Өрөөр өлдсөн Монгол

33 сая төгрөгөөр юу хийж болох вэ?. Залуу гэр бүлд орон сууцны урьдчилгаандаа зориулж, ипотекийн зээлд хамрагдах боломж. Захын гэр хорооллын айл, өрх хашаандаа бэсрэгхэн үйлдвэрлэл бүхий гарааны бизнес эхлүүлэх хөрөнгө. Амины орон сууц бариад, тэрүүхэндээ под хийгээд амьдарч болох мөнгө. Ер нь 33 сая төгрөг гэдэг бага биш. Өнөөгийн Монголын нийгэмд их мөнгө. Тохуутай нь, захиран зарцуулах нь битгий Монголын иргэн болж яваагийнхаа төлбөрт нэг хүнд ногдох өрийн хэмжээ нь ийм. Нэгжээд биш нэг хүн шүү. Ам бүл гурвуулаа гэж бодоход 100 гаруй сая төгрөг. Энгийнээр хүний тоо нэмэгдэх тусам өрийн хэмжээ өснө. Мянгаар биш саяар, тэгэхдээ 33 саяар. Товчхондоо, Монгол Улсын гадаад өр 2016 оноос тасралтгүй нэмэгдсээр 10 тэрбум ам.долларт хүрч, нийт хэмжээ нь 34 тэрбумыг давлаа.

3.5 сая хүндээ хувааж тооцвол нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногдож буй юм. Ойролцоогоор 10 мянган ам.доллар. Үүнд шинээр төрсөн хүүхэд ч хамаарна. Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, ер нь Монгол Улсын иргэншилтэй хүн бүр багтана. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөн дэвжихээс илүүтэй өрөөр өлдсөн юм шиг гаднаас зээлж, зарцуулж ирсэн гэсэн үг. Аль ч улсын Засгийн газрын үндсэн бодлого, үүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа тэлэх, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихэд чиглэдэг ч Ардын Нам дангаараа, бүхэлд нь засагласан найман жилийн хугацаанд ард түмний нуруу тэнийх нь битгий амьжиргааны түвшин уруудсаар байгаа өнөөгийн Монголын бодит төрх. Улс нь 34 тэрбум ам.долларын, иргэд нь ББСБ, ломбард, хүнсний дэлгүүрийн “барьцаа”-нд дөнгөлөгдөж, бас түгжигдсэн нь бидний гашуун үнэн. Тосоо граммлаж, талхаа таллаж, барьцаалж, зээлж болох бүгдэд байдгаа барж байгаа нь байх ёстой нэг жирийн үзэгдэл болсон нь үүний баталгаа.

Уг нь гадаад өрийн таазыг 10 тэрбум ам.доллароор өсгөж, үржүүлснийхээ хувьд цаасан дээр бус хөрсөн дээр буулгасан тайлангаа эрх баригч МАН-ынхан иргэдийнхээ өмнө нээлттэй тавих нь зүйн хэрэг, зүй ёсны шаардлага. Тэр нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэж байх ёстой юм. Гэтэл өр нь өссөнөөс өөрөөр үр дүнд хүрсэн нь алга. Эсрэгээрээ өр тавиад зогсохгүй өөрсдөө ч түүнээсээ өм цөм хулгайлж байсныг илтгэх олон үйл явдал араас хөврөв. “Авлигатай тэмцэнэ гэдэг ах нартайгаа, анд найз нөхөдтэйгөө, Ардын Намтай тэмцэнэ гэсэн үг” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой. Уугуул нам нь үнэмлэхүй олонхоор Засгийн эрхэнд гарсан 2016 оноос Монгол Улс модоо барих хүртлээ тартагтаа тулсныг хүссэн ч, эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын үг байсныг тэд биш иргэд нь өдөр тутамдаа мэдэрч байна.

Ам.долларын өр гэдэг өөрөө бодитой, үндэслэлтэй, бас шалгуур үзүүлэлттэй. Хувь хүн хоорондоо авч, өгөлцдөг, араас нь нэхэл дагуулдаг аман тохироо биш. Бүхэл бүтэн улс орны үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолоор хэмжигддэг. Гадаад зах зээл дээрх хөрөнгө оруулагч, зээл олгогчдын шаардлага нь ч тийм агуулгаар илэрхийлэгддэг. Ганц үнэн нь зээл авсан тал нь мөнгөөрөө юу хийх, яаж зарцуулах нь өгсөн талд үнэндээ падлийгүй. Өрөө төлөх ганцхан болзлыг хариуцагч талаас шаардана. Тийм ч эрхтэй. Зээлсэн үү, зээлсэн. Авсан уу, авсан. Гарын үсэг зурсан уу, зурсан. Гэрээнд юу гэж заасан тэрийгээ биелүүлэх л үүрэгтэй. Өнөөдөртөө өрийг өрөөр дарах, эсвэл урд хормойгоороо хойдохоо нөхөх үү? гэдэг нь бидний, Засгийн газрын асуудал ч маргааш юу болохыг таашгүй. Эдийн засгийн үзүүлэлт нь нүүрс, зэсийн экспортоос бүрэн хамааралтай манайх шиг жижиг улсад хэрхэх учраа олохгүй, хана мөргөх эрсдэл нь өндөр, аюул ойрхон. Урд хөрш хилээ хаахад Монголын эдийн засаг тэг зааж, таг зогсоно. Тэр цагт дампуурлаа зарлахаас өөр сонголт үгүй. Төлбөрийн чадамжгүй болно гэдэг бусдын харьяанд орж, бодлого, шийдвэрээ тодорхойлуулахтай агаар нэгэн. Өмчлөөд, үүрээд аваад явах ямарч боломжгүй, өвлөгдөж үлддэг нь өрийн онцлог, мөн эрсдэл нь! 

С.Очирхүү