НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
“Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлнэ
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2021 оны есдүгээр сарын 30-ны өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсан хараа 2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн хуримтлал бий болгоход шаардагдах тогтолцоог бүрдүүлнэ гэж заасан байдаг. “Хуримтлалтай хүүхэд” арга хэмжээг Ирээдүй өв санд төвлөрөх тухайн жилийн орлого, арилжааны банкан дахь хүүхдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр байршуулахаар төлөвлөж, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа ба уг төсвийг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд хамааруулах зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зориулалтад өөрчлөлт орсноор иргэдийн амьдралын чанар, өрхийн орлогод ямар өөрчлөлт орох талаар судалгаа хийсэн эсэхийг М.Оюунчимэг гишүүн тодруулав. Одоогоор 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгож байгаа бөгөөд цар тахлын нөхцөлд бодлогын дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 35 хувьд хүрэх магадлалтай байсан ядуурлын түвшинг 21 орчим хувьд барьж чадсан гэх урьдчилсан судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан болохыг А.Ариунзаяа сайд мэдээллээ. Ирэх онд “Хуримтлалтай Монгол хүүхэд” хөтөлбөр болгох ч нэн шаардлагатай айл өрхүүд хүсэлтээ гаргасны үндсэн дээр бүрэн болон тал хувиар нь авах боломжийг нээлттэй зохицуулсан гэв. Энэ хүрээнд нийт өрхийн 20-30 хувь нь дээрх хувилбарыг сонгох магадлалтай хэмээн тооцоолоод байгаа аж.