Л.Оюун-Эрдэнэ Бишкекийг зорьсон нь ийм шалтгаантай байжээ

Монгол Улс БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрштэй. Тэдгээр нь мөнхийн статустай. Нэгнээс нь шатахуунаар, нөгөөхөөс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хараат. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 онд ийм байсан, одоо ч тэр хэвээрээ л байна. Урд айл хилээ, хойдох нь крантаа хаах төдийд л эдийн засгийн эргэлт уруудаж, иргэдийн амьжиргаанд сүүдэр нь шууд нөлөөлөх эрсдэлтэй. Газрын тосоо өөрсдөө нэрэхгүйгээр ОХУ-аас, гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо шингээх хэмжээний үйлдвэрлэлийг цогцоор нь шийдэхгүйгээр БНХАУ-аас буюу аль, алинаас нь “ХАРААТ” гэсэн томъёо байсаар л байна. Угаас үйлдвэрлэгч бус улсын зовлон нь л ийм. Гол нь энэ байдлаараа цааш дахин 30 жил замнахаас татгалзаж, сая нэг юм сэхээрч “Шинэ Сэргэлтийн бодлого” гээчийг УИХ-аар батлуулж, түүгээр урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлох болсоор хоёр жилийг үдэв.

Нэн тэргүүнд урагшаа гаргах экспортын гарцыг нэмэгдүүлэх, тос нэрэх үйлдвэрийг дотооддоо барьж байгуулах хүртэл хойноос авах шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах нь Монгол Улсад өнөөдөртөө хэрэгтэй. Ингэхийн тулд ОХУ-тай ч, БНХАУ-тай ч төр, засгийн түвшинд тохиролцох шаардлагатай. Яг ийм агуулга, үндэслэлээр Монголын Ерөнхий сайд нь урд хөршид жил дамнан хоёр ч удаа айлчиллаа. Хоёр өөр Ерөнхий сайд, хоёр өөр амаар манай гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн ч Хятадын бодлого гэдэг Хятадын л бодлого. Хэнтэй яаж, хэрхэн тохиролцоо хийнэ хэрэгжүүлэх дүр нь хэн байхаас үл хамааран урагшилдаг. Түүнийх нь гол цөм нь улс төрийн тогтвортой байдал. Энэ нь тэднээс биш биднээс хамаарах асуудал.

Яг ийм агуулгаар Киргизийн нийслэл Бишкек хотноо болсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд хоёр хөршдөө хандан байр сууриа илэрхийлэв. Эхнийх нь ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай хийсэн уулзалт. Удаахь нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян. Гурван улсын Ерөнхий сайдын ээлж дараалсан уулзалтаас өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо уулзалт зарим тохиролцоонд хүрсэн юм. Сар хүрэхгүй хугацаанд өөр хоорондоо “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван улс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа түвшинд уулзаж, төмөр замын, хилийн холболт, усан цахилгаан станц тэргүүтэй стратегийн ач холбогдолтой төслүүдээ урагшуулахад санал нэгдсэн гэсэн үг.  

ОХУ-ын Засгийн газрын даргатай хийсэн уулзалтаар гэхэд хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч, дэд бүтцийн хамтарсан төслийг бүтээлчээр хэрэгжүүлэх, шатахууныг тасралтгүй тогтмол нийлүүлэх байр суурийг Монголын Ерөнхий сайд илэрхийлсэн нь мэдээж шалтаантай. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монголын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг бууруулах, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэхээс гадна ямар нэгэн байдлаар шатахууны крантаа хаахгүй байхыг дипломат санал. 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалтын агуулга ч ОХУ-ынхтай адилхан. Дөрвөн сарын өмнө хоёр Ерөнхий сайдын Бээжинд хийсэн албан ёсны уулзалтаар Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох асуудлыг шийдвэрлэж ойрын хугацаанд бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тохиролцсон. Харин энэ удаад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сайруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа манай талаас илэрхийлсэн нь нэн шинэхэн агуулга байв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой 400 ширхэг “Ногоон автобус” оруулж ирсэн нь эцэстээ маргаан дагуулж, хотын мээр болон сайдыг сэнтийгээс нь буулгаснаар хэсэгтээ намжсан. Ийм асуудал дахиж үүсгэхгүйн тулд Ерөнхий сайдын зүгээс Хуулийн сайдыг нийслэлийн Засаг даргаар томилуулж, кабинетаараа хотын асуудалд орж ажиллана гэдгээ илэрхийлсэн нь саяхан. Үүнийгээ ч баталж хотын тээвэр, түгжрэлийг шийдэх асуудлаар хамтран ажиллах саналыг Хятадын Ерөнхий сайдад тавьсан болов уу. 

Үүгээр зогсохгүй Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-т багтсан манай улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам, байгалийн хийн хоолой зэрэг стратегийн томоохон төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр харилцан тохиролцсон нь Ерөнхий сайд Бишкекэд зүгээр ч нэг очоогүйг илтгэнэ. Монгол Улс БНХАУ, ОХУ гэсэн мөнхийн хоёр хөрштэйгөө төмөр зам, автозам, эрчим хүч, дэд бүтцийн салбарт өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлж ирснээс өөр, шинэ шатанд гарч түншлэх цаг болсныг сануулсан дипломат өрөг дээрх боловсон нүүдэл байв. 

Г.Эрхэс