“Бид нэг л дэлхийн хүмүүс"

Амьдралыг далайтай зүйрлэвэл хүн өөрөө асар том завь билээ. Хязгааргүй уудам далайг туулахад завины хоёр сэлүүр бат бөх байхаас гадна хүссэн газраа очихын тулд хүн өөрөө хөдөлмөрч байх хэрэгтэй. Үүнтэй адил нэр, мөр бүтэн амьдрахыг хүсвэл “Ханиа зөв сонгож, тууштай хөдөлмөрлө” гэдэг. Нарт орчлонд нэг л тэнгэрийн дор нэгдэн нийлж амьдардаг хүн төрөлхтөн бүхэн хайраас үүсч, хайраар ундаалдаг. “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа “манай” улсын хүргэн болсон Солонгосын иргэн Чойгийн гэр бүлийг урьсан юм. Эрхэмсэг хэрнээ элгэмсэг түүний гэргийг Г.Должинсүрэн гэдэг. Хоёр охины аав ээж болсон хосуудын хайрын түүх сонин агаад сонирхолтой. Ахлах сургуулиа амжилттай төгссөн Чой цэргийн албанд явжээ. Албаа амжилттай хаагаад шатахуун түгээх газар болон барилгын ажлыг тууштай хийж, цалингаа хуримтлуулж, хүссэн сургуульдаа элсэн орсноор барилгын засал, чимэглэл мэргэжилтэй болсон байна. Их сургуулиа төгсч, улсдаа томоохонд тооцогддог Ханссэм компаниад ажиллаж эхэлснээс хойш 15 жилийн турш тавилга хийжээ. 2011 онд Монгол Улс руу “Blue sky” буюу бидний нэрлэж дадсанаар “Заазууран барилга”-ын дотоод заслыг хийхээр томилогдон ирсэн нь ирээдүйнхээ эхнэртэй танилцах боломжийг олгосон байна.

“Монголд хамт ажилладаг байсан хуурай дүүгийн найз эхнэртэй ч мөн найзалдаг байсан юм билээ. Ажлаа тараад гэртээ харихаар харанхуй хоосон оргиод л хэн нэгэн намайг хүлээж байдаг ч болоосой гэж боддог байсан. Хамт ажилладаг дүүдээ энэ талаараа ярьж байсан. Гэтэл нэг өдөр дүү найзуудтайгаа хоолонд орно. Хамт явъя. Найзтайгаа танилцуулъя” гэсэн. Урт хар пальто өмссөн, үсээ боочихсон ажил хэрэгч байрын бүсгүй. Сайхан инээмсэглээд, ярилцахад их эерэг энерги мэдрэгдэж байсан. Тухайн үед Монголд ажиллаад жил гаруй болсон учраас хүмүүсийн яриаг ойлгож, харилцан ярилцдаг болсон байлаа” гэв.

Харин Г.Должинсүрэн ханьдаа анхны харцаар дурласан гэнэ. Тэрбээр “2012 онд танилцсан. Нүдэнд дулаахан сайхан залууг анх хараад л дурлаж билээ. Тэр үеэс нэлээд хугацааны дараа болзож эхэлсэн. Чойг бусад залуучуудын адил кино үзэж, хоолонд орж, хамтдаа машинаар нь зугаалах байх гэж бодоод даашинз өмсөөд гарсан. Гэтэл нээх том мотоцикль уначихсан намайг хүлээж байлаа. Буцаж гүйж ороод хувцсаа сольсон. Анхны болзоо маань 180 км цагийн хурдтай өнгөрсөн. Яг тэр зураглал одоо ч нүдэнд тодхон харагдаж байна. Их сонирхолтой байсан шүү” гэв. Энэ үеэс тэд хайрын романс, хамтын амьдралынхаа эхлэлийг тавьжээ.

Хайр сэтгэлд бардам зан хэрэггүй

Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Эх нутгаасаа хил дамнаж, хүний хань болно чинээ Г.Должинсүрэн бүсгүй бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй явжээ. Хүний амьдрал хүсч, мөрөөдөж, явснаас тэс өөрөөр эргэх үе бий. Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч бүсгүй аавынхаа үгнээс гаралгүй багшийн мэргэжлийг сонгож МУБИС-ийг төгсчээ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажлаагүй ч харц булаам харагдуулах  хачин донжтой будалтыг хийдгийг маke up сонирхдог бүсгүйчүүд андахгүй. Киноны нүүр хувирагчаар суралцахыг хүсдэг тэрбээр ирээдүйнхээ замналын эхлэлийг тавьж өдгөө ч цахим орчноор дамжуулан нүүр будалтын хичээл заахаас гадна Солонгост амьдардаг монгол бүсгүйчүүд түүнийг зорин очиж үйлчлүүлдэг гэнэ.

Өөрийн амьдралын үнэ цэнэтэй дурсамжийг бүтээж яваа тэдэнд мартагдашгүй сайхан дурсамж их бий. Чой гэргийтэйгээ үерхээд хоёр сарын дараа буюу наадмаар хадмындаа очиж, танилцаж байсан гэнэ. “Доогий гэр бүлийнхэндээ танилцуулна гээд их догдолж байсан. Гадаад хүн болохоор намайг яаж хүлээж авах бол гэмшиж, айж байлаа. Хадам аавынх маань Дарханд байдаг байсан. Бид хоёр мотоцикльтойгоо гараад л давхисан. Очиход намайг бүгд л өөриймсөг сайхан хүлээж авсан. Наадмын хуушуураар дайлуулаад их сайхан санагдаж билээ. Харин буцахад их нар гарч байснаа бороо орж, бороо нь мөндөр болоод л хөлдөх дөхсөн дөө. Тухайн үед л Монголын цаг агаар өдөртөө дөрвөн улиралд хувирдаг юм байна гэж бодсон” гэв.

Хүний амьдрал болсон хойно бие биедээ гомдож, туних, маргалдах, бие биенээ ойлгохгүй байх үе хаа нэг гарна. Тэр тусмаа хоёр өөр орны ёс заншилд өсөж хүмүүжсэн тэд тийм ч амархан бие биедээ уусахгүй нь ойлгомжтой. Хэн хэндээ гомдож туньсан ч эргээд уучлах, эвлэрэх орон зайгаа үлдээдэг байсан хандлага нь тэднийг өнөөдөр өрх айл болоход нөлөөлсөн биз ээ. “Бид хоёр нэгэндээ уурлаж гомдохоороо холбоо тасраад, хамт авхуулсан зургаа фэйсбүүкээсээ устгаад блок хийгээд алга болчихдоггүй. Харин ч эсрэгээрээ заавал тэр өдөртөө зангилааг нь тайлж, ярилцаж хоёр биенээсээ уучлал гуйгаад эвлэрдэг. Хайр сэтгэлд бардам зан хэрэггүй гэж боддог доо. Хайр бол хүндлэл итгэл гэж бодож явдаг" гэдгийг Г.Должинсүрэн онцлов.

Нойроо харамлах эрхгүй явсан үе

Хайрлаж дурлаж хамтын амьдралаа эхлүүлснээс хоёр жилийн дараа тэдний охин Аран мэндэлж, гэргийгээсээ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй бэлгийг хүлээж авчээ. “Хайраа хурдан ирээрэй гэж хоолой нь чичирчихсэн утсаар ярьсан юм. Би ч санаа зовоод хамаг хурдаараа давхиад очсон чинь урдаас уйлаад тэврээд авсан. Тэгээд гарт цагаан нарийнхан зүйл атгуулсан нь тест байсан. Тэр хоёр зураасыг хараад өөрийн эрхгүй баярлаж, хүн болж төрсний утга учирыг мэдрэх шиг болсон” гэдгийг ярьж байсныг харахад хайртай үрээ хүлээсэн өдөр хоногт хэрхэн хариуцлагатай хандсан нь мэдрэгдэж байв. Арван сарын дараа мах цусны минь тасархай гарах гэж байхад надад мотоцикльноос өөр эд хөрөнгө байгаагүй учраас илүү их хичээж ажиллаж эхэлсэн гэдгийг Чой ярилаа. Эмэгтэй хүн бүр давхар биетэй байхдаа ааш зан нь тогтворгүй байхаас гадна үргэлж хайр халамж хүснэ. Ажлаа тараад ирэх бүрт эхнэрийн  өөр өөр ааштай угтана. Арга ч үгүй биз. Амьнаасаа амь тасалж төрүүлэх гэж байгаа эх хүний бие махбодид асар их өөрчлөлт гарна.

“Өдөржин ажиллаад ядраад ирэхэд Доогий хааяа уурлана, гомдоно, тунина. Гүзээлгэнэтэй сүү, тарвас аваад орвол уурлахгүй. Эмэгтэй хүн хүүхэд тээхээрээ өөрөө хүүхэд шиг болчихдог юм билээ. Эрхэлж, нялхраад л. Шөнийн 03:00 цагт боссоноо намайг сэрээгээд мах идмээр байна гэсэн нь санаанаас огт гардаггүй юм. Надад нойроо харамлах эрх байхгүй. Чанасан махны эрэлд гараад 24 цагийн хоолны газраас аваад ирсэн. Гэтэл энэ биш байна гэнэ. Жирэмсэн байх 10 сарын хугацаанд өглөө, өдөр шөнө гэлтгүй хүссэн бүхнийг нь идүүлэх гэж хичээсэн. Энэ хугацаанд эхнэрээ хайр халамжаар дутааж болохгүй л ойлгосон. Усанд оруулж, хөлийнх нь хумсыг авч өгдөг байлаа. Жирэмсэн байхдаа мастерт суралцдаг байсан. Нэг өдөр над руу залгаад “Автобусанд суудал тавьж өгсөнгүй. Толгой эргээд ухаан алдах дөхлөө” гээд уйлж байсан.Тэгээд би өөрийнхөө хамгийн хайртай мотоциклио зараад машин авч өгсөн. Мотоциклийг бол дахиад авч болно. Эхнэр хүүхдийн минь эрүүл мэнд, тав тухтай байх нь надад чухал санагдсан” гэнэ. Хань, үр хүүхдээ хайрлаж байгаагийн илрэл нь түүний сэтгэл зүрхнээс урсан гарч буй үгсээс гадна хийж буй үйлдлээс тод харагдана. Хайрын хүчээр учирсан тэднийг эцэг, эх болгож, энэ хорвоод ирснээ зарлан уйлж байсан бяцхан охин Аран нь өнөөдөр гурван настай. Хүний амьдралын аз жаргалаар дүүрэн үе бол хүүхдээ өлгийдөж авах. Охиноо төрөхөд аав нь хамт байсан гэнэ. Эхнэрээ өвдөж эхлэхээс төрөх явцыг нь хүртэл харж зогссон тэрбээр “Би оронд нь өвддөг ч болоосой гэж бодон гараа чанга атган шүдээ зууж, эхнэрээ дүлэхэд нь хүртэл хамт дүлж байсан. Хүүхдийнхээ толгойг гарч ирэхийг хараад л нулимс урсчихсан. Уйлах дууг нь сонсоод “Сахиусан тэнгэр миний үр болох гээд тэнгэрээс буугаад ирсэн” гэх бодол төрсөн. Эхнэртээ маш их баярлаж байсан” гэлээ.

Харин Г.Должинсүрэн ээж минь ингэж өвдөж намайг төрүүлсэн гэж бодохоор ээждээ хурдан очиж хайртайгаа хэлмээр санагдсан гэнэ. Энэ үеэс хойш таван жил өнгөрч айл гэрт аз жаргал болж ирсэн Аран дөрвөн сарын өмнө Бурам гэх хөөрхөн охин дүүтэй болж алс холын Солонгос улсын Чэжин мужид амар жимэр амьдарч байна.

Хүний амьдралын эрхэм дээд баялаг нь гэр бүл, үр хүүхэд

Солонгос улсын иргэн Чой гэргий болох Г.Должинсүрэнг монгол ёс заншил, уламжлалын дагуу аав ээж, ах дүү нараас нь албан ёсоор бэр гуйж авсан гэнэ. Хадам аав нь “Гуйхгүй бол охиноо өгөхгүй шүү” гэж хатуухан анхааруулж байжээ. Энэ талаар Чой “Бэр гуйх ёс Солонгост ч мөн адил бий. Бэр гуйх нь хайртай бүсгүйгээ аав ээжээс нь гэр бүл болж, хамт амьдрах зөвшөөрлийг авах хариуцлагатай ажил гэж боддог. Аав ээж нь хайрлаж халамжилж амьдрахыг хичээдэг. Хадам аав ээж хоёр минь хайртай охиноо надад үлдээгээд хүний хорвоогоос арай эрт буцчихсанд харамсч явдаг юм” гэв. Амьдралыг тэгээс эхэлж, бүгдийг өөрсдийн гараар бүтээхийг зорьж яваа тэд албан ёсоор хуримлаагүй ч хоёр улсдаа гэрлэлтээ батлуулжээ. Хоёр талын эцэг эхчүүд нь “Хуримла, тусалж, дэмжинэ” гэхэд тэд зөвшөөрөөгүй гэнэ. Учир нь өөрсдөө амьдрах орон сууцтай болсны дараа даруухан хуримлана гэсэн бодолтой явдаг аж. Үр хүүхэд, гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө илүү хичээж хөдөлмөрлөж яваа Чой хаана ч явсан хариуцлагатай явахыг эрхэмлэдэг гэнэ. Учир нь гэр бүлийн минь ирээдүйн миний гарт байгаа. Тэднийхээ төлөө өөрийгөө хүртэл хайрладаг болжээ. Урт удаан хугацаанд хамт амьдрахын тулд ажлаа хийхдээ ч жолоо барихдаа ч болгоомжтой ханддаг болжээ.

Гэрэл гэгээ цацруулсан тэд “Гэр бүл үр хүүхэд л хүний амьдралын эрхэм дээд баялаг аз жаргал үнэ цэнэ” гэж бодож явдаг. Үр хүүхдэдээ эд баялаг гэхээс илүү амьдрах арга ухаан, хүнтэй нийцэж чаддаг, хөдөлмөрч чанар, тусч сайхан сэтгэл, хүнлэг занг л өвлүүлж үлдээхсэн гэж боддог гэнэ. “Эр хүн уйгагүй хөдөлмөрч байх ёстой. Аав хүн айл гэрийн гол тулгуур тиймээс хөлс урсахгүй хичээл зүтгэл гарахгүй л бол тэр айл өөдлөхгүй. Амар аргаар олдсон мөнгө олдсон шигээ л амархан үрэгдээд дуусна. Хөлсөө урсгаж олсон эд баялаг бол насан туршийнх. Банкны лизингийн хувьд Монгол Улс хүү нь хэтэрхий өндөр санагдсан.

Залуу хүмүүс хөдөлмөрлөх хэрэгтэй ч эх орондоо биш хүний нутагт хайртай эхнэр хүүхдүүдээсээ хол санаж бэтгэрэн байж хөлс хүчээ урсгаж байрны лизинг төлнө гэдэг бол маш хүнд. Залуу гэр бүлүүдээ дэмжээсэй гэж бодогдсон. Би эх орондоо ажиллаж байгаа боловч эцсийн зорилго нь гэр бүлээрээ Монголд банкны өргүй байртай болоод өөрсдийн бизнесээ эхлүүлээд сайхан амьдрахын тулд л энд хөлсөө урсгаж явна даа” хэмээв.

Гадаад хүн болохоор надад дургүй, эхнэрийг маань муу муухайгаар хэлдэг хүн олон. Тэр хүмүүсийн юу гэж бодох хамаагүй ээ. Гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа надад бусдын хэл аманд бухимдах завгүй байхгүй. Эхнэрийг минь янз бүрээр битгий хэлээсэй л гэж боддог хэмээх түүний үгнээс уншигч та нэгийг ухаарах биз ээ. Хувь тавилан, заяа төөргөөрөө хүний хань, хүүхдийн ээж болж, зөв амьдрахыг эрхэмлэж явдаг элэг нэгт Монгол бүсгүйтэй хууч хөөрөхөд ийм байлаа.

Тэрбээр “Анх их эмзэглэж хүлээж авдаг байсан. Хүмүүсийн харцнаас эмээж хамт гадуур хөтлөлцөөд алхахаар залуучууд муухай хараад зургаа цахим хуудсандаа хийхээр муу муухай сөрөг сэтгэгдэл их ирдэг байсан. Бүгд л мөнгө төгрөгтэй холбоод их хэцүү байсан. Тэглээ гээд би нөхрөө нууж хаахыг хүсээгүй зоригтойгоор нээлттэй байхаар шийдсэн юунаас ч айлгүй гэр бүлийнхээ талаар нийтлэх дуртай. Сүүлийн үед залуус зөв хандлагатай болж биднийг зөвөөр ойлгож хүлээж авах нь их болсон байна лээ. Биднийг дэмжиж хүлээн зөвшөөрдөг хүмүүс их байдагт талархаж явдаг. Хэн ч хүний амьдралыг заах шүүх эрхгүй. Бид нэг л дэлхийн хүмүүс. Зүрхний хайр толгойн ухаанд захирагддаггүй. Би зүрхээ л дагасан...“ гэв.

Өглөөний 06:00 цагаас эхэлдэг амьдрал

Чойгийн нэг өдрийн амьдрал өглөөний 06:00 цагт эхэлнэ. Ажилдаа явахдаа бэлдэж, Араныхаа цэцэрлэгт авч явах зүйлсийг цэгцэлж, хайртай эхнэр, хоёр хүүхдээ үнсээд гэрээсээ гарна. Гарахаасаа өмнө Чой Араны ангидаа авч явдаг аяга халбага сэрээг цүнхэнд нь хийгээд ханиадтай, эм уух ёстой бол уух  хэмжээгээр нь бэлдээд ширээн дээр тавьчихана. Харин Г.Должирсүрэн Аран хоёр 07:00 цагт босч цайгаа ууж, бэлтгэлээ базааж 08:00 гэхэд гэрээсээ гарна. 8:10 минутад цэцэрлэгийн автобус  ирж гэрийнх нь гаднаас авна. Араныг автобусанд нь суулгачихаад буцаж орж, Бурамтайгаа өдөржин хамт байна. Гэрээ цэвэрлэнэ, угаалга хийнэ, хоолоо бэлдэнэ. Цаг зав гарвал  шинээр будалт туршина. 17-18:00 цагийн үед Чой охиноо цэцэрлэгээс нь аваад “Бид ирлээ” гэсээр орж ирдэг.

“Ингэж гэр бүлээрээ орой цуглах цаг хамгийн гоё. Хамтдаа хоолоо идэцгээнэ. Хүүхдүүд маань 21.00 цагт  унтдаг болохоор 20.30 минут хүртэл Чойтой хамт тоглоно. Чой Араныг би Бурамыг унтуулаад 21.00 цагт хоёулаа буйдан дээрээ уулздаг. Намайг гэртээ юу хийсэн, Чойгийн ажил ямар байсан талаар ярилцаж хүүхдийнхээ цэцэрлэгийн тэмдэглэлийг уншиж өдрийг яаж өнгөрүүлж ямар хоол идсэнийг нь уншиж танилцдаг. Хамтдаа кино үзэж, 00.00 цагт унтаснаар гэр бүлийн минь нэг өдөр дуусдаг” гэдгийг Г.Должирсүрэн ярилаа.

Тэд хамтын амьдралаа эхлүүлээд Монголд гурав, Солонгост хоёр жил амьдарчээ. Эмэгтэй хүн нэг насныхаа ханийг сонгоно гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэр гэж би боддог. “Ээж маань хүний хүүхдийг хайрлаж энэрдэг эр хүн эмэгтэй хүнийг хатан шиг байлгаж чадна гэж захьдаг байсан. Энэ үг нь ч үнэн гэдгийг нөхөр маань баталсан болохоор би амьдралдаа өөрийнхөө сонголтод үргэлж сэтгэл хангалуун аз жаргалтай амьдардаг юм” гэсэн Г.Должинсүрэнгийн үгээр нийтлэлээ өндөрлөе.

 

                                                                                                                               С.Ичинхорлоо