С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Авлигатай хийх тэмцлийн агуулгыг томруулах сураг!
Л.Оюун-Эрдэнэ: Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл G-Class хөлөглөж, тансаг хауст амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна. 1992 оноос хойш засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдралын чанарт дорвитой өөрчлөлт гарсангүй. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй.
О.Алтангэрэл: Бид оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Яг үнэндээ хилийн чинадад байгаа тэр мөнгөний хөрөнгө хэмжээг тоолж, хураана гэж хий ярих шаардлагагүй. Харин өөрсдийн нүдэнд ил байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртлөө "Ланд 200" машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой атлаа гурван тэрбумын хаусанд амьдардаг төрийн хатуу албан тушаал хашиж байсан болон төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байна.
Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нарын хоёр жилийн зөрүүтэй хэлсэн үг. Гэдэг нь Ерөнхий сайдын хувьд чуулганы индрээс ийн сануулж асан бол Хуулийн сайд нь Засгийн газрын хуралдаанд танилцуулсан төсөл дэмжлэг хүлээсний дараа мэдэгдсэн нь энэ. Агуулга нь ч тэр, асуудал нь ч мөн адилхан хэрэг. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн болсноос хойш эрчимжсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх акц, “5Ш ажиллагаа”-гаар албажиж, өдгөө Авлигын эсрэг хуулиар улам цар хүрээгээ тэлэх нь.
Үндсэн санаа нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай. Төдийгөөс өдий хүртэл Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байсхийгээд гардаг ч хөөн хэлэлцэх хугацаа гэх хуулийн хийдэл, сүүдэрт хариуцлагын тогтолцоо бүдгэрч бүр уусч ирсэн нь асуудлын нэг зангилаа. Талх хулгайлсан нь хорих ялаар зүйлчлүүлж, тэрбумаар нь завшаад 40 хүртэлх сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг жишиг шүүх засаглалд тогтсоор удаж буй нь ч авлигын индекс урагшилдаггүй ухардаг гол шалтгаан. Үүнийг засах, авлигачдыг хазаарлах асуудлыг хатуу хуульчлахгүйгээр үр дүн гарахгүй, өнгөрсөндөө таг гацаж, тэг зогсох нь ойлгомжтой. Юу үнэн энэ л үнэн.
Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газрыг тэргүүлж буй энэ цаг үед Хуулийн сайдынх нь зүйгээс авлигын тэмцлийг улам чангаруулж, хатуу зохицуулалт хийхээ мэдэгдсэн нь анхаарал татах сэдэв. О.Алтангэрэл сайдын хэлснээр 40 орчим зүйлт, 200 гаруй заалттай хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд багтааж өргөн мэдүүлэхээр болжээ. Авлига бол аль нэг улс орон гэхээсээ дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал. Ор мөргүй таслан зогсоосон нь үгүй ч хууль, эрх зүйн хатуу бодлогоор дамжуулж аль болох бага түвшинд барьдаг нь олон. Монгол Улс ч энэ чиглэл рүү явахаас өөр сонголтгүй болсныг О.Алтангэрэл сайд хуулийн төслөөрөө дамжуулан хэлсэн байж таарна.
Эндээс О.Алтангэрэл сайдын боловсруулж буй анхдагч хуулийн төсөлд ямар агуулга багтаж байгаа вэ? гэдэг нь нэн тэргүүнд чих тавих сэдэл. Өөрийнх нь хэлснээр хөөн хэлэлцэх хугацаа, ямар нэгэн шалтаг, тайлбар сонсохгүйгээр хууль ёсны орлогоо баталж чадаагүй хөрөнгүүдийг хураах гэнэ. Үүнд татвар ч хамаарах аж. Статистик тоон үзүүлэлтээс харахад сүүлийн 6-7 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг хуулийн байгууллагаас тогтоосон 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө, орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд Тавантолгойн орд тойрсон олон арван тэрбум, их наядаар хэмжигдэх зэс, нүүрс, төмөр замтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэнийг аудитын дүгнэлтээр тогтоож ирсэн нь зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн үйл явдал. Дахин тодотгоё, захын нэг улстөрч эсвэл УИХ-ын гишүүний индрээс хэлсэн тоо биш, аудитын дүгнэлт.
Авлигын индекс яагаад буурдаггүй, ямар шалтгаанаар ухарч ирсний бас нэгэн нотолгоо нь энэ. Тэгэхээр О.Алтангэрэл сайдын өргөн мэдүүлэхээр зэхэж буй хуулийн төслийг хэлэлцэж, батлах зүй ёсны шаардлага энэ парламентад бий юу гэвэл байна. Ерөнхий сайдын зүгээс ч төслийг дэмжиж буйгаа Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн нь хоёр жилийн өмнө чуулганы индрээс хэлсэн байр сууриндаа бат зогсож буйн илрэл. Анзаарсан бол эл хуулийн агуулга, үйлчлэл нь үнэхээр хууль ёсных уу? эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд байна уу? гэдгийг тогтооход чиглэж байгаа юм.
Ганц асуудал бий хуулийн төсөл УИХ-аас дэмжлэг хүлээсэн тохиолдолд хэрэгжилтийг хангахаас эхлээд хүн бүрд эрх тэгш үйлчлэх эсэх, түүнд хэрхэн хяналт тавих нь хэлэлцэх, батлахаасаа илүү хүндрэлтэй байх магадлал нь өндөр. Яг өнөөдрийн нөхцөлд шүү дээ. Хуулийг нь чангаруулж, хулгайчид нь тодорхой атлаа Хөгжлийн банк, нүүрсний хэргүүд ийм замаар явсан, тэгээд замхрах тийш явж байна. Энэ хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэчнээн албан тушаалтан “төрсөн” ч хий хоосон шүүмжлэл дайж, хариуцлага нэхэхээс өөрийг хийж чадахгүй байгаа нь үнэн.
Тэгэхээр Ерөнхий сайдын түвшинд дэмжлэг хүлээсэн Авлигын эсрэг хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн цаг үеэс хуулийн үйлчлэл хүн бүрд эрх тэгш үйлчлэх нь нэн тэргүүний асуудал, хамгийн чухал нь. Дарга, даамал ч бай, жирийн нэгэн төрийн албан хаагч ч байсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотлох л учиртай. Нотолж чадаж байвал, тэр нь хууль ёсных байж гэмээнэ хөрөнгө хураах тухай асуудал хөндөгдөхгүй гэдэг ойлголтыг анхнаас нь нийгэмд төрүүлэх нь зүй. Энэ парламентын бүрэлдэхүүний нэг онцлог 80 хувь нь шинээр сонгогдсон гишүүд. Авлигын эсрэг зоригтой, хатуу тэмцэх цаг үеийн нөхцөл нь хэдийнэ бүрдсэн гэж хэлж болно. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хоёр өмнө хэлж асан байр суурь хуульчлагдаж, биеллээ олох нь цаг хугацааны л асуудал боллоо.
Г.Эрхэс