С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Эрдэнэт”-ийг авчирсан нь Д.Эрдэнэбилэгийн гавьяа. Гэхдээ...?!
Ийм нэгэн асуулт “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас Монголд албан ёсоор шилжүүлсэн цаг үе буюу 2016 оны зургаадугаар сарын 22-ноос хойш өнөөдрийг хүртэл хариулт нэхэн хөврөв. Социализмын он жилүүдэд шанг нь татаж, үйл ажиллагаа нь жигдэрсээр зах зээлийн нийгэмтэй золгож, эдийн засгийн нэгээхэн хэсгийг нуруундаа үүрч явсан эл үйлдвэр 100 хувь манайд шилжсэн талаарх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдэл тухайн үед монгол хүн бүрд таатай, бас нааштай сонсогдсон нь мэдээж. Гэвч энэхүү процесст шаардлагатай санхүүжилт болох 400 сая ам.долларыг босгоход Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хувийн хэвшлийнхэн бус Сангийн яам, Хөгжлийн банк төдийгүй Төв банк, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой зэргээс хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлсэнд асуудлын зангилаа оршдог.
Сангийн яам гэдэг Төр. Хөгжлийн банк өөрөө Төрийн оролцоотой. Үйл ажиллагаа нь УИХ, Засгийн газраас хамгийн хараат бусаар ажиллах учиртай ч үндэсний мөнгөн тэмдэгт, валютын ханшийн бодлого тодорхойлж, зангидах статустай ч Төв банк ч Төрийн нэгээхэн хэсэг. Хувьд, Худалдаа хөгжлийн банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн охин компани болтлоо жижгэрсэн Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэр ч “Эрдэнэт”-ийн тогтвортой ханган нийлүүлэгч. Үндсэндээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлийн оролцоотойгоор монголчууд өөрсдөө худалдаж авсан нь сайхан ч, эсрэгээрээ 400 сая ам.долларын 72.9 хувь буюу 291.2 сая ам.долларыг Төрийн, татварын төлөгчдийн халааснаас гаргасан нь түрүүчээсээ ил болж байх шиг. Аман дээрээ “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад 100 хувь ирсэн ч ар хударгаар нь УИХ, Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанкны оролцоотойгоор хийсэн боловсон хулгай гэсэн үг.
Хөтөлийн цемент шохой Д.Эрдэнэбилэгт очиход Төр дуугараагүй. Араас нь Дарханы төмөрлөгийг шилжүүлэхэд мөн л дуугараагүй. Харин “Эрдэнэт”-ийн 49 хувь түүнд шилжихтэй зэрэгцэн УИХ, Засгийн газрын түвшинд анхаарал хандуулж, ач холбогдол өгч явсаар шүүхээр дэнслүүлэхээр болсон нь ийм учиртай. Ерөөс “Хөтөл” шохой, Дарханы төмөрлөгийн ган бөмбөлөгөөр дамжуулж “Эрдэнэт” рүү ойртох Д.Эрдэнэбилэгийн эртнээс төлөвлөж, хэрэгжүүлсэн схем нь 2016 оны сонгуультай зэрэгцэн бодит биеллээ олсон хэрэг. 2012-2016 оны УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Хөтөл, Дарханы төмөрлөгийг Төрийн өмчийн хороогоор дамжуулж хувьчлах шийдвэр, тогтоол ээлж дарааллан гарсны цаад шалтгаан нь энэ байж болох. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа буюу 2019 оны гуравдугаар сараас “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалын ард явсан санхүүгийн схемийг олон нийтэд нээлттэй ярьж эхэлсэн үеэс энэ асуудлын цаад шалтгаан улам тодорч, түрүүчээсээ ил болсон түүхтэй.
Хөтөлийн цемент шохой үйлдвэр гэхэд 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Ажлын хэсэг байгуулж, Хөрөнгө оруулалтын гэрээг "Бэйзмент" компанитай хийснээр эхэлдэг. Компанийн нэгдүгээр гарын үсэг зурах нэр нь, хүн нь өөр ч эцсийн өмчлөгч нь Д.Эрдэнэбилэг байсан нь хожим ил болсон. Гол нь, “Хөтөл”-өөр дамжуулж тэрбээр ганцхан жилийн дотор Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээл авсан байдаг. Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис” бондоор дамжуулж 1.5 тэрбум ам.доллар олон улсын зах зээлээс босгосны дараа. Сонирхолтой нь, эл зээлийн 40 сая ам.доллар нь Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк руу шилжсэн байгаа юм. Үлдсэн 21 сая ам.доллар нь цементийн үйлдвэр барих нэрийн дор гадагшаа шилжжээ. Хоёр тусдаа явсаар сүүлд нэгтгэсэн энэ хоёр банкны эцсийн өмчлөгч нь өнөөх л Д.Эрдэнэбилэг.
Сонирхолтой нь, 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд "Хөтөл” тэргүүтэй өмч хувьчлалын жагсаалт бүхий тогтоолыг баталж, хөрөнгө оруулагч талд шууд гэрээгээр өгөх чиглэлийг өгсөн байдаг. Энэ дагуу Засгийн газраас 2015 оны аравдугаар сарын 8-нд "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчилжээ. Өөрөөр хэлбэл, Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байх үед “Бэйзмент” компанид хувьчилсан шийдвэр гурван жилийн дараа УИХ-ын дарга З.Энхболдын баталсан тогтоолоор улам баталгаажиж анхны хөрөнгө оруулагч гэсэн үндэслэлээр бүрмөсөн шилжсэн нь энэ. Хачирхалтай нь, “Хөтөл”-ийг хөгжүүлэхээр Хөгжлийн банкнаас авч асан 61 сая ам.долларын зээл өнөөг хүртэл төлөгдөөгүй, чанаргүй ангилалд хэвээр байна. “Хөтөл”-ийг Төрд буцааж авсны дараа хохирлын хэмжээг тооцож үзэхэд 660 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж буйг МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал зарлажээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч ялгаагүй. “Хөтөл” халаалласантай адилхан схемээр явсан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээг мөн л “QSC” компанитай Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар байгуулжээ. Ингэхдээ “QSC” компаниас уг үйлдвэрт 41 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулснаа гэрээнд тусгажээ. Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа буюу 2013 онд үйлдвэрийг концессын жагсаалтад оруулж, түүнээс хэдэн сарын дараа Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр Засгийн газрыг төлөөлж, “QSC” компанитай гэрээгээ баталгаажуулсан юм.
Гэрээнд зааснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жил эзэмшихийн зэрэгцээ төмөр зам, цахилгаан шугам, гангийн цогцолбор барих ёстой байв. Барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр ч гэрээ байгуулсан юм. Энэ дагуу төмөр зам, авто зам, цахилгаан шугамаа жилийн дотор барьж, ашиглалтад оруулсан даруйдаа гэрээний нөхцөлийг дур мэдэн өөрчилснөөр төсвөөс 240 тэрбум төгрөгийг гаргуулж авчээ. 2016 оны сонгуулиас дөрвөн сарын өмнө өрнөсөн энэхүү процессийн үндсэн зорилго нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахтай холбоотой байсан уу? гэх асуулт эндээс хөвөрнө. Угтаа бол гангийг үйлдвэр бариулах нь Дарханы төмөрлөгийг хувьд шилжүүлэх гэрээний гол нөхцөл байсан юм. Гэвч үйлдвэр барих нь байтугай хуурай баяжуулалтаар төмрийн хүдэр их хэмжээгээр гаргаж ашиг олсон нь илэрсэн. Нэг үгээр 840.9 тэрбум төгрөгийн төмрийг хүдрийг зарж борлуулсан гэдэг.
Засгийн газрын тогтоолоор үйлдвэрийн 2014-2021 онд буюу долоон жилийн хугацаанд концесс хэрэгжүүлэх явцад хийсэн 25 хоногийн санхүүгийн хяналт, шалгалтаар хоёр их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулсныг тогтоож, АТГ-т шилжүүлсэн тухай Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлсэн нь зүгээр ч нэг тоо биш. Зөвхөн санхүүгийн шалгалтаар 1.2 их наядын зөрчил илэрсэн нь бодит хэмээж буй. Үүнээс 240.8 тэрбумыг төсөвт буцаан төвлөрүүлэх ёстой ч төлөөгүй, нэмээд 312.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байгаа зэргээр эдгээр зөрчлийн жагсаалт хөвөрдөг.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийг авчирсан нь Д.Эрдэнэбилэгийн гавьяа ч энэ бүхний ард “Хөтөл”, “Дарханы төмөрлөг” тэргүүтэй үйлдвэрийг үнэгүйдүүлж хувьд шилжүүлэх замаар ашиг олоод зогсохгүй эцэстээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг 400 сая ам.доллароор худалдан авахад хүртэл ашигласан схемийн ард Монголын улс төрд нөлөөтэй явж ирсэн этгээдүүд хамааралтай байгаа нь Д.Эрдэнэбилэг нарт хамаарах хэргийн шүүх хурал удааширч, гацаанд орох гол шалтгаан гэсэн хардлагыг төрүүлэх бодит шалтгаан. “Хөтөл”, “Дарханы төмөрлөг”-ийг Д.Эрдэнэбилэгийн охин компаниудад шилжүүлэхэд голлох оролцоотой явж, гарын үсэг зурсан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар гэхэд үүрэгт ажлаасаа буусан даруйдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн болж дэвшсэн нь энгийн нэг тохиол биш. Харин факт мөн үү? гэвэл мөн.
Эцэст нь “Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн шиг шүүхийн дээр хууль байна уу? хүн байна уу? гэдгигй харах л үлдлээ!
Г.Эрхэс