З.Мэндсайхан: Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон
(НӨАТ)-ын суутган төлөгчийн босгыг 50 сая биш 400 сая болгоно
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулж дуусгасан. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих, эсэх тухай санал хураалтыг явуулав.
Санал хураалт явуулахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж, эдийн засгийн өнөөдрийн хурцадмал нөхцөл байдлын үед зах зээл дээрх ажлын байрыг хадгалах зорилгоор татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгааг дурдав. Хуулийн төсөлд хувь хүний 790 мянгаас дооших орлогод татвар ногдуулахгүй байх, нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын суутган төлөгчийн босгыг 50 сая биш 400 сая болгох, борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөгийн доош байвал аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.0 хувь болгох өөрчлөлтүүдийг баталснаар ажлын байр хадгалагдаж, иргэд үнийн өсөлтөөс хамгаалагдана хэмээн Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлав. Эдгээр хуулийн төсөл батлагдаж, мөрдөгдөж эхэлснээр улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн ачаалал ирнэ гэдгийг тэрбээр тодруулж, татвар баялгийг хуваарилахад хэрэглэдэг механизм бөгөөд энэ механизмыг өндөр орлоготой иргэдээс татвар нэмүү авах, дунд орлоготой жижиг, дунд бизнес эрхлэгчдийнхээ ажлын байрыг хадгалах зорилгоор хэрэглэдэг гэсэн юм. Тэрбээр, хувь хүний орлогын албан татварыг 1.0 болговол орон нутаг бие дааж үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй болно гэдгийг онцолж, НӨАТ-ын буцаан олголт тансаг хэрэглээтэй иргэдэд илүү хүрнэ гэдгийг анхааруулан, төрийн халамжийн бодлого зорилтот бүлгийнхээ ердөө 26.0 хувьд хүрч буйг хэллээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодод шилжүүллээ.