С.Амарсайхан: 2021, 2022 онд ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгох асуудлыг судалж эхэлсэн

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Тус компанийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Засгийн газар 2022 оны 10 дугаар сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид онцгой дэглэм тогтоож, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Улмаар онцгой дэглэм тогтсоноос хойш компанийн санхүүгийн үзүүлэлт эрс сайжирч, өр төлбөр үнэмлэхүй хэмжээгээр буурчээ. Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр; 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар; эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх; иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах, үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх зарчмыг шинэчлэн тодорхойлж, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоогийн ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж хуульчилсан.

Тогтоолын төсөл батлагдаж, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 34 хүртэл хувийг Монгол Улсын иргэдэд үе шаттай эзэмшүүлснээр байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх зарчим хангагдах чухал ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаа эргэлтэд оруулах, ногдол ашгаа хуримтлуулах, ипотекийн зээлийн урьчилгаа болгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр төлөх гэх зэрэг боломжийг бүрдүүлэхийн чухлыг хэлээд Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, шударгаар хуваарилах зарчмыг баримталсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах асуудлын явцын талаар тодруулсан.

Засгийн газраас холбогдох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа, ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өглөө. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэд хэзээ авах боломжтой талаар тодруулан асуув. Одоогоор нийт иргэдээс 2.5 сая нь 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа гэдгийг С.Амарсайхан сайд хэлээд “Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг судалж байгаа.

Өнөөдрийн хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөл ч үүнийг хэрэгжүүлэх зорилготой” гэлээ. Төрийн өмч нэрийн ард үндэсний баялгийг хэрхэн зохисгүй хуваарилж, зарцуулж байгааг Н.Ганибал гишүүн тэмдэглээд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг тодрууллаа. Иргэд 1072 хувьцаа нь баталгаажин, мөнгөжөөд, жил бүр ногдол ашгаа хүртдэг байхыг хүсч байгааг тэмдэглээд нийт хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой эсэх, 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл тус компанийн ТУЗ-д бий эсэхийг асуусан юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээний талаар Засгийн газрын БЭТ Ж.Ганбат мэдээлэл өглөө. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 27 гэрээ, Богдхан төмөр замтай холбоотой 9 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ гээд нийт 4 төсөлтэй холбоотой 38 дэд гэрээ байсан байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 1 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ л үлдээд байгаа гэх мэдээллийг өгөв. Богдхан төмөр замтай холбоотой гэрээнүүдийг бүрэн зогсоосон байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоосноос хойш шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй болохыг БЭТ Ж.Ганбат хэллээ. Компанийн ашгийн санхүүгийн үзүүлэлтийн тухайд 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай, 2023 оны III улирлын байдлаар 2.7 наяд төгрөгийн ашигтай ажиллаад байгаа аж. Жилийн эцсийн дүн нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэгтгэгдэн, аудитын дүгнэлтийн дараа баталгаажих юм байна. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болсон гэдгийг тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьдчилж олсон 603 сая ам.долларын орлогыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэв.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 11 гишүүнтэй, үүний 3-4 нь хараат бус гишүүн байсан. Иргэдийг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр төлөөлдөг болохыг ажлын хэсгийн гишүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ. 2022 оноос “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээний засаглалын шинэчлэлээр ТУЗ-ийг 9 гишүүнтэй болгож, нийт бүрэлдэхүүний 49 хувийг хараат бус гишүүнээр бүрдүүлэх, хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгосон аж. ТУЗ-ийн гишүүдийн эрх, үүрэг, оролцоо Компанийн тухай хуулиар тодорхойлогддог гэдгийг С.Наранцогт захирал танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл 1072 ширхэг хувьцааг иргэнд өмчлүүлэх нь зүйтэй, харин хувьцаа эзэмшигч байх нь шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй байдгийг шүүмжилсэн. Тэрбээр төрийн шийдвэрийн дагуу 1072 ширхэг хувьцаагаа эргэлтэд оруулсан иргэд ногдол ашгийг хэрхэн хүртэх талаар тодруулав. 2010 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн иргэдэд эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцаатай холбоотой 16 удаа шийдвэр гарч байсныг С.Наранцогт захирал хариултынхаа үеэр тодотгоод “Нийт 3.5 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгосон бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүсэлт гарган бэлэн мөнгөөр авсан, 2010-2011, 2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр, 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газарт худалдаалсан.

Нийтдээ 1.000218 иргэн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдсан байгаа. Энэ хүмүүсийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ногдол ашгийн талаар хөдөлгөөн өрнүүлж, шаардлага тавьж байгаа. Тэд “Төр биднийг дээрэмдсэн, буцааж өг” гэх асуудлыг хурцаар илэрхийлдэг. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, тайлан нь аудитаар баталгаажин, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахтай холбоотой шийдвэр гаргах болно.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцаагаа төрд ямар нэг хэлбэрээр худалдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэх мэдээллийг өгсөн. Улмаар Үндсэний баялгийн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зохистой хэлбэрийг сонгон, тогтоох шаардлага бий гэлээ. Хувьцааг иргэдэд эзэмшүүлснээр үр ашгийг хүртээх зорилготой гэдгийг ажлын хэсэг тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зорилгоор иргэддээ үнэ төлбөргүй олгосон хувьцаа нь эзэмшлийнх байх, түүгээрээ дамжуулан ногдол ашгаа хүртдэг байх нь зүй ёсных гэдэг байр суурийг хэлэлцүүлгийн явцад илэрхийллээ.

Иргэд хувьцааны өгөөжөө хуримтлуулах сонирхолтой тохиолдолд тодорхой хувилбаруудыг санал болгох нь зүйтэй гэдэг байр суурийг Т.Доржханд гишүүн илэрхийлж байсан. Монгол Улсад цахилгаан станц, төмөр зам тэргүүтэй томоохон бүтээн байгуулалтыг хийх нэн шаардлагатай байгаа, тэдгээрийг санхүүжүүлэх шаардлага байгаа учраас хүссэн иргэн хувьцааны ногдол ашгаа энэ хэлбэрээр хуримтлуулан, санхүүжилт босгоход оролцоод өгөөжийг нь авах боломжтой байх нь зүйтэй гэв.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын талаар дурдаж байлаа.

Ийнхүү гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Б.Баттөмөр нар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг бодитоор хангах, сонгодог нээлттэй хувьцаат компани болгох шаардлагын талаар хэлээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа хэлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.