З.Мэндсайхан: Хуульд өөр төсөл нэмж тусгах, төслийн нэр өөрчлөхийг хориглосон
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа
Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга П.Золзаяа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаярыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль зүйн ухааны магистр Т.Өсөхбаяр сонгон шалгаруулалтад оролцсон 16 хүнээс шалгарч, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 51.29, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 27.43, нийт 78.72 оноо авч тэнцэн, нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг ШЕЗ-ийн энэ оны 73 дугаар тогтоолоор баталжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар танилцсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл хийлээ. Байнгын хорооны хуралдаанд нэр дэвшигчийг танилцуулах үед Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгон шалгаруулалтын үйл явц, түүнд оролцогчид, мөн орон нутгийн шүүхийн захиргааны ажилтны орон тоо, ажиллах нөхцөлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл нэр дэвшигчээс хууль тогтоомжийн төсөл боловсруулах, боловсронгуй болгох ажлын мэдлэг, туршлагатай эсэх, шүүн таслах ажиллагааны чанарыг хэрхэн сайжруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангаж бэхжүүлэх хүрээнд баримтлах бодлого, шүүгчийн ёс зүйн асуудлыг хуулиар зохицуулсан эсэх тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбоотой нэн яаралтай шийдвэрлэх асуудлын талаар тус тус асуулт асууж, хариулт авчээ.
ШЕЗ-ийн даргын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Алтангэрэл, Ж.Батсуурь нар үг хэлж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Т.Өсөхбаярыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.