Микрофонтой ЭЭЖ-2

Түрүүч нь http://uzeg.info/i/8293

Үзэгчдийн гарт байгаа удирдлагыг тэсрэх бөмбөгтэй зүйрлэ!

Монголын телевизүүд дундаас NTV өөрийн гэсэн школтой. Тогтсон дүрэмтэй. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гэж байна. Товчхон бас ойлгомжтой гарын авлага. Эргэлзээтэй юм гарах бүрд гаргаж ирээд уншина. Бүр эргэлзвэл туршлагатай зарим руу утасдана, асууж зөвлөгөө авна. Хамгийн гол нь, үзэгчдийн өмнөөс өөрсдийгөө тавьж мэдээллээ бэлтгэх нь энэ телевизийн алтан дүрэм. Сэтгүүлчдэдээ тавьдаг шаардлага. Сэтгүүлч мэдээ бэлтгээд ирэхэд нь асууна. “Чамд сонирхолтой байна уу”? гээд. Тийм биш бол үзэгчид сонирхолгүй. Асуудлаа зөв дэвшүүлж, өнцгөө тодорхойлох ёстой. 

Хэвлэлийн хурлаас протокол бэлтгэж ирэхээс аль болох татгалзана. Өглөө болгон сэтгүүлчдээсээ хоёроос гурван сэдэв нэхнэ. Дарамттай байж болох ч бусдаасаа өөр өнцгөөр мэдээлэх нь зүйн хэрэг. Хамт олон нь албаны групп чатандаа хүртэл түүнийг “Тэнгэрийн ташуур” гээд нэрлэсэн гэнэ. “Мэдээ дайны үед үүссэн гэж үзвэл чиний нуршсан текст явж байхад бөмбөг дэлбэрлэвэл хүн мэдээллээ авч чадахгүй нь. Орчин цагийн дэлбэрэх бөмбөг нь үзэгчдийн гарт буй удирдлага. Хэрэггүй ганц өгүүлбэр хэлэхэд NTV-гийн үзэлт будаа болно. Энэ хүртэл явж ирсэн телевизийнхээ нэр хүндийг хайрлах ёстой” гээд захина. Үзэгч тухайн газарт нь очиж үзээгүй. Юу бэлтгэж, нэвтрүүлэхээс ойлголт авах учраас хаа, хаанаа хариуцлага мөн мэдрэмж шаардана. Сэтгүүлчид мэдээний эх сурвалжтайгаа холбогдож чадахгүй хаалга мөргөөд ирэх нь цөөнгүй. Энэ тохиолдолд бага зэргийн эгдүү төрнө.

Хувь сэтгүүлчийн сүүхэйгүй зангаас л холбогдох хүнтэйгээ уулзаж чадаагүй гэж зэмлэл хүртээнэ. Хүнээ олохын тулд төлөвлөх ёстой. Бас бусдыг хүндлэх ёс зүйтэй байлгах гэсэн удирдлага хүний санаа. Удирдлага нь ямар ёс зүйтэй байна? Сэтгүүлч нь тийм л байна. Үнэхээр нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн тохиолдолд редакцийн нэрийн өмнөөс уучлал гуйна. Редакцийн ёс зүй гэж нэг юм байна. Сэтгүүлч нь бүтэн өдөржин яваад юм хийгээд иртэл оруулдаггүй тохиолдол цөөнгүй. Анхнаасаа хөрөнгө оруулагчид нь телевизийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ яг цав тохиролцжээ.

Нөхөр нь хааяа учирлана. “Хувийн юмаа хийгээд явбал сэнтэг зан чинь хэрэг болно. Тэр хэрээрээ амжилт олно” гэж. Мэдээний алба гэдэг стресстэй алба. Өдөр бүр цагтай уралдана. Урсгалаар нь мэдээллээд өнгөрөх үү? эсвэл илүү олон талын эх сурвалжтайгаар хүргэх үү? гэдэг нь тухайн албаны, түүнийг чиглүүлж буй даргын цэвэр мэдрэмжээс шалтгаална. Хувиараа юм хийгээд хаа нэгтээ юм зараад суух нь биед амар, зовлонгүй.

Гэвч хаанаас ч харсан NTV-гийн нэрийн хуудас болчихсон, телевизээ гэсэн сэтгэл нь түүнд бий. Хүүхдүүд нь ээжээрээ бахархах сэтгэл, үнэлэмжийг авч үлдэх нь чухал. Хамаатных нь хоёр ч хүүхэд сэтгүүлч болох сонголтыг хийсэнд түүний нөлөө байж л таарна. Том охин нь хараахан мэргэжлээ сонгоогүй ч сэтгүүлчээр ажиллах тухай үе үехэн ярина. Эцэст нь цагаа тулахаар цалин, мөнгө олох нь чухал биш. Хамт олон л чухал гэдэг байр суурь өнөөгийн Б.Ундрахжаргалантыг тодорхойлно.

25 насандаа л ээж болно...

Хаанаас, хэнээс ч сонссоныг нь хэлж мэдэхгүй. 25 настайдаа анхны хүүхдээ гаргавал эмэгтэй хүнд сайн гэдгийг тэр багадаа сонссон гэнэ. Тэгсэн яг л 25 насандаа анхны хүүхдээ төрүүлжээ. Ханьтайгаа танилцсан, амьдралаа эхлүүлсэн, анхны хүүхдээ өлгийдөж авсан цаг хугацаа нь балчир охины оюун санаанд “хууль” мэт хадагдсан яг л 25 насанд нь ийн бүрджээ. Эрэгтэй хүн бяртай, хүчтэй байхыг илүүд үзнэ. Зөвхөн булчинтай байхын нэршил биш л дээ. Аливаа асуудлыг шийдэх бяр, нөмөр нөөлөг, зангарагын тухай юм.

Тийм атлаа тэр өөрөө сэтгэл хөдлөл багатай байж мэдэх юм. Мэдээний сэтгүүлч учраас дөнгөж төрсөн нярайтай холбоотой янз бүрийн мэдээлэл сонсоно. Тэр үеийн оношилгоо одоогийнх шиг өндөр түвшинд хөгжөөгүй байсан цаг болохоор анхны хүүхэд нь эрүүл саруул төрөх үү? гэдэгт санаа зовно. Том охиноо төрүүлсний дараа ээж болсон мэдрэмжийг амтлахаас илүү эд эрхтэн нь бүрэн бүтэн байгааг шалгасан гэдэг. Гэж явсаар хоёр, гурав дахь охиноо төрүүлэв. Өнөөх сэтгэл хөдлөл илэрсэнгүй. Харин дөрөв дэх охин буюу “Одон”-гийн хүүхдээ төрүүлэхдээ өөрийн мэдэлгүй мэлмэрчээ. Сонин л мэдрэмж. Охидууд нь түрүүчээсээ сургуульд орж, том нь төгсөхөд ойртсон болохоор гэрийн ажилд дэмтэй, ээждээ тустай.

Эргээд бодоход амьдралаа бусдын адил түрээсийн байрнаас эхлүүлжээ. Айлын хажуу өрөөнөөс өнөөгийн амьдралаа босгож. Анхны хүүхдээ төрүүлсэн цаг үе. Ерөөсөө тусдаа гарахаар шийдсэн хосууд 19 дүгээр хороололд байр түрээслэж өрх тусгаарлав. Хямдхан олдсон ч түрээсийнх болохоор ямар олиг байх вэ? Цэвэрлэгээний компани дуудаж иж бүрэн “салхи оруулав”. Ажилтай нь ч ойрхон юм. Гэтэл охин нь халуураад амар заяа үзүүлсэнгүй. Гэхдээ халууны хэм нь үргэлж буурсан үзүүлэлттэй. Уруул нь хөхрөөд, чичрээд нэг л ёозгүй. Эмнэлэг явахаар замдаа зүгээр болчихоно. Учрыг нь олсонгүй. Эцэстээ лам залж, ном уншууллаа. Засал хийлгэсний дараа нөхөр нь ламыг гаргаж өгөхөд “Бушуухан нүү. Гүйдэлтэй байр байна” гэдгийг учирлажээ.

Маргааш нь ажилдаа яваад орой нь ирэхэд нөхөр нь хэдийнэ нүүсэн байв. Гайхширч хоцорсон тэрбээр нөхөр рүүгээ утас цохьтол шинээр ашиглалтад орсон орон сууцанд байр түрээслэсэн тухайгаа дуулгажээ. Тэгж явсаар өөрийн гэсэн байртай боллоо. Түүнийгээ томрууллаа. Бага багаар ахисаар амьдрал цэгцрээд ирлээ.

Одон авахдаа тэрбээр нэг зүйлийг онцолсон байдаг. “Их л завгүй амьдарлаа” гэж. Товчхон бөгөөд тодорхой л хариулт. Үнэхээр л тэр завгүй амьдарчээ. Хүүхдүүд хичээлдээ явахаас эхлээд үс гэзэгтэй нь зууралдана. “Тэр миний тирког өмссөн байна” гэсээр хэн нэгэн нь эгдүүцнэ. Эвээр нэг үзнэ. Муудалцаж бас үзнэ. Өглөө болохоос л оволзсон уур амьсгал бүхий амьдралын дүр зураг өдөр бүр хөвөрнө.

Хүүхдүүдээ хичээлд нь үдчихээд шууд ажил руугаа жирийнэ. Ахуйгаас алба руу шилжинэ. Аль, аль нь цаг хугацаатай уралдана. Нэг бодлын уйтгартай. Нөгөө талаар хийх ёстой хариуцлагатай үүрэг. “Чанга байна шүү, ядарч байна шүү” гэж заримдаа бодно. Харин “Нэг мэдэхэд өнгөрчихсөн байдаг шүү” гэж бодохоор яг л тэгнэ. Эсрэгээрээ нөхөр нь хувиараа бизнес хийдэг болохоор цагт баригдахгүй. Арын албыг хангалттай хариуцаж, бат даах гэрийн ноён нуруу, түших багана нь болно.

Анхныхаа хүүхдээ төрүүлчихээд нэг нас хүртэл нь гэртээ сууснаас бусдаар дөрөв, зургаан сартайгаас нь ажилдаа ордог болжээ. Хүүхдээ хуурайлахаас эхлээд шөнө нь нойр дутуу хоносон ч өглөө нь ажлын цагтаа л гозойно. Бараг л цэрэгжилтийн байдалтай. Ажил алба нь өөрөө стресстэй ч тэр бүгдийг гэр рүүгээ оруулахгүй, үүдэн дээр нь орхино. Гэрт болсон асуудлыг ажил руугаа “авчрахгүй”. Гэрийн эзэгтэйн ажлыг хөнгөвчилсөн технологийн дэвшлийг өдөр тутамдаа хэрэглэж дадсан нь арын албаны хамгийн том туслах нь.

Саяхан “Алдарт эх”-ийн одон хүртсэний дараа нэг зүйлийг бодитоор мэдэрч, бас анзаарав. Тэр нь улс оронд нь шийдвэрлэх ёстой олон асуудал байсаар байхад одон өгдөг, тараадаг гэх шүүмжлэл. Хийж байгаа ажлынхаа шугамаар хангалттай дуугарч ирсэн болохоор тэр бүх шүүмжлэлээс эмзэглэх зүйл байсангүй. Одонгоо аваад гарч ирэхдээ л “Амьсгал агаар нь цэвэр, амьдрах нийгэм нь эрүүл байгаасай” гэж хэлсэн шалтгаан нь тийм учиртай. Гэр бүлийнхний хувьд хамгийн дурсгалтай, дурсамжтай, хүлээлэлттэй мөч нь. Гэвч аав нь байсангүй.

Яагаад...?!

Тэр бодит байдлыг хүлээн зөвшөөрч бас түүнтэй эвлэрэх ёстойг гадарладаг. Тиймээс хаана хүрээд зогсохоо мэднэ. Өнгөрсөн зун аав нь цус харваж гурван сар орчим хэвтэрт байжээ. Ам бүл цөөтэй айлд хүнд асуудал тулгарах нь мэдээж. Хэн нь асарч тойглох, хэн нь ажлаа хийх үү? гэдгээс асуудал ундарна. Хэвтэрт байгаа хүн өөрөө ч зовно. Хоолоо халбагдуулж иднэ. Хөдөлгөөн хийх бүр нь бусдын оролцоотой. Нялх хүүхэд шиг хүнээс хараат болчихож байгаа юм. Ингэж явсаар 90 гаруй хоногийн турш үр хүүхэд, хань ижлийнхээ гарт “орсон” аав нь тэнгэрт дэвшлээ. Саяхан л нутаг руугаа явах тухай тохирч, төлөвлөж байсан аав нь хүн танихаа байж, өвчиндөө өвдөж, шаналсаар тийн буцав.

Дэргэд нь асарч суусан ганц охиных нь толгойд тэрүүхэндээ нэгэн бодол зурсхийв. “Хөөрхий минь, энэ хүртэл өвчинтэйгөө тэмцсээр зовлонгоос ангижирлаа” гэж. Аавынхаа ганц охин нь, амин үр нь явсан түүнд ийм бодол төрсөн нь нэг талаараа хатуу мэт боловч нөгөө талаар үнэнтэйгээ эвлэрч, бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн нь тэр байв. Уйлж, хашгирч, хэн нэгнийг буруутгах шалтаг байсангүй. Асуудалд бодитоор ханддаг зан характер нь дийлсэн хэрэг. Аав нь түүнээс илүү их зовж болох л байжээ. Харин ч бодит байдалтайгаа эвлэрч, хүлээн зөвшөөрөх хугацааг үр хүүхдэдээ өгчээ. Ямар ч байсан амьд ахуйд нь аавыгаа асарч үзлээ. Үүнээс өөр юу хүсэх вэ? Гэхдээ л... Яагаад Монголын дэд бүтэц сайн хөгжөөгүй юм бэ?. Яагаад Монголын эрүүл мэндийн салбар улсдаа ганцхан аппараттай юм бэ? Яагаад...? гэх бодол, мөн эргүүцэл төрлөө.

Дэд бүтэц гэдэг хүний амьдралтай шууд холбогдоно. Дарханы зам засварт орсон цаг үеэс аав, ээж рүүгээ явах тоо цөөрөв. Бие давхар, хүүхдүүд нь нас бага болохоор энхэл донхолтой, там болсон замаар 200 гаруй км туучна гэдэг түвэгтэй, бас эрсдэлтэй. Хаа нэг аав, ээж нь вагоноор Улаанбаатарт зорьж ирэхээс бусдаар тийш зүглэх бодит шалтгаан байсангүй.

Тэгж явтал аав нь харвасан тухай мэдээг сонсохтой зэрэгцээд эрүүл мэндийн салбарын үнэнтэй нүүр тулав. Улсын Гуравдугаар эмнэлэг рүү авчраад хагалгаа хийлгэхээр төлөвлөсөн ч бүтсэнгүй. Харвасан хүнийг тээвэрлэх ямар ч боломжгүй. Нисдэг тэрэг бол байна. Гэвч нэгдүгээрт, үнэ хөлс нь өндөр. Хоёрдугаарт, заавал Сэлэнгэ рүү очиж суух ёстой. Бас л боломжгүй. Амь тулсан цаг үе болохоор Дархандаа хагалгаанд орохоос өөр сонголт үлдсэнгүй. Ангиографын аппарат нь Монголд хуруу дарам цөөн. Тэгэхдээ гуравдугаар шатлалын толгой хэдэн эмнэлэгт л бий. 

Нэгэнт амь тулсан учраас Дарханы эмнэлэг бараадаж судсыг нь хавчлаа, цус хуралт үүсгэхгүйн тулд промокашка маягийн юм тавилаа. Ангиографын аппараттай бол хаана асуудал байгааг нь тогтоож, тэр хэсэгт нь хавчина. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжгүйн, хүрэлцээ хомс байдгийг зовлонг түүний гэрийнхэн ингэж бодитоор мэдэрлээ. Асууж, сураглаад үзэхээр улсын төсөвт багахан хэмжээний л төсвөөр авах боломжтой аппарат. Арчаагүй хэрнээ арга ядсан зүйлээс жирийн иргэдэд хүнд тусдагийн бодит хохирогч нь тэр өөрөө болов.  

Зам нь аятайхан бол цаг алдалгүй хот руу авчраад эмчлүүлэхсэн... Хугацаа алдахгүй, хувь хүмүүст ч чирэгдэл учруулахгүй... Өвчин, зовлон тохиолдоогүй хүнд бол энэ нь тийм анхаарал тавих шалгаан биш. “Айлын ганц охин, аавыгаа амьд сэрүүн үед нь хуримаа хийчихсэн шүү дээ” гэж өөрийгөө зөвтгөх ганцхан шалтгаан л түүнийг тайтгаруулж байв. 

Аль, аль нь айхтар баян чинээлэг айлын хүүхдүүд биш болохоор боломжтой цаг үеийг хүлээж явсаар хэдхэн жилийн өмнө хуримаа хийжээ. Хоёр талын аав нь хоёулаа амь сэрүүн байсан үе. Гэвч хорвоо өөрөө хатуу юм болохоор хуримаа хийснээс хоёр жилийн дараа хоёр аав нь хорвоогийн мөнх бусыг орхижээ. Хүн гэдэг цаг хугацаатай өрсөж амьдрах л учиртай. 

Түүний аав Батдорж Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул. Дэд бүтэц муутай болохоор төдийлөн зориглоод хүлгийн жолоо залчихгүй. “Энэ жил Танай нутаг руу явна аа” л гэнэ. Хэзээнээс үр хүүхдийнхээ амьдралд түвэг удахгүй зарчимтай Батдорж тэр бүгдэд татгалзана. Хол замд, нялх хүүхэдтэй яваад хэрэггүй л гэж ам хариулна. Ийн хойшилсоор өнгөрөхийнх нь өмнөх жил хичээл амарсны дараа ахтай, том хүүтэй нь, нөхөртэй цомхон бүрэлдэхүүнтэй нутаг явахаар болж, аавдаа ч үүрэг даалгавар өгчээ. Харамсалтай нь, төлөвлөгөө бүтэлгүйтэж, наана нь харважээ. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. 

Багаасаа л аавынхаа ах, дүү нартай холбоо хомс, сайн танилцаж амжаагүй явсныг ч хэлэх үү! Хол газар, дээрээс нь дэд бүтэц муутай, хамгийн гол нь үр хүүхдэдээ түвэг болох гэсэн эцэг хүний бодол нэг мэдэх нь ээ ийнхүү алсарлаа. 

Аавынхаа дүрийг мөнхжүүлэх алс хэтийн бодол

Б.Ундрахжаргалант аавынхаа тухай хүн болгонд ам нээгээд байдаггүй ч тэрбээр багадаа их зовлон үзэж өссөн нэгэн байжээ. Доороо 18 дүүтэй. Насны багад эцэг, эх нь салснаар эцэг нэгтэй найм, эх нэгтэй найман хүүхэд хоёр талаасаа нийлжээ. Аав нь хүүхдүүдээ авч үлдсэн болохоор Батдорж бага ахуйгаасаа шууд л хойд эхийн бараа харсан хэрэг. Б.Ундрахжаргалантыг бага байхад нь хойд эхийнхээ тухай ихэд дурамжхан, гэхдээ цөөн тоотой ярина. 

Хойд эх болсон хойно хүний хүн гээд л зодно, зэмлэнэ, нүд үзүүрлэнэ. Төрсөн эх нь салсныхаа дараа хот руу буурь сэлгэсэн ч нутгийнхан нь “Хүүхдээ ирж авахгүй бол энэ хүний гарт үрэгдэх нь” гээд холбоо барих нь энүүхэнд. Бусдыгаа бодоход амьдралын хар толбо, дурсамжийг аав нь хүүхэд ахуйдаа мэдэрсэн хэрэг. Сонгино идэхгүй. Хоолонд хийх гээд хэрчээд тавьсныг идсэнээс болж хойд ээж нь амыг нь дүүртэл сонгино чихэд харшаажээ.  

Лав хойд эх нь нас дээр гарсан хойноо буюу 82-тойдоо “Ээж нь байна аа” гээд аав руу нь ярьжээ. Насаараа аавыг нь зовоож өсгөснөө 82 нас хүртлээ хүлцэж, ойлгосны эцэст сая залгасан гэсэн үг. 70 нас руу дөхөж яваа царай нь хувсхийж, нулимс нь бөнжигнөж суугаа аавынхаа төрхийг тэрбээр анх удаагаа тэгж харлаа. Аргагүй шүү дээ. Багаасаа л хойд эхийнх нь тухай шалгааж өссөн охинд тэр үед ямар мэдрэмж төрөх нь тодорхой. Хүн гэдэг бодгаль нас явах тусам ухаарч, уучлал эрдэг гэдэг үнэн. Ямар ч байсан аль аль нь нас дээр гарсан ч хэн хэнийх нь сэтгэлд явсан бул хар чулууг хэдхэн хором үргэжилсэн утасны яриа уужуу амьсгаа авцгаах боломжийг олгожээ. Сүүлдээ ч аав нь хойд эхийнхээ тухай ярихаа больжээ. Гэмшил хожимдоггүй, харин хэзээ хэрхэхээс хамаардаг нь энэ аж. 

Ааваас охинд нь нөлөөлсөн характер нь мэдрэмж. Багаасаа Дуурийн театрт тайзны зураачаар ажиллажээ. Тухайн үеийн Намхайцэрэн дарга нь хойшоо сургуульд явуулна гэж хэлээд ажилд авсан учраас тэрүүхэндээ бэлджээ. Шалгалт ч ирлээ, өглөө. Гэтэл цэрэгт татагдах болов. Тэр үеийн цэрэг татлага нь өөрөө чанга. Дуудсан бол явах л хуультай. Захирал нь гуйгаад ч барсангүй. Гадагшаа сургуульд явах боломж нь ийн хаагдлаа. Утга зохиолын сургуульд шалгалт өгтөл Бавуугийн Лхагвасүрэнтэй тунаж үлдэв. Азтай ч юм шиг мөртлөө азгүй. Уг нь хойд эхийнхээ тухай бичсэн нь сүүлийн шалгаруулалтад тэнцсэн ч эцэстээ Б.Лхагвасүрэн гуайг сонгож, сургуульд явжээ.

Эрээнтэй бараантай амьдралын шуурганд эрт нухлагдсан болоод ч тэр үү түүний аав нь дотогшоогоо бас хүлцэнгүй болжээ. Эхнэрийнхээ үгэнд оромтгой, баргийн юманд зориг гаргахгүй. Даруухан хэрнээ мөрөөрөө ажлаа хийнэ. Үр хүүхэд нь өсөхийн хэрээр оюутан болж, зардал нь ихэснэ. Дийлэхээ болино. Тэтгэвэрт гарсан хойноо харуул хийлээ. Тэгж яваад Төрийн албан хаагчийн хүүхдэд олгодог тэгтгэлгээр охиноо сургажээ. 

Аавыгаа дэргэдээс нь харж өссөн учраас эрэгтэй хүн амжилтгүй явах нь Б.Ундрахжаргалантад тийм ч таатай сэтгэгдэл төрүүлдэггүй шалтгаан үүнтэй холбоотой ч байж мэднэ. Нар хиртдэг жил нь жуулчдад зориулж зураг зурж зарахаар төлөвлөжээ. Олныг ч зурлаа. Гэтэл яг орох гэтэл хязгаарлалтын бүс татаад оруулсангүй, бүтэлгүйтлээ. Дарханы мах комбинатад ажиллаж байхад нь хамгийн түрүүнд цомхотголд оруулжээ. Гарын ур дүйтэй болохоор дараагийн ажлаа олоод хийчихнэ гээд үзэмжээрээ халж орхив. Хэдийгээр ангал руу унаагүй ч энэ мэт бүтэлгүйтсэн тохиолдол аавд нь цөөнгүй. 

Гэхдээ л охинтойгоо их ярилцана. Ээжтэйгээ ярихгүй юмаа аавтайгаа л зөвлөлдөж ирсэн нь сэтгэлд тод үлджээ. Сүүлд охиныхоо хуриманд үг хэлэхээр болж гэнэ. Угаас үг дуу цөөтэй тэрбээр өөртөө итгэл муутайхан тайз руу алхсан гэдэг. Товчхон сэтгэгдэл илэрхийлсэн ч гартаа барьсан аман хуураа тоглож, тэнд байсан хамаатнууд, зочдын сэтгэлийг хангалттай хөөргөж, хөдөлгөж чадсан нь охиных нь ой тоонд үлдсэн хамгийн гэгээлэг дурсамжийнх нь нэг. Сэтгүүлч мэргэжлийн онцлог гэх үү? аавынхаа туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тухай кино зохиол бичих? бодит амьдралаас сэдэвлэсэн хөрөг хийх сонирхол Б.Ундрахжаргалантад бий. Магадгүй аавынхаа дүрийг мөнхжүүлэх алс хэтийн бодол хэзээ биелэх нь цаг хугацааны л асуудал юм.

С.Гандөл