НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
О.Цогтгэрэл: 300 гаруй мянган хүн баялаг бүтээж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Манайх 3.3 сая хүнтэй. Үүний 2.2 сая нь насанд хүрсэн. 1.2 сая нь ажил хийж байгаагаас 600 мянга нь нийгмийн даатгал төлж байна. Чанартай ажлын байр бий болгож байгаа хэсэг нь энэ. Үүнээс төрийг хасвал бараг 300 гаруй мянган хүн хувийн хэвшилд ажиллаж, баялаг бүтээж байна. 3.3 сая хүний 10 хувь нь чанартай ажил хийж, баялаг бүтээж, бусад нь төр болон халамжаар амьдарч байна. Хүн амын 10-хан хувь чанартай ажлын байртай байгаа юм биш үү. Цахилгааныг төрөөс хөнгөлж байгаа. Өвлийн цагт эрчим хүч ямар байх вэ. Шатахуун тасардаг шиг эрчим хүчний тасалдалд орох юм биш биз дээ. Та нар орлого олж засвар үйлчилгээгээ хийж чадаж байгаа юу" гэдгийг онцолсон юм.
Хариуд нь "2020 оны жилийн эцсээр эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Төрөөс эрчим хүчний төлбөрийг дааж байгаатай холбоотойгоор хэрэглээ огцом өссөн. Өнөөдрийн байдлаар ачаалал 100 орчим мВт давахаар байна. Өвлийн их ачааллыг давахын тулд Эрдэнэт, Дарханы цахилгаан станцыг өргөтгөж чадсан. 70 мВт-аар нэмэгдүүлсэн. ОХУ-аас 100 мВт нэмж авах хүсэлт тавьсан. ОХУ арванхоёрдугаар сарын 15-нд шугамын өртгөлийн ажлыг дуусгана гэсэн. Ингэвэл бид хэрэглээгээ хангаад байж болно. Төрөөс даах хөнгөлөлт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна. Ингэснээр цахилгааны хэрэглээ буурна" хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэллээ.