НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Уриалгаар дамжуулж Засгийн газарт хандсан НҮБ-ын мэдэгдэл
Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын багаас Засгийн газар болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, олон нийтэд хандан уриалж байна.
Бид Монгол Улс хүүхдийн эрхийг дээдлэн, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлж, тэдний сайн сайхны төлөө бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдгийг сайшаан дэмжиж ирсэн билээ.
Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн орсон НҮБ-ын гишүүн улс болохын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцод Монгол Улс нэгдсэн орсноос хойш хорин жилийн хугацаанд монгол хүүхэд бүрийг хүүхдийн хөдөлмөрөөс, тэр дундаа аюулгүй байдал, эрүүл мэнд, ёс суртахуунд нь хохирол учруулж болзошгүй бүх төрлийн хөдөлмөр эрхлэхээс хуулийн хүрээнд хамгаалсан юм. Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын дотоодын хууль тогтоомждоо тусгасан бөгөөд үүний дотор хүүхдийг хүчирхийлэх, мөлжихийг хориглодог Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, саяхан Монгол Улсын Их хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаж болно.
НҮБ-ын Монгол Улс дахь Удирдлагын баг нь НҮБ-ын Хүний эрхийн шинжээчдээс ирүүлсэн удаа дараагийн ажиглалт, зөвлөмжид үндэслэн 2019 оны 12 сарын 20-нд мэдэгдэл гаргаж, улмаар 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад албан захидал илгээсэн билээ. Уг мэдэгдэлд дурдсанчлан хурдан морь унаач хүүхэд гэмтэх, улмаар амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад туйлын их харамсаж байгаагаа үүгээр дахин илэрхийлж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт Нэгдсэн Үндэсний Байгууллага гүнээ найдаж байна.
НҮБ-аас Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, эцэг эх, асран хамгаалагч, морины эзэд, уяач, бизнес эрхлэгч, олон нийтэд хандан Монгол Улсын хүний эрхийн олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийг уриалж байна. Монгол Улс дахь НҮБ нь Монгол Улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй Монголын бүх хүүхдэд сайн сайхан ирээдүйг бий болгож, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн аливаа санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж ажиллахдаа хэзээд бэлэн байх болно.