НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Т.Доржханд: Мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна
ХҮН-аас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Тус намын дарга Т.Доржханд "Нөхөн сонгуулийн дүнд бид нийтээрээ харамсаж байна. Сонгогчдын 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Эрх баригчид машин машинаар иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Маш олон хүнийг зөөсөн ч сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явбал ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөл байдалд байна.
Иргэдийн 60 хувь нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэжээ. Эрх баригч болоод улс төрийн намуудад өгч буй маш том сануулга гэж бид харж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд шатахууны хомсдол үүсэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Үүнийг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан боллоо. Иргэд эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна.
Үнэндээ Монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна. Сонгуулийн дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авахыг эрх баригч болон бусад намд уриалж байна" гэв.