С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Аниргүй жимийн ДУУН ХӨРВҮҮЛЭГЧ
Түрүүч нь http://uzeg.info/i/2916 , https://uzeg.info/i/2946
Хатан хааны энтэй хаустай болсон нь...
Одоо ч тэдний гэр хоосон шахуу. Аав, ээжийн гэрээс өрх тусгаарлахдаа ч тийм байсан. Байгаа юмаа тордоод явсаар энэ хүрлээ. Оюунаа эгчийн элссэн “Хайрхан” клуб үе үе аялал зохион байгуулна. Тэрэнд яваад ирэхэд цаанаасаа мартагдашгүй дурсамж үлдээж, бичнэ. Бага, залуу насны ангилал тогтоохгүйгээр хүмүүстэй танилцах нь Оюунаа эгчид сайхан мэдрэмж. Хүмүүсийн зан характер тухайн орон нутгаасаа шалтгаалаад тэс ондоо. Хаа явсан газраа нөхөрлөлийн холбоо үүсгэж эргэх холбоотой байдаг нь түүний зан. Ямар нэгэн байдлаар найз болчихсон байна.
Үр хүүхдээ багаас нь хүнлэг, зөв хандлагатай өгсөж, өөрсдийн дуртай юмаа хийхийг зөвлөнө. Зарим найз нь хэлнэ, хүүхдээ хажуудаа аваад сурга зэргээр. Алсуур томоор сэтгэдэг учраас Энхбат ахад найдна. Өрхийн тэргүүн өөрөө амьдралын үр хүүхдийнхээ луужин. Туулахаа туулна, үзэхээ үзнэ. Саад бэрхшээл тодрох бүрд даваад л гарна. Гэр бүлд ганц дүрэм үйлчлэх учиргүй. Энхбат ахын аав Дангаасүрэн эцсийн амьсгалаа хураах хүртлээ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа тавьдаг нэгэн байсан гэдэг. Эдийн, засаг түүхийн ухааны доктор хэргэмтэй. Сор болсон сэхээтэн явах үедээ үзэл санааны ялтан болж ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авахуулж байсан нэгэн. Аавынхаа уг идеалийг Энхбат ах өвлөсөн нь Монгол Улсаа гэх хэнхэг. Өөрөө ч “Аав шигээ болж байна даа” хэмээн хааяа ярина. Өдгөө Оюунаа эгч 70 насныхаа зүг явж байна. “Хэрвээ 30 настай байсан бол” хэмээн даруухан өгүүлэх түүний сэтгэл хэзээний залуу сэтгэлгээ нь ноёлдог мэт.
Залуу байхад амралт гэж байхгүй. Гэдэг нь өөрт ногдсон ажлаа хийгээд явахыг чухалчлах нь илүү жин дарна. Энхбат ах, Оюунаа эгч хоёулаа тийм он жилийг туулсан хүмүүс. Нас тогтоод, ажил, амьдрал нь тогтворжоод ирэхийн цагт эсрэгээрээ өөрсдөдөө цаг гаргах нь олшров. Гадагшаа, дотогшоо явахдаа эхлээд төлөвлөгөө, маршрут гаргана. Ихэвчлэн аяллын агентлагаар дамжуулна. Энэ нь амар, тодорхой мэдээллийн хүрээнд, аяллын хөтөчтэй явах ойр.
Энхбат ахыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр Тайландад асар том хааны орд харш худалдаж авсан тухай мэдээлэл цацагдсан. Нэр дэвших үеийг тодорхой өгүүлэх болохоор зөвхөн гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болсон асуудлыг багахан сийрүүлье. Уг нь амралтаараа хамгийн их ирэн, очдог газар нь Тайланд. Очих бүрд зочид буудалд бууж, байрлана. Айхтар үнэтэй биш ч цэвэрхэн, тохитойг нь сонгож таарна. Өвөл болгон очдог, тэгэхдээ багадаа хоёр сар байрладаг учраас өөрийн гэсэн жижигхэн өмчтэй болохыг эрмэлзэж. Тэр нь зочид буудлын нэг өрөө. Буудлын эзэн ч өөрөө санал болгожээ. Унтлагын том ор, жижигхэн шүүгээ, хоол идэх жижигхэн ширээ, аруин цэврийн өрөөтэй. 7-10 хоногтоо буудлын зүгээс орж ирээд ариун цэврийн хэрэглэл тэргүүтэй бас бус юмыг нь цэвэрлээд өгчихөнө. Тодорхой хэмжээний төлбөртэй. Гэтэл сонгуулийн уур амьсгалын нөлөөнд Тайландад хаус авсан мэтээр бичсэн нь олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлэх сэдэл болжээ.
Инженер гэхээсээ улс төрд явсан он жилүүдэд өөртэй нь хамаатуулж олон арван дайралт Энхбат ах руу нэг бус удаа иржээ. Тэр бүгдийг хүндрүүлж, бухимдаж хүлээж авах бус Оюунаа эгчийн хамт инээлдээд өнгөрүүлнэ. Таньдаг, мэддэг нь тэгж ярихаар өрөвдөлтэй санагдах ч огт хамааралгүй нийт масс нь бусдын амаар цуурцгаана. Хүний, бусдын үгээр ярьж байхаар болохоор тоохгүй өнгөрөөх нь энүүхэнд. Хэрэггүй стрессдэж, цаг үрэхийн нэмэр гэдгийг тэд сайн мэддэг болохоор. Энэ хугацаанд Оюунаа эгчийг хамгийн эмзэглүүлсэн нэг зүйл бий. Энхбат ахыг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхад аавтай нь холбож дайрч, давшилж асан асуудал нь Ерөнхийлөгчийн сунгаагаар ээж рүү нь чиглэжээ. Тийм агуулга бүхий зүйлийг бичиж нийтэлсэн талаар нэг танил нь Оюунаа эгчид дуулгаснаар олж уншсан байна. Унших нь битгий хэл ойлгоход бэрх. Урам хугарлаа. Нөхрөө өмөөрч буйдаа биш. Хүний өгөгдөл нь ямар өчүүхэн, жижигхэн байдаг юм бэ? гэсэн бодлогошрол...
Энгийн хэрнээ Эрхэмсэг оршихуйгаар гэрэлтэх нь
Эзэмшсэн мэргэжил, төлөвлөсөн ажил, түүнд хүрэх том зорилго, эхлүүлснээ дуусгаж байж санаа амардаг Энхбат ахын зарчим гэр бүлдээ цаг гарах боломж олгохгүй. Ихэвчлэн залуу насанд нь. Хүний амьдралын хамгийн оргил, эцсийг нь үзэж байж тайвширдаг идеал нь өөрөө залуу насны имиж бас ямар нэгэн чимэггүй гоёл. Энэ бүгдэд арын албыг бат хариуцах найдвартай тулгуур нь Оюунаа эгч. Том хүү нь хааяа хичээлээ тасална, үе тэнгийнхэнтэйгээ нийлж тэгсэн, ингэсэн гэх яриа сонсогдож, чихнээс хонх уях үе цөөнгүй. Эрэгтэй хүүхдэд байдаг, байх ёстой л зан. Заримдаа эцэг, эхийн хурал дээр асуудал ярихад Оюунаа эгч, хүүгийнхээ хамт босч зогсоод загнуулна. “Яагаад тэгсэн юм миний хүү? Дахиж ээжийгээ битгий босгоорой” гээд аргадана, хүүгээ. Угаасаа тэд ширүүн, хаалттай уур амьсгал дунд хана хэрэм босгоод суучихсан аав, ээж байсангүй. Гэхдээ энэ нь Энхбат ахыг гэр бүлдээ огт цаг зав гаргадаггүй гэсэн үг биш.
Хэрэгтэй юманд оролцоод явна. Дэмжинэ, тусална, ярилцана, ойлголцоно. Оюунаа эгчийн ачаасан хөнгөлнө. Оюунаа эгч шийдэх юманд тэр бүр оролцохгүй. Мэдэж, анзаарсан ч чимээгүй орхино. Хүүхдүүдтэй холбоотой асуудал гарах бүрд ааваас нь нууна, өөрөө зохицуулна. Заримдаа суран бүс бариад эргүүлэх тохиолдол гарна. Тэртээ тэргүй ажилдаа хариуцлагатай, цагандаа харам байдаг нь Энхбат ахын амьдралын дадал.
Энхбат ах, Оюунаа эгч хоёрын залуу насыг одооныхтой харьцуулбал тэнгэр, газар шиг зөрүүтэй, тэмээ, ямаа шиг ялгаатай. 10 жил, их сургуулиа төгссөний дараа эрхэлсэн ажлаа хийхээс өөрөөр гоёж, гоодох, брэндийн араас хөөцөлдөх бодол үгүй. Зав ч байхгүй. Оюунаа эгчид ч тийм бодол төрж байсангүй. Эмэгтэй хүн юм болохоор гоё ганган байх нь мөнхөд байх асуудал. Орь ганцаараа, өнчин өссөн ээжид нь гоёж гангалах тухай сэдэл огт төрөөгүйтэй адил Оюунаа эгч ч тэрхүү замналыг нь үргэлжлүүлсэн гэлтэй. Хүн эцэг, эхийнхээ толь, яаж өсгөнө, түүгээр нь дуусна гэдэг үнэн. Оюунаа эгчийн охин ч ээж шигээ харагдах байдал нь энгийн атлаа дотроо эрхэмсэг оршихуй нь гэрэлтэж байдаг нэгэн.
Нэг талаас муу ч биш, сайн ч бус зүгээр тухайн хэв загвараар явчихсан хэрэг. Нөгөө талаас гоё сайхан болохоороо уран сайхан ажилладаг хүмүүс бас бий. Оюунаа эгч одоо л үүнийг бодож буйгаас хаан, хатан шиг хувцасласан хэн нэгнийг үгүйсгэж харах үе олон байсан гэдэг. Эргээд бодоход хүний л сонирхол байж.
Шинэ аялал, том зорилго, мартагдашгүй дурсамж
Төлөвлөгөөгүй бол ажил явахгүй. Тодорхой төлөвлөж, зорихгүйгээр мянга сайхан гоё, ярьж мөрөөдөд түүндээ хүрэхгүй. Эхний шатаа ч давж алхаж чадахгүй нь туйлын үнэн. Энхбат ах эхнээсээ төлөвлөгөөнд суурилсан, тэр нь интернэтийг Монголд оруулж ирэх. Түүндээ ч хүрсэн.
Ажил явдгаараа явж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр гэнэт нэг өдөр хамгийн тод, том шийдвэр гаргах цаг хугацааны хэмжүүр Энхбат ахад ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болов. Парламентад суудалтайн хувьд “Зөв хүн Электорат” эвслээс Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэхээр болж, тэрхүү мэдээ нь орон даяар түглээ. Мандатаа ч авчихлаа. Тэгсэн том хүү нь мэдсэнгүй, залгаж байна. “Ээжээ ааваас бизнесийн зөвлөгөө авах гэсэн юм. Сая интернэт орж харсан чинь юу вэ? Аав Ерөнхийлөгчид нэр дэвшчихсэн юм уу? гэжээ. Харин бага хүү нь аргагүйн эрхэнд жолоо барих хэрэгтэй болсон байна. Охины хувьд бүр хол хөндий, бараг тоож байгаа юм алга. Өөрийнхөө ажлыг хариуцаад явжээ. Ажил бол ажил. Энэ бол эдний гэр бүлийн хамгийн энгийн атлаа алтан дүрэм.
Инженер хүн сонгуулийн прогнозыг хэдийнэ урьдчилж тооцсон байдлаар гадарлана. Оюунаа эгч арай өөрөөр хүлээж авсныг ч хэлэх үү. Нийгмийн, түүнийг хөдөлгөгч гол хүчин зүйл залуусын зүгээс ирж байгаа дэмжлэгээр боломж байгаа ч юм шиг тийм нэгэн бодол. Тэрийгээ ч нөхөртөө ил цагаан хэллээ. Анхандаа Оюунаа эгчийн хэлсэн үг нь “Одоо ингээд явбал яв. Явахгүй бол энэ гал тогоонд дахиж улс төр битгий яриарай” хэмээх өгүүлбэр. Олон талаас нь ч харж, судалж, ярилцсанаар эцсийн шийдвэрийг гаргалаа. Нэгэнт шийдсэн бол эцсийг нь үзэж байж салдаг нь Энхбат ахын залуугийн зан.
Сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Нэр дэвшигчид хуваарь ёсоор 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт зохион байгуулав. Янз бүрийн санал бодол, байр суурьтай сонгогчидтой уулзана. Санаа оноогоо уралдуулна. Энэ бүгд нь Энхбат ах, Оюунаа эгч хоёрын амьдралд дахин давтагдаж, мартагдашгүй шинэ дурсамжийг бүтээж, оюун санаанд нь дархлан үлдээжээ. Хааяа нэг гал тогоондоо сууж байхдаа өөр хоорондоо сануулж, ярилцана. Мэдээж одоо цагт. Уулзалтад цөөн тооны хүн ирнэ. Тэр бүгд зүрхэнд хүрнэ. Нэрийг нь дэвшүүлж, дэмжсэн залуусыг Энхбат ах эчнээ таних ч Оюунаа эгч мэдэхгүй. Улс төрийн ойлголтын талаар таг төвшний хүн.
Нэр дэвших эрхээ авсны дараа “Би явж болох юм уу?” гэхэд “Болно” хэмээгээд тэд хамтдаа богинохон өдрүүдийн уртын дурсамжаа бүтээхээр хөтлөлцөөд алхлаа. Үнэндээ Энхбат ахад нам байхгүй, араас нь удирдан чиглүүлэх улстөрч үгүй, цэвэр өөрөөрөө. Эхнэрээс нь өөр Д.Энхбат гэж хүнийг нэгд нэгэнгүй мэдэх хүн үгүй учраас Оюунаа эгчийг дахин түших шаардлага тулгарав. 40 жилийн турш арын албыг бат түшсэн хүн сар гаруйн хугацаанд эр нөхрийнхөө үйл хэргийг дэмжихэд алдах юм юу байх вэ? Хамт туулж ирсэн замнал хамтдаа л дуусна.
“Энэ ямар ааштай хаалттай хүн бэ?”
Нэр дэвшигчийн сонгуулийн штабын Пи-Арын багаас хоёр хүн гэрт нь ирэв. Жинс подволкноос өөр юмгүй нэр дэвшигчдээ албан шаардлага тавьж эхэллээ. Хувцас хунараас эхлээд олон юм шинээр авах хэрэгтэй болов. УИХ-д сууж байхад нь цамц, зангиа индүүдэж байснаас Оюунаа эгч хэдийнэ төсөөрчээ. Яагаад ч юм “Форум” нэвтрүүлгийг хөтлөгч байхад шинээр дурласан эхнэр нь улстөрчийн хувиар дургүй ч юм уу? гэлтэй. Үнэндээ аятайхан хувцас байсангүй. Намаас өгсөн үүрэг даалгавраар сонгогчдод аятайхан харагдах ёстой. “Энхбат гуайн хувцасны шүүгээг үзье” гэсээр шуудхан л тулгаж байна. Тийм юм байхгүй, уг нь. “Байхгүй” гэсэн ганц үгтэй Оюунаа эгчийн хариултад нэрэлхсэн дээ, худлаа ярьж байна уу, хэмээн бодсон байж мэднэ. Эргэлзэж, тээнэгэлзэж байгаа нь илт. Эрхэлдэг ажил, энэ хүртэл үүсгэн байгуулсан орон зайн хувьд байх л ёстой гэсэн төсөөлөл, тулгалт. Шалгаж үзлээ, юм гэхээр юу ч байсангүй.
“Зураг авалт болно. Тиймээс аятайхан хувцас хэрэгтэй” гэсээр шалж байна. Оюунаа эгч учир байдлаа хэллээ, ойлгууллаа. Ганц ширхэг цагаан цамц, зангиа байхгүйгээ учирлалаа. Цайны нэг пиджактай, гэхдээ өмдгүй. Дээл байна уу? байхгүй. Малгай бүс... Дээлгүй хүнээс асуугаад ч нэмэргүй. “Энэ ямар ааштай хаалттай хүн бэ?” гэж ойлгохоор харилцан яриа тэгэхэд өрнөсөн хэрэг. Сурагч байх үеийн омголон шазруун зан нь тэр үед дахин оволзсон гэмээр “Хөдөө очоод малчин хүнээс авдраа уудлаад хослол байна уу?” гэж асууж байгаатай адил 20 жил Гачууртад амьдарч байна. 10 жил хослолоос хол хөндий байгаа хүн. Байгаа нь гэвэл хэдэн дотуур өмд, оймс байна гэх нь холгүй тоочиж орхиж. Баталгаажуулаад үзсэн ч ярианаас огт зөрсөнгүй, бодитой тайлбар.
Өнөөдүүл нь ч ойлголоо гэсээр дэлгүүр рүү дагуулаад явлаа. “Хан Бүргэдэй” рүү очтол хаалттай байж таарав. Дээгүүрээ ярьж, тохироод хэд хэдэн солионы цагаан цамц, зангиа авлаа. Дээл хувцас ч хослуулж, хоршуулав. Уг нь Оюунаа эгч үнэнээ хэлээд байгаа юм. Гэтэл итгэхгүйгээр барахгүй лавшруулж асуусаар хэн хэндээ буруу ойлголт төрүүлэх шахсан гэсэн үг. Угаасаа хаа нэг сольж гангараад байх албаны хувцас хотод хүүхдүүдийнх нь орж гардаг гэр, Гачууртын зусланд нь ч байхгүй. Уул хаданд өмсдөг зориулалтын хувцас хэрэглэл, хот руу орохоороо гангардаг жинс, подволк төдий. Биед эвтэйхэн бас амар. Бүхэл бүтэн нам, эвсэл төлөөлж нэр дэвшиж байгаа хүний эхнэр хувцаслалтандаа зөвлөгөө авахгүй гэж гэдийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлмээр тийм л мэдрэмж. Нарийн яривал хоёр өөр ертөнц. Үнэнээ л хэлсэн, ойлголцсон.
“Ээж нь хоол хийнгээ таван гар сууж байна аа”
Хуульд зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нийтэд мэдээлсэн өдрөөс эхлэн төрийн хамгаалалтад авна. Энэ заалтаар Энхбат ах гэр бүлийнхээ хамт төрийн хамгаалалтад орлоо. Гэртээ орж ирсэн даруйдаа хэлж байна, “Оюунаа хамгаалагч гээд хэдэн залуус байнга дагаад явж байна” гэлээ. Хариуд нь “Хаана хонох юм” гэтэл “Мэдэхгүй ээ” хэмээж. Гачууртын байшиндаа хоёр биенээсээ шалгаан, хариултаа ололгүй хэсэгтээ тийн зогслоо. Оюунаа эгчийн хоббийнд хөтлөгдөн авч хэрэглэсэн, хэрэглээгүй аяллын хөнжил, гудас дээд өрөөгөөр нэг. Гэнэтхэн мэргэн санаа төрсөн нь “Манай дээд талд хоосон өрөө бий. Тэндээ унтуулж болох юм байна. Хоол ундыг нь бол өөрөө зохицуулна” гэсээр ойрхон юм боджээ. Гэтэл “Үгүй” гэсэн хариуг тэр дор нь авлаа. Угаасаа төрийн ажил өөрөө цаг нартай, хуультай, дүрэмтэй, хариуцлагатай байх учиртай. Айлын дээд өрөөг эзгүйчлээд амарч, төвхнөх эрх тусгай албаныханд байхгүй.
Шаардлагатай нөхцөл байдал үүсэхгүй бол гэр орон руу орж ирэхгүй. Үүдэнд эсвэл гадаа. Нэгэнт нэр дэвшлээ. Тийм болохоор хаа байсан Гачууртад байх зохимжгүй. Угаасаа энгийн амьдраад сурчихсан гэр бүлд үүргээ биелүүлж байгаа алба хаагчдад хүндрэл учруулаад байх нь сэтгэлд нийцэхгүй, бүтэн нойртой ч хонохгүй. Тэгэхээр Улаанбаатар орж орон сууц түрээслэх ёстой гэснээр хэсэг хугацаанд буйр сэлгэжээ. Хамгаалалтын албанхан ч хашаанд хяналт тавьж байхаар өөр орчинд байх нь амар.
Төрийн тусгай албаны алба хаагчид гэдэг олон таван үггүй хүмүүс. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ, хамгаалах ёстой хүнийхээ аюулгүй байдлыг хангана. Тогтоосон дүрмээрээ л явна. Өдөр бүр дөрвөөс таван хамгаалагч ээлжилж хариуцна. Хүү нь залгаж байна, Оюунаа эгч рүү. Тэгэнгүүт “Ээж нь хоол хийнгээ таван гар сууж байна аа” хэмээн хүүгээ цаашлуулна. Төрийн өмнө үүрэг хүлээж, хамгаалтад зогсож байгаа хүмүүс Оюунаа эгчтэй хөзөр тоглоод суухгүй нь мэдээж, энэ бол зүгээр хошигнол. Хүүхдүүд шиг нь харагдаж байгаа ч цаанаасаа л цэмцгэр ажлаа яг цав хариуцаж, гүйцэтгэдэг залуус.
Өглөө сэрээд босоод гарна, үүдэнд сууж л байна. Орой нь ор гаргаж өгөлтэй нь биш суух сандлаар “хангана”. “Даарсан уу? Халуун цай уу” гээд л тэдэндээ халамж тавина. Хүүхдүүд нь ээлжлээд хоол, ундыг нь зөөнө. Амьдралынхаа туршид төрийн хамгаалалтад орж үзээгүй ч өөрсдийнх нь аюулгүй байдлыг хонон өнжин хариуцаж байгаа залууст анхнаасаа халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн нь энэ. Өөрсдийн огт мэдэрч үзээгүй, ажил хөдөлмөрийг тэр үед мэдэрч, ойлгож, анзаарсан нь эргээд бодоход гэгээлэг дурсамжаас гадна хамгийн бодууштай.
Оюунаа эгчийн дууддагаар Ээгий ах тэр хоёр Гачууртад амьдарснаас хойш сүүлийн 10 гаруй жил телевизийн бараа хараагүй гэнэ. Гайхширч, эргэлзэж болох ч зурагтгүй байлаа гээд мэдээллээс дутаж, хоцрохгүй. Тэр тусмаа технологийн эрин зуунд. Улс төрөөс хол хөндий хүмүүст энэ нь ч амар гэнэ лээ.
Дангаасүрэнгийн Энхбатыг Монгол Улсад интернэтийг оруулж ирсэн гэдгээр бид мэддэг бол Дашдаваагийн Оюунцэцэгийг түүний эхнэр гэдгээр нь эчнээ танина. 1978 оны хоёрдугаар сарын 9-ний өвлийн тэр нэгэн өдөр. 18 насныхаа төрсөн өдрийг аав, ээжтэйгээ тэмдэглэчихээд буцаад сургууль руу гэнэхэн, гэгээхэн хүсэл тэмүүлэлтэй Д.Оюунцэцэг, инженер болох чин хүсэл нь хожим эх орноо интернэтэд холбосон давилуун зорилготой Д.Энхбатын харцанд өртсөн тэр нэгэн өдөр. Түүнээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Хамтын амьдралаа бүтээсэн хагас зууны энтэй он жилүүд. Бүрэн зураглалаар нь харвал өнгөрснөөс өдийг хүртэл туулсан тэдний амьдралын замнал, зарчим, зангараг нь бүхэлдээ АНИРГҮЙ ЖИМ ч юм шиг. Харин түүнийх нь ДУУН ХӨВРҮҮЛЭГЧ нь маргаангүй Д.Оюунцэцэг хэмээх энгийн хэрнээ эрхэмсэг оршихуйгаар гэрэлтсэн эмэгтэй ажээ.
С.Гандөл