Өнөөгийн нөхцөлд үүнээс сайн сонголт алга!

Авлигатай тэмцэх амаргүй, бас хэцүү. Улс төрийн, ялангуяа нийгмийн бодит дэмжлэггүй бол бүр явахгүй. Гэлээ гээд өөрийн, бусдын эрх ашгийг нэн тэргүүнд тавиад улсаа цөлмүүлж, эдийн засгаа туйлдуулж болохгүй. Тэгш бус байдал газар авч Төрийн эрх мэдэл алгуурхан замаар хэдхэн хүний гарт шилжинэ. Байнгын ажиллагаатай парламентын засаглалын дархлаатай ардчилсан тогтолцооны суурь зарчим цаасан дээрээ л бэлгэдэл төдий үлдэж, шарлана. Тэгэхгүйн тулд тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох үндсэн хөшүүрэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлж, сууриар нь таслан зогсоох. Эдийн засгийн өсөлт үүнд хамаатай ч энгийн логикоор авлигын гол цөмийг тодорхойлохгүйгээр энэ тухай ярих балчирдана! Яг ийм үндэслэлээр 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай, түүний эх ундарга болох системтэй нь тэмцсээр хоёр жилийг үдэв. Алдсан нь ч байна, оносон нь ч бий. Ардын Намынханд хамаарах асуудал нь ч байна. Ардчилсан Намынхан холбогдсон нь ч байна. Тэдгээр нь бүгдээрээ Хөгжлийн банкны, нүүрсний, газрын, төмөр зам, тусгай сангийн зэргээр дэс дараалалтай, эзэн холбогдчидтой. Аман дээрээ өөр тугийн дор нэгддэг, бизнесийн үйл ажиллагаа нь тэс ондооо ч ачир дээрээ нас, хүйс, намын батлах ялгадаггүй нь авлига амь бөхтэй оршиж ирсний энгийн бөгөөд бодит баталгаа нь.

Жирийн иргэнд холбогдох хэрэг гурван сарын дотор гурван шатны шүүхээр шийдэгддэг атлаа авлигын шошготой, намын нэр хамгаалалттай нь дор хаяж долоон жилийн хугацаанд гацдаг уламжлал байсаар байгаа нь Засгийн газрынхаа тэмцлийг бүдгэрүүлж, баллуурдах үндсэн шалтгаан, хамгийн том тээг болсоор удлаа. Ийм илэрхий байдалд дөрөөлсөн иргэдийн бухимдал эцсийн дүндээ шүүх засаглал руу чиглэж, мөн чичлэх нь байх ёстой энгийн үзэгдэл болов. Үүнтэй эвлэрээд явах нь, хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчим авлигажсан тогтолцооны өмнө бөхийх нь Засгийн газрын зорилго биш учраас хууль, эрх зүйн өөрчлөлт хийж шийдэхээс өөр сонголтыг үлдээсэнгүй. Тэр нь УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хууль.

Өнгөрсөн хугацаанд шүүх байгууллага, шүүгч нарын тухай хэн хамгийн их ярив? Ерөнхий сайдын амнаас л гарч байлаа! Улсын Ерөнхийлөгчөөс эхлүүлээд УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын сайд ер нь хэнбугай ч хөндлөнгөөс шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх нь “Эцэг хууль”-ийн хориг, хязгаарлалттай ч Л.Оюун-Эрдэнэ л ганцаараа сөрж, шахсан үйлдэл хийж ирсний учиг юу байв? Хуулиа мэдэхгүйдээ, хэн нэгнээс өшөө авах, өрсөлдөгчөө нухчин дарах гэсэндээ Ерөнхий сайдын хувиар шүүх байгууллагыг чиглэсэн шүүмжлэл дайж, тэрхүү байр сууриндаа бат зогссоны ард ганцхан зорилго байлаа. Ерөөс АТГ-ын мөрдөгчдийн бүрдүүлсэн хавтаст хэргийг прокурорын саналаар шүүхэд шилжүүлдэг ч авлигачдын, албан тушаалтнуудын сүүлчийн орогнох “нуувч”, өрөөл бусадтайгаа тохиролцох хугацаа хожих “дэн буудал” нь эл байгууллага өөрөө болсныг хүлээн зөвшөөрөөгүй нь тэр.

Жирийн бизнес эрхлэгчдэд хүрэх учиртай ЖДҮ-ийн мөнгөнөөс 800 саяас тэрбум хүртэлх санхүүжилтийг мэдээлэлд ойр байдлаа ашиглаж хүүгийнхээ, охиныхоо, эхнэрийнхээ, мөн нөхрийнхөө буюу хэтэвч нэгтэй компанидаа ердөө гуравхан хувийн хүүтэйгээр зүгээр авчихсан УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хэрэгт шүүхээс 40-хөн сая төгрөгийн торгууль ногдуулсанд тэр эгдүүцсэн. Улсаараа дэнчин тавьж гадаадын хөрөнгө оруулагчдаас зээлсэн “Чингис” тэргүүтэй бондын мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан бараг бүхэлд нь тоносон улстөрчид, тэдгээрийн бизнес түншүүдэд холбогдох хэргийг шүүхээр хоёр сарын турш дэнсэлсэн ч 50 орчим хувийг нь гэм буруугүйд тооцсонд бас бухимдсан. Шударга ёсны дээд хэмжүүр болох ёстой шүүх нь өөрөө авлигын, албан тушаалын гэмт хэргийг өөгшүүлж хуулийг үнэгүйдүүлэх гол субъект болж эхэлсэнтэй улстөрч биш Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар эвлэрэхийг хүсээгүй. Гагцхүү улстөрчийн гэхээсээ гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар жадлан эсэргүүцэж ирсэн нь хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийлээ гэж харагдаж, мөн ойлгогдсон байх талтай.

Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачин 20 саяаар торгоно гэдэг шийтгэл үү, эсвэл уулгалан дэмжсэн урамшуулал уу? гэдэг нь шүүхэд шууд эргэлзэх эхний асуулт. Улс орноо дампуурлын ирмэгт аваачихад голлох үүрэгтэй улстөрчид, бизнесмэнүүд нь шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа аятай бахдалтайгаар тэврэлдэж зогссон нь үнэхээр тэдэнд хариуцлага тооцсон хэлбэр үү? эсрэгээрээ зээлээ төлөхгүй ч байж болох сайн үлгэрлэл үү? гэх хоёр дахь асуулт. Ирээдүйгээсээ хулгайлж өр тавьдаг, бүлэглэлийн зарчмаар хуваадаг, эцэст нь Өршөөлийн хууль гаргаж, өөрсдийгөө хамгаалалтад оруулж ирсэн энэхүү гинжин хэлхээ авлигыг улам гааруулж, эдийн засгийг сааруулж ирснээс Монгол Улсын хөгжилд нэмэр болоогүй, хойш татсан нь бидэнд үлдсэн том сургамж. 

Хүссэн ч эс хүссэн ч тэрхүү сургамжийг давтах уу? эс бөгөөс хууль, эрх зүйн зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй юу? гэсэн ацан шалаанд орсон энэ цаг үед авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах саналыг Ерөнхий сайд нь парламентад гаргалаа. Авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч байгаа нь мэдээж сайн. Харин тэрхүү тэмцлийн хүч шүүхийн шатанд хатуу хана мөргөж зогсож эхэлсэн нь гол факт, асуудлын зангилаа. Найман ишигний хэрэгт төрийн нэрийн өмнөөс төмөр нүүрээ гаргадаг шүүгчдийг улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн их гарын авлигачид нь эрүүл мэндийн байдлаараа “барьцаалж”, бүр хүмүүнлэгийн шахуу туслалцаа авдаг шударга ёсны хэмжүүрийг хэдэн талаас нь хөрөөдөж буйгаас өөрцгүй дүр зураг. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хэлж, шүүмжилж ирсэн Ерөнхий сайдын байр суурь ч хадны цуурай адил хийсвэр үг биш. Бодит байдлын талаарх товчхон дүгнэлт. 

Өнөөдөр авлигын эсрэг хийж буй тэмцлийн хүрээнд энэ хэргийн ялын бодлогыг чангаруулсан. Өршөөл, уулчлал үзүүлэх байхаар хязгаарласан. Магадлангаар суллагдахгүй, бүх насаараа Төрийн албанд ажиллахыг хориглосон, сонгуульд өрсөлдөхгүй, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, гишүүд, сайд, Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд тендер, зээл авах, тэтгэлэгт хамрагдах зэргийг хуулиар хориглосон. 1992 оноос хойш анх удаагаа Үндсэн хуульд шигтгэсэн сонгуулийн холимог тогтолцоо ч авлигын хөрсийг бүхэлд нь өөрчлөх суурь реформ болох хүлээлт бий. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн үр дүнгээр бүрдэх парламент дараагийн 30 жилийн цоо шинэ улс төрийн соёлыг төлөвшүүлэх эхлэлийн цэг болох учиртай.

Засаглалын гурван салаа мөчрийн хоёр нь болох УИХ, Засгийн газар нь авлигын хөрс суурьтай ингэж тэмцэж байхад шүүх байгууллага нь ганцаараа шударга ёсноос гажсан шийдвэр гаргаснаа зөвтгөж, хамгаалаад сууж болохгүй. Хариуцлагын тогтолцоо нь, ялын бодлогыг ийн чангалж, чангаруулсан атал хуулийн дээр ХУУЛЬ биш хүн засаглаад сууж байхад шударга ёсны талаар тоть лугаа давтах нь үр дүнгүй. Тиймээс л авлигын хэргээр дагнасан шүүх өнөөгийн нөхцөлд хамгийн сайн сонголт байж мэднэ. 

Шүүхийн тухай хууль гэдэг Ерөнхийлөгчийн, УИХ-ын даргын, Ерөнхий сайдын аль нэгийнх нь эрх ашиг, үзэмжээр "эх барьдаг" асуудал биш. Өглөө нь санал гаргаад өдөр нь өргөн бариад батлуулчихдаг зүйл бүр ч биш ээ! Оруулсан өөрчлөлт, шигтгэсэн өгүүлбэр болгон нь шүүх засаглалын, шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг хөнддөг учраас, тэр бүгд нь хэн нэгний хувь заяаг дэнслэх шударга ёсны луужин болдог болохоор бүх талын субъектийн оролцоо, саналд тулгуурлаж боловсруулдаг нарийн шат дамжлагатай. Засгийн газраас өргөн мэдүүлж, Ерөнхий сайд нь өөрөө гардан танилцуулсан Шүүх байгуулах тухай хуулийн үзэл баримтлал нь ч тийм. Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Засгийн газар хооронд 2021 оноос хойш хэлэлцэж, саналаа тусгасныг эцсийн байдлаар нэгтгэж хуулийн төсөл болгосон "хамтын бүтээл". Авлигаар дагнасан шүүх байгуулах асуудалд шүүмжлэлтэй хандах биш тэнд тулгамдаж буй эрхзүйн зарим асуудалд дэмжлэг үзүүлэх агуулга талаас нь харвал өөр гэсэн үг.

Системийн авлигыг нураана гэдэг хэн нэгэн сайн удирдагчийг төрүүлснээр бүрэн арилчихгүй. Буруудвал эсрэгээрээ дарангуйлал руу гулсах эрсдэлтэй. Сууриар нь, хөрсөөр нь шинэчилж, салхи оруулахаас нааш байдгаараа л байна. Ингэхийн тулд дан ганц шүүх засаглал нь бус Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаа, прокурор зэрэг байгууллага нь мэргэших нь чухлыг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхэлсэн нь сайны л дохио. Нийгмийн баталгаа нь тэр хэмжээнд сайжрах л ёстой. Дэлхийн жишиг нь ч тийм. Эл асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд нь шүүгчдийн цалин нэмэх агуулгаар байр сууриа илэрхийлж, тэдэнд “тал засч” ирсэн “боловсон тохиролцоо”-г Шүүхийн тухай хуулиар хаах нь. Гүйцэтгэх, шүүх гэсэн хоёр засаглал хоорондын ерөнхий итгэлцүүрийн дагуу бие даан шийдвэрлэх эрхийг тэдэнд олгох нь. Авлигын хэргээр дагнасан шүүх байгуулах асуудалд улс төр, нийгмийн хүрээнээс байр суурь илэрхийлж байгаа болохоос бас ч гэж дэвшилттэй заалт оруулж ирсэн нь энэ. 

Системийн авлигын эсрэг Засгийн газрын хийж байгаа тэмцэл машинаар хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулынхаа оройд ойртож л байна. Оргил руу дөхөх тусам бартаа саад нь нэмэгдэж, хад чулуу ихсэх нь тодорхой. Авлигачид ялбал машин “онхолдоно”. Авлигын эсрэг тэмцэл дахиад л тэгээс эхэлнэ. Тэр болтол хамгийн багадаа 10, 20 жил зарцуулна. Тэгэхгүйн тулд, тийм байдал руу орох нь энэхүү тэмцлийн бодит үр дүн биш учраас алхам ч ухрахгүйгээр урагшлах сонголтынхоо өмнө дахин ирлээ. 30 жилд бугширсан асуудлыг гурван жилд бүрэн шийдвэрлэхгүй ч асуудал нь хаана байгааг, авлигачид ямар хүчтэй, бас хортойг нийгмээрээ мэдэж, гадарладаг болсон нь маргаангүй дэвшил. Удахгүй зохион байгуулах Нүүрсний хулгайд хамаарах “Нээлттэй сонсгол”-оор ч олон хүний жинхэнэ төрхийг илчилж, багийг хуулж таарна. Зэрэгцээд улс төрийн акц өрнөж, өрнүүлэх магадлал нь ч өндөр. Гагцхүү авлига, албан тушаалын гэмт хэрэгтнийг яагаад өрөвдөж, өршөөж болохгүйг, эцсийн дүндээ тэдэнд бууж өгөхгүй байх гол хөшүүрэг нь энэ төрлийн хэргээр дагнасан шүүх болох уу гэдэг бас нэгэн сонголтын аль талд зогсохоо Монголын парламент шийдэх нь.

30 жилд бугшиж, бүрэлдсэн системийн авлига хэмээх аварга том царс модноос салаалж ургасан улс төр болон эдийн засгийн бүлэглэлийг бүхэлд нь түлхэн унагаахад анхан шатны жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэх аргагүй ч өнөөгийн нөхцөлд үүнээс сайн сонголт алга! Шүүх засаглалыг авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс хамгаалах, хараат бусаар ажиллах орчинг бүрдүүлэхэд эрх зүйн шинэчлэл хэрэгтэй. Үүнд нь бүх нийтийн дэмжлэг хамгийн чухал. Үр дүнд нь хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнд ч ял завшуулдаггүй, хэргийг зориуд дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглал төлөвшиж ялсан байх ёстой!

Г.Эрхэс