С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ТЭГШ БУС БАЙДЛЫН СҮҮДЭР #2: Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ
Улсын нийслэл Улаанбаатар хотын амьдралын чанар, амьжиргааны түвшин Энхтайваны гүүрний урд, хойд талын дөрвөөс таван км-ын радиусаар хэмжигдэх болсоор удлаа. Урагшаа хэсгийнхэн нь Дархан цаазат Богд уулынхаа бэлээр, хойд талынхан нь “Долоон буудал” Должин эмээгийн орчмоор суурьшдаг бүс. Нэг нь орон сууц, нөгөөх нь гэр хороолол. Уг нь 1.7 саяулаа нийслэл хэмээх нэгэн дээвэр дор амьдардаг. Бүгдээрээ л хотын иргэний статустай. Байнгын оршин суугчийн харьяалалтай. Бусдынхаа адил Төрийн үйлчилгээ авдаг. Хувийн унаа, нийтийн тээврээр зааглагддаг болохоос адилхан түгжирдэг. “Утаа Зайсанд хүртэл үнэртээд эхэллээ” гэж УИХ-ын гишүүн нэгэн ундууцсаныг эс тооцвол амьсгалах агаар нь бас л адилхан. Утааны хүхэрлэг хий, агаар дахь тоосонцорын хэмжээ их, бага гэдгээрээ л өөр.
Гагцхүү зах зээлийн нийгмийн суурийг тавьсан 1990-2000, эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан 2000 оноос хойшхи 20 буюу нийт 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн хэмжүүр болсон Улаанбаатарт, түүнийх нь эд эс болсон 1.7 сая иргэний дунд хамгийн том зааг үүссэн нь тэгш бус байдал. Ганцхан жишээ нь газар олголт. Аялал жуулчлалын бүс, отог нэрээр анх олгосон Зайсан орчим өдгөө “бетонон ширэнгэ” болтлоо өргөжиж, хамгийн үнэтэй, өртөг өндөртэй бүсээр тодорсон бол гэр хороолол нь бахь байдгаараа өнөөх л 20, 30 жилийнхээ өмнөх дүр төрх болох модон жорлон, түлээ нүүрстэйгээ зууралдсаар хагас жарныг туулав. Яг л “Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт бичсэн шиг дүр зураг Энхтайваны гүүрний урд, хойд талд зэрэгцэн оршсоор өнөөг хүрчээ.
Эцэстээ Улаанбаатарыг гэр хорооллоос нь бус сөөм сөөмөөр, ямх ямхаар нь хумсалсаар бат бэх хана хэрэм мэт боссон “бетонон ширэнгэ”-ээс хамгаалах зүй ёсны шаардлага болов. Хэзээнээс оршин сууж ирсэн гэр хорооллын иргэд Н.Энхбаярын Засгийн газрын үед газар эзэмшүүлж, өмчлүүлэхээр баталсан хуулийн хүрээнд амины хашаа байшинтай болох эхлэхээ тавьсан бол Зайсан орчмынхон өөр. Түр буудаллах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий отоглох газарт хуулиас давж барьсан орон сууцны хорооллынхон. Одоо хүчин төгөлдөр мөрдөж, үйлчилж байгаа хуульд ч Дархан цаазат газарт “Өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”-ийг хориглохоор заажээ.
Газрын зөвшөөрөл нь отог нэрээр олгогдсон атлаа хэдхэн жилийн дотор өндөр үнэтэй орон сууцны хорооллууд сүндэрлэсэн гэсэн үг. Одоо тэднийг “отог”-ийн оршин суугчид гэж хэлбэл заримд нь загнуулж, зануулах нь холгүй биз. Гэвч бодит байдал нь л тийм, гашуун үнэн нь энэ. Газрын албаныхан нь, үе үеийн Засаг дарга, Байгаль орчны сайд нар нь Дархан цаазат уулынхаа бэлээр битүү байшин хороолол босгоход үнэтэй хувь нэмэр оруулчихаад нүдэн балай, чихэн дүлий отог гэдэгт нь итгэсээр яваа нь өөрөө тохуутай. Стандарт нь, дүрэм журам нь, хууль нь байсаар атал хэрэгжүүлээгүй, хүнийрхүү хандаж ирсний хамгийн том хохирогч нь байшин хороололдоо бүслэгдэж, “ширэнгэн бетонон”-оор хучигдсан Улаанбаатар болчихоод буйд л асуудлын учиг байгаа юм. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурч, зөвхөн хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлж ирсэн энэхүү дүр зураг өчигдөрхөн бий болж өнөөдөр бид горыг нь амсаж байгаа юу? гэвэл үгүй. Өнгөрсөн 30 жилийн алдааны бэтэг нь томорсоор, түүнийгээ тордсоор явсан нь эцэстээ толгойноосоо өтөж эхэллээ.
Одоо л засахгүй, сайжруулж, шинэчлэхгүйгээр цаашаа явцгаавал ирээдүйд улам л том зовлонг өвлүүлж үлдээнэ. Тийм болохоор л нэг хэсгийн биш нийтийн эрх ашгийг хангасан шийдлийг олж, шийдвэр гаргах нь хотод бугшсан олон асуудлыг цэгцлэхэд дэмтэй. 1992 оноос хойш Монгол Улсын эдийн засаг 17 дахин тэлж, ДНБ-ий хэмжээ 5000 ам.долларт хүрсэн ч дийлэнх олонхийг бүрдүүлэгч иргэдийнх нь амьдралын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй нь үүний бэлээхэн жишээ. Баялгийн хуваарилалт хэсэг бүлгийн гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого нь нийт хэсэгтээ бодитоор хүрч чадахгүй байгаа нь тэгш бус байдлын сүүдэр Монголд хэрхэн тусч буйн баталгаа нь.
Ийм байхад шударга ёсыг тогтоох тэмцэл тунхаг төдийхнөөр ойлгогдох нь мэдээж. Яг үнэндээ арван хуруундаа багтаж ядсан алтан бөгжтэй хууль сахиулагчаас жирийн нэгэн шударга ёс шаардах нь итгэл иргэдийн ой тоонд буухгүй. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл “Жи класс” хөлөглөж, тансаг хаусанд амьдардаг албан хаагчаас Төрийн үйлчилгээ авахаас илүүтэй төсвөөс авдаг цалин хангамжаараа ингэж хөлжсөн эсэх нь эргэлзээ төрүүлэх шалтгаан. Шударга ёсны дээд хэмжүүр болох учиртай шүүгчийн дансанд сая ам.долларын хадгаламж нэрийн дор "хэвтэж" байхад тэдэнд итгэж амьдралаа дэнслүүлэх нэгэн лав гарахгүй. Тэгш бус байдал газар авах нь ийм л эрсдэлтэй эцэстээ нийгмээр нь, нийтээр нь түлхэж унагаадаг аюултай. Тиймээс л нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гарч, зургаан сарын хугацаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнд ужгирсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд онцгой анхаарахаар болсон нь үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах гал унтраах төдий шийдэл биш ээ!. Дараагийн 30 жилд дахиад л "Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ" хэмээн Зайсан, "Долоон буудал" хоёрыг жингийн туухайнд зэрэгцүүлж тавьчихаад жишиж суухгүйгээр стандартаа хэрэгжүүлдэг, хуулиа мөрддөг, эдийн засаг тэлэхийн хэрээр иргэдийн амьжиргааны түвшин сайжирдаг болгоход л УИХ нь ч, Засгийн газар нь ч, Улаанбаатар хот нь ч хамтраад урагшаа явцгаая гэсэн санаа!
Г.Эрхэс