Зогссон, удааширсан төсөл, арга хэмжээг нэг удаа нэгдсэн байдлаар дахин тооцно

Б.Пунсалмаа нарын 13 гишүүн санаачилж, энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав.

Төсөл санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг жил бүр хуулиар батлан хэрэгжүүлж байгаа боловч сүүлийн жилүүдэд төсөл, арга хэмжээний анх батлагдсан төсөвт өртөг нэмэгдэх, хэрэгжилтийн хугацаа удаашрах, зарим тохиолдол зогсох асуудал тогтмол давтагдаж байгааг онцолж, тоо баримттайгаар дурдсан юм. 2024 онд нийт 449 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 1.6 их наяд төгрөгөөр, 2025 онд 142 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 971.3 тэрбум төгрөгөөр, 2026 онд 136 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 805 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Эдгээрийг нэгтгэн шүүж, давхцалыг нь арилган тооцоход сүүлийн гурван жилийн байдлаар нийт 522 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 1.9 их наяд төгрөгөөр өссөн байна.

Төсөл, арга хэмжээ удааширч зогссоноор тухайн бүс нутгийн иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч чадахгүйд хүрээд зогсохгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засагт үзүүлэх өгөөж, үр ашиг буурч, шинээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн боломж хязгаарлагдаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа дүгнэсэн юм. Энэ бүхэн улсын төсвийн удирдлага, хяналт сул, төсөл, арга хэмжээний бэлтгэл тааруу байгаагаас шалтгаалж байгааг тэрбээр хэлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа муу байгаатай шууд холбоотойг тэмдэглэв. Иймд зогссон, удааширсан төсөл, арга хэмжээг нэг удаа нэгдсэн байдлаар дахин тооцож, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу цэгцлэх шаардлага үүссэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачилсан байна.

Тогтоол төсөл нь дөрвөн заалттай, нэгдүгээр заалт нь таван заалттай бөгөөд Засгийн газраас тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжсэн санал ирүүлжээ. Тогтоол батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, сахилга бат сайжирч, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, чанарын тогтолцоо бэхжихийн зэрэгцээ улсын төсвийн ачаалал дарамтыг бууруулах, шинэ хөрөнгө оруулалтын орон зай бий болгох, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа сайжирч нэн шаардлагатай төсөл, арга хэмжээ орхигдох, гээгдэх, давхардах зэрэг эрсдэлийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтойг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан байна.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг хэд дахин нэмэгдэж, төсөвт ачаалал үүсгэж байгаа үндсэн шалтгаан болон Улсын Их Хурлын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн санг тогтмол ашиглах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа магадлалын дүгнэлт гаргаж төсөвт өртгийг нэмэгдүүлж байгаа эрх бүхий байгууллагуудад төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Баянхонгор, Өвөрхангай аймгуудад улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгаан болон тэдгээрийг Төсвийн тухай хуульд тусгагдсан хугацаанд дуусгах боломжтой эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Г.Ганбаатар нар техникийн ижил нөхцөлтэй төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртгийн дүн зөрүүтэй байгаа үндэслэлийн талаар асуулт асууж, хариулт авсан байна.

Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 73.7 хувь нь дэмжжээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт, төсөл санаачлагчийн илтгэл болон тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан намын бүлэг, бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Б.Бейсен, Г.Хосбаяр, Ө.Шижир, Ж.Золжаргал, Н.Алтаншагай, С.Зулпхар, Д.Жаргалсайхан, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт, тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүд төрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтын үйл явц, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, төсөл, арга хэмжээг төлөвлөхөөс эхлээд хэрэгжүүлэх хүртэлх бүхий л үйл явцад улс төр, танил талын нөлөө их орж буй, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн үүрэг, хариуцлага, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын сул, шударга бус байдал хавтгайрсан зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалсан Улсын Их Хурлын дэд дарга, төсөл санаачлагчдын нэг Б.Пүрэвдорж төрийн байгууллагаас зарласан тендерт дарга нарт ойрхон компаниуд орж хямд үнийн шаардлага хангасан санал өгөөд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийг хянадаг хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, үнийг өсгөдөг энэ явдал Ковид19 цар тахлын хүндрэлтэй үед эхэлсэн, одоо луйвар болчихсон гэсэн тайлбар өгөв. Энэ нөхцөл байдлыг цэгцлэх, хязгаарлахын тулд тогтоолын төслийг бидний 13 гишүүн санаачлан боловсруулсан хэмээн тэрбээр тодотгож, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад дэлгэрэнгүй, тодорхой хариултыг бэлтгэн бичгээр ирүүлэхийг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов.

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар үг хэллээ. Тэрбээр төрийн өмч, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг хэрэгжүүлдэг Засгийн газрын байгууллагуудад улс төрийн шахааны хүмүүсийг биш мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулах, орон тоог нэмэгдүүлж, бүтцийг данхайлгахгүй байх, ажлын бүтээмж, үр дүнг сайжруулах шаардлагатайг онцлов.