ТЭГШ БУС БАЙДЛЫН СҮҮДЭР #1: Должин эмээд долгион тааруулсан ХАГАС ЖАРАН

Должин эмээ гэж бий, “Долоон буудал”-ын хаягтай. Нийт монголчууд гэхээсээ нэжгээд улстөрчдийн бодож олсон дүр, байсхийгээд зүйрлэж ярьдаг жишээ нь. Эдийн засаг ярьсан ч Должин эмээ. Иргэдийн амьжиргаа, аж амьдралын талаар өгүүлсэн ч Должин эмээ. Өргөн хэрэглээний барааны бүтээгдэхүний үнийн өсөлтийн тухай шүүмжлэл дайхдаа ч Должин эмээ. Ерөөс чуулганы индрээс Должин эмээг дурдахгүй л бол УИХ-ын гишүүн биш болдог, байр суурь нь “амтгүй”, бас хүчгүй мэт ойлгодог гэнэн атлаа тохуутай гэмээр ухагдахуун Монголын парламентад байлаа. Одоо ч бий. Гэхдээ улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө “Долоон буудал” орчимд очдог уу? гэвэл үгүй. Үнэхээр Должин эмээ амьдардаг эсэх нь тэдэнд падлийгүй.

Гагцхүү Должин эмээд долгион тааруулсан 30 жилийн хугацаанд Монголын нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт гарав гэдэг нь АСУУЛТЫН ТЭМДЭГ хэвээр явлаа. Гэдэг нь Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжээд яг 31 дэх жилээ үдэх гэж байна. Хэдийнэ хагас жарны хугацаа өнгөрсөн гэсэн үг. Энэ хугацаанд найман УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж, 18 Засгийн газрыг байгуулж, 15 улстөрчийг Ерөнхий сайдаар томилжээ. Одоогийн Ерөнхий сайдыг нэмж тооцвол 16 дахь нь. Засаглалын гурван салаа мөчрийн нэг хууль тогтоох дээд байгууллага нь хамгийн тогтвортой буюу сонгуулийн циклээ дуусгаж ирсэн бол гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газар нь ердөө 1.3 жилийн настай явсныг эндээс ойлгож болохоор.

Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр буюу парламенттай адилтгаж шигтгэж, басчхүү хамгаалсан “Эцэг хууль”-ийн заалтыг энэ 30 жилийн хугацаанд улстөрчид, УИХ-ын гишүүд өөрсдөө хамгийн их гуйвуулж, үгүйсгэж, баллуурдаж ирсний гашуун сургамж нь нэг Ерөнхий сайдын ажиллах хугацаа 1.3 жил гэсэн тоо. Эцсийн дүндээ хэн хожсон улстөрчид тэднийг тойрсон ашиг сонирхлын нэгдэл, түүгээр дамжсан нэжгээд хэсэг нь л хожсон. 

Цаг хугацааны давхцал нь ингэж таарав уу? эсвэл нийгмийн шаардлагын бодит илрэл нь үү? хүмүүнлэг ардчилсан Үндсэн хуулиа “эх барьж”, түүгээрээ хагас жаран залуурдуулсан Монгол Улс тогтолцооны дахин хуваарилалт руу шилжиж, дараагийн 30 жилийнхээ замналыг зурж эхэллээ. Хөрсийг нь хэрхэн тавихаас хөгжлийн бодлогын хөшүүрэг болох учраас хөнгөн хуумгай хандах асуудал мэдээж биш.

Түүхэнд “Цагаан морин жилийн хувьсгал” хэмээн тодоор үлдсэн 1990 оны үйл явдлаас бид хожсон уу? гэвэл тийм. Бүр том хожсон. Нийгмийнхээ биш нэг намын үзэл суртлын ухуулгаар 70 жил явсан монголчууд үг хэлэх эрх чөлөөгөө олж авсан нь эхний ололт. Төлөвлөгөөт биш чөлөөт зах зээлийн зарчим руу аажмаар шилжиж, хүссэн болгон нь хил дамнан худалдаа, наймаа эрхлэх боломжтой болсон нь хоёр дахь ололт. НҮБ-ын гишүүн орон мөртлөө мөнхийн хоёр хөршөөсөө цааш давж хэтэрдэггүй, хэдхэн улсаар хэмжигдэж ирсэн Монголын гадаад бодлогод “Гуравдагч хөрш”-ийн тухай ойлголт, оролцоо үлэмж нэмэгдсэн нь гутгаар нь. Хойноо ОХУ, урдаа БНХАУ гэсэн хоёр их гүрний дундаас ардчилсан тогтолцоог сонгож, тэрэндээ тайван замаар шилжсэн нь хамгийн том ололт. 

ГЭВЧ... Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараар эхэлж, газар олголт, тусгай зөвшөөрлөөр үргэлжилсэн Монгол Төрийн бодлогын гажуудал нь тэгш бус байдлыг туйлд нь хүргэж, түүнийх нь бэтэг түрүүчээсээ хагарч, нийгэм нь, улстөрчид нь, шийдвэр гаргах түвшиндөө ч хүлээн зөвшөөрч буй нь нэг талаараа сайны дохио, нөгөө талаар дахин давтаж болохгүй гашуун сургамж. Хүн хувийн өмчтэй байх, түүнийгээ худалдах, бусдад шилжүүлэх эрхтэй. Үндсэн хуульд ч үүнийг нь цагаан дээр хараар бичсэн нь бий. Харин тэр бүгдийг хуулийн дагуу буюу “ШУДАРГА”-аар гэсэн үгээр хязгаарлаж, хазаарладаг. Гагцхүү зах зээлийн нийгэмд алгуурхан шилжсэн цагаас явуулсан өмч хувьчлалын хуваарилалт үнэхээр шударга байсан уу? гэдэг нь өнөөдөр ч эргэлзээ төрүүлэх шалтгаан.

Нийт 1.9 сая гаруй хүнд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг олгож, 17.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хувьд шилжүүлснээр уг ажил эхэлсэн. Хөрөнгийн биржээр дамжуулсан гэх эл ажлын хүрээнд 1.1 сая гаруй иргэн хувьцаа эзэмшигч болсон тоо бий. 1990-ээд оны эхэн болон дунд үед. Улмаар 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болсон гэдэг. Алдарт цэнхэр, ягаан тасалбарыг л хэлээд байгаа юм.

Лав л 928 обьект бүхий анхны өмч хувьчлалаар “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол” зочид буудал тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэлд шилжсэн түүхтэй. Залгуулаад “Говь”, АПУ, НИК тэргүүтэй ноолуур, согтууруулах ундааны үйлдвэр, шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй компаниуд хувьд очсон юм. Төр нь бизнес эрхлэхгүй, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх нь ардчиллын, чөлөөт зах зээлийн үндсэн үзэл санаа, зарчим мөн ч цэнхэр, ягаан тасалбарыг 1.9 сая иргэндээ олгож, 1.1 саяыг нь Хөрөнгийн биржээр дамжуулж, хувьцаа эзэмшигч болгосон гэх тоон мэдээллийн ард хэдхэн хүнд давуу байдал олгосон нь эргээд тэгш бус байдлыг үүсгэх эхлэл байсныг ойлгоход бид даруй 30 жилийг зарцуулжээ. Хамгийн сүүлд улсдаа ганц циркийн барилгаа менежментийн хувьчлалаар сүмогийн их аваргад шилжүүлсний гор нь энэ салбарынхны уналтаар илэрч буй.

Чухамдаа хэнээс ч хамаарахгүйгээр бизнес хийх, барилга барих, шатахуун зарах, худалдаа наймаа эрхлэх нь хувь хүнд, хувийн хэвшилд Үндсэн хуулиар олгосон онцгой эрх, чөлөөт зах зээлийн амин судас нь ч төлөөний нэгнээ улс төр рүү оруулдаг, УИХ-ын гишүүн болгодог, түүгээрээ дамжуулж өөрсдөдөө давуу байдал үүсгэдэг, бусдынхаа боломжийг хулгайлах нь байх ёстой асуудал болсонд гол учиг байгаа юм. Төрийн шийдвэр таалагдахгүй бол төлөөнийхөө нэгнээр дамжуулж шахалт үзүүлдэг, түлшний зохиомол хомсдол үүсгэж нийгмийг бухимдуулдаг, төмсний үнийг хөөрөгддөг зэрэг нь наад захын жишээ нь. Дээр өгүүлсэнчлэн тайван замаар ардчилсан тогтолцоонд шилжсэн нь бидний хамгийн том ололт ч улс төр, бизнес дамнасан том ашиг сонирхлыг зэрэгцүүлэн бойжуулж, бөөцийлсөөр энэ хүрсэн нь бас нэгэн том алдаа болов.

Ямар сайндаа л Должин эмээгээс уйдсан нэгэн улстөрч “Пүүжээгийн эх орон” хэмээн нийтлэл тэрлэж “Ядуугийн зовлонгоос ангижирч чадахгүй бол ялаад ч нэмэр алга, амьдрах ч утга алга” хэмээн уулга алдан, халаглаж явлаа. Хожим тэрбээр Засгийн газрын гишүүн болж, “Монгол Ялна” уриан дор Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ядуугийн зовлонгоос ангижруулахад үлэмж жин дарах учиртай төмөр замын бүтээн байгуулалт, хилийн холболтыг өргөн, нарийн царигийн маргаанаар гацааж, хамгийн багадаа 80 их наядаар хэмжигдэх алдуурсан боломжийн гол буруутнаар нэрлэгдэх болсон нь тохуутай. Яг үнэндээ "Долоон буудал"-ын Должин эмээ гэдэг нь бодит нэр томъёолол бус ард түмнээ нийтээр нь, нийгмээр нь төлөөлүүлж хэлж буй улстөрчдийн боловсон тохуурал төдий л юм.

Үргэлжлэл бий.

Г.Эрхэс