З.Мэндсайхан: 2024 оноос манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон

Засгийн газар 1991 оноос хойш нийт 308 төсөл, арга хэмжээнд 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн хөрөнгийг ашиглаж 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн ашиглаагүй үлдэгдэл байгаагийн 38 хувь нь буюу 5.3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн үлдэгдэл санхүүжилт байгаа аж. Хэрэгжиж буй төслүүдийн 68 хувь буюу 52 төсөл нь хөнгөлөлттэй, 32 хувь буюу 22 төсөл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хэрэгжиж байгаагаас гадна зарим төслүүд нь зээлийн эх үүсвэрийг дагасан тусламжийн санхүүжилттэйг Сангийн сайд тодотгож байв.

Нэн хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын төсөвт ирэх шууд ачааллыг бууруулж, дунд болон урт хугацаанд хөгжлийн суурийг тавих чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа ч 2011 оноос нэн хөнгөлөлттэй нөхцөл өөрчлөгдөж, Монгол улс энгийн болон хөнгөлөлттэй зээлд хамрагдах болсон байна. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтэй зээл авахаар зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгааг төслийн танилцуулгад дурдлаа.

Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь ирэх 3 жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг Улсын Их Хурлаар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөг өсөх, хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаанд ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэл болохуйц байгааг З.Мэндсайхан сайд нэгдсэн хуралдаанд танилцуулав. Нөгөө талдаа Улсын Их Хурлаар соёрхон баталсан гэрээ, хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар олон улсын гэрээнд хамаардаг бөгөөд энэ үүднээсээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улс, санхүүгийн байгууллагуудаас тогтмол хийгддэг үнэлгээнд нөлөөлөх асуудал юм байна.

Төсвийн хязгаарлалттай өнөөдрийн нөхцөлөөс шалтгаалан гадаад зээлийн эх үүсвэртэй төслүүдийн гэрээний дагуух шаардлагатай санхүүжилтийн дөнгөж 22 орчим хувийг улсын төсөвт тусгаж байгаа нь хэрэгжилтэд гол хүндрэл болж байгаа аж. Зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхгүй бол зарим төслийн хэрэгжилт 5-10 жилээр хойшлох, зардал нэмэгдэх, өрийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх бодит эрсдэл үүссэн байна. Энэ онд 18 төсөл хэрэгжиж дуусаж байгаа боловч шинээр эхлэх төслүүдийн гэрээтэй холбоотойгоор зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл ирэх онуудад ч өндөр хэвээр байх хандлагатай болохыг Сангийн сайд танилцуулсан.

Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын болон эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн тул Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төсөл нь 4 бүлэг, 5 зүйлтэй бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээг, 2 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын зардлын зохицуулалтыг, 3 дугаар бүлэгт гадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналтын асуудлыг, харин 4 дүгээр бүлэгт хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтыг тус тус тусгажээ.

Хуулийн төсөлд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн хүрээнд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ зохицуулалтад өөр төсөл нэмж тусгахыг, төслийн нэрийг өөрчлөхийг хориглосны сацуу төсөл батлагдсан тохиолдолд нэр дурдагдсан бүтээн байгуулалтын төслүүдийн зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэл хууль хүчин төгөлдөр байхаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 2026 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд 1.5 их наяд төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хувьд 324.1 тэрбум төгрөгийн ашиглалт  буюу нийт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт гарснаар төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэлэлцээрийн хугацаанд багтаан ашиглалтад оруулах аж. Энэ хүрээнд зээлийн үйлчилгээний төлбөр тэр дундаа хөрөнгө баталгаажуулсны төлбөрт төлөгдөх 104.1 тэрбум төгрөгийг хэмнэх нөхцөл бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулав. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж жил бүр 1.0 тэрбум ам.доллар дотооддоо үлдэх, Эрднэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд баруун бүсийг 100 хувь эрчим хүчээр хангаж жил бүр 17.5 тэрбум төгрөг дотооддоо үлдэж, импортын цахилгаан эрчим хүчийг орлох юм байна.

Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулав. Улсын Их Хурлын 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн болохыг дурдлаа. Төсвийн байнгын хорооны 2026 оны 05 дугаар 15-ны өдөр хуралдаж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Ц.Баатархүү, Б.Пүрэвдорж, М.Бадамсүрэн, Н.Алтаншагай, Л.Соронзонболд, М.Энхцэцэг, А.Ариунзаяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

Бүтээн байгуулалтын дээрх хоёр төслийн төсөвт өртөг нэмэгдсэн эсэх асуултад “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн төсөвт өртөг огт нэмэгдээгүй. Харин нөгөө төслийн хувьд анх БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах шийдвэрийн дараа Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж, ТЭЗҮ боловсруулсан. Үүний үндсэн дээр өртөг 1.2 тэрбум ам.доллар болсон. Дараа нь буюу 2024 онд 467 сая ам.доллароор өртөг нэмэгдэж, Улсын Их Хурал шийдвэрлэсэн. Ингээд нийтдээ 1.7 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй болсон” хэмээгээд нарийвчилсан мэдээллийг өгсөн юм.