагт хэрэглэгч байж л таарна. Харин өнөөдөр ШӨХТГ-ынхан юу хийж байна, дарга нар нь ямар дүр зураг үлдээв? Үүрэн холбооны оператор, шатахуун импортлогчид, арилжааны банк тэргүүтэй хувийн хэвшлүүдээ хайчин галд оруулдаг, нухчин дардаг, том дүнтэй торгууль ногдуулж явсаар эцэстээ чөлөөт зах зээлийнхээ хамгийн том дайсан нь болохдоо тулав.

Сүүлд нэр бүхий IPTV үйлчилгээ эрхлэгч, гурил үйлдвэрлэгч рүү чиглэсэн шалгалт оруулж, заримд нь торгууль ногдуулснаа өмнөх дарга нь сүр дуулиантай мэдэгдэж л явлаа. Үүнд нь эгдүүцсэн "Алтан тариа" компанийн зүгээс гурилын үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмэгдүүлэхээ мэдэгдсэн удаатай. Ил хэлсэн нь энэ болохоос Төрийн төмөр нударгаар далайлгадаг, үйл ажиллагааг нь торгууль нэрийн дор боомилдог байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ч, бизнесээ, тэнд ажиллаж байгаа ажилтнуудынхаа нийгмийн баталгааг баллуурдчихгүйхэн шиг чимээгүй тэсч тэвчээд яваа нь олон.

Одоогийн дарга Н.Мандуулын тухайд харьцангуй шинэ, улс төрөөс хол фигур учраас "ах нар"-ынхаа гаргасан уг жимээр алхахгүй эсрэгээрээ чөлөөт зах зээлийнхээ зарчмыг хамгаалах найдлага төрүүлэх нь цаг хугацааны л асуудал. "Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, дэмжиж хамтран ажиллана" хэмээх Ерөнхий сайдын үг бодит биеллээ олоход ШӨХТГ-ын дарга Н.Мандуулын оролцоо ч жин дарж мэднэ.

Г.Эрхэс