С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нарт өгөх Л.Оюун-Эрдэнийн СИГНАЛ!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Тэрбээр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болох хуралдааны үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцох товтой. Мөн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Үндсэндээ Монгол, ОХУ, БНХАУ-ын гэсэн мөнхийн гурван хөршийн Засгийн газрын тэргүүнүүд хоёр дахь удаагаа уулзалт хийхээр болсон нь энэ юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Киргизийн Бишкек хотноо болсон ШХАБ-ын ээлжит хуралдаанд оролцох үеэр М.В.Мишустин, Ли Чянтай хоёр талын уулзалт хийж байв, одоогоос яг жилийн өмнө. Харин энэ удаагийн уулзалтын агуулга, улс төрийн өнцөг нь хэд хэдэн онцлогтой байхаар харагдаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс хууль тогтоох засаглалын түвшиндээ томоохон реформыг хийж 126 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, эрх баригч намын даргын байр сууриас хоёр улсын Засгийн тэргүүнтэй уулзах нь.
Хоёрдугаарт, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хамарсан том төслүүдээ хөдөлгөх үндсэн тохироотойгоор хамтарсан энэ Засгийн газраас ирэх онд хэрэгжүүлэхээр Төсвийн хуульд шигтгэсэн төслүүд ОХУ, БНХАУ-аас шууд хамаарч буй. Гэдэг нь Гашуунсухайт-Ганц модны төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц багтаж буй.
Гуравдугаарт, дэлхийн томоохон агентлагууд болох “Fitch”, “Moody’s” тэргүүтэй агентлагаас ээлж дарааллан Монгол Улсын зээлжих зэрэглэгийг “B+” тогтвортой түвшин болгож ахиулсан нь дээрх төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гол хөшүүрэг болсон хөрөнгө оруулагчдад эерэг сигналыг өгөөд байгаа юм.
Тэгэхээр эдгээр үзүүлэлт нь Л.Оюун-Эрдэнийн ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нартай хийх уулзалтын гол агуулга, төв цэг байх нь. Мэдээж Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, гурван улсыг холбосон хурдны авто зам, хийн хоолой барих зэргээр хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудал эл уулзалтаар хөндөгдөх нь тодорхой.
Гагцхүү Төрийн дээд хэмжээний айлчлал болон албан ёсны уулзалтаар аль нэг хөршийнхөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хийдэг ажил хэрэгч яриагаар хязгаарлагдах бус 126 гишүүнтэй анхны парламентын бүрэн эрхийн хугацаанд олон жилийн турш гацаанд явсан эрчим хүч, төмөр зам, дэд бүтцийг чиглэсэн томоохон мега төслүүдээ хөдөлгөж, гараанаас гаргахаар болсныг ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын Ерөнхий сайд нарт дуулгах нь Монголын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс өгөх хамгийн том СИГНАЛ юм!
Г.Эрхэс